Оросын хийн нийлүүлэлтийг хязгаарлав: Германы Эдийн засгийн яам Deutsche Energy Terminal компанид Оросоос шингэрүүлсэн байгалийн хий (LNG) хүлээн авахгүй байхыг үүрэг болгож өнгөрсөн долоо хоног тус компанид албан бичиг хүргүүлжээ. Албан бичигт Германы Брунсбюттель боомтод ирэх гэж буй Оросын LNG ачааг хүлээж авахгүй байхыг анхааруулсан байсан бөгөөд энэ нь тус улсын Оросын хийн хамаарлаас ангижрах зорилготой холбоотой хэмээн тайлбарлажээ. Энэ оны эхний хагас жилийн байдлаар Европын холбооны байгалийн хийн импортын 20 орчим хувийг Орос хангасан байна. Үүний зэрэгцээ, Лондон хотын ICE биржийн мэдээллээр Европын байгалийн хийн үнэ Пүрэв гарагт мянган шоо метр тутамд 500 ам.доллараас давсан нь 2023 оны 11-р сарын 28-наас хойших анхны тохиолдол байв.
Загас агнуурын маргаан: Европын Холбоо Сенегалтай байгуулсан загас агнуурын хэлэлцээрээ сунгахгүй гэдгээ мэдэгдэв. Учир нь Сенегал Улс Брюсселиэс тавьсан шаардлагыг үл тоон хууль бус, зохицуулалтгүй загас агнуурыг зогсоох талаар арга хэмжээ аваагүй хэмээжээ. 2019 оны гэрээгээр Европын холбоо жилд 10,000 тонн загас Сенегалын эдийн засгийн онцгой бүсээс барьж авах эрхтэй байсан ба үүнийхээ төлөө 8.5 сая еврогийн ($9 сая) төлбөр төлдөг байв. Харин Сенегалын Засгийн газар дээрх гэрээг Сенегалын загасчдын эрх ашгийг хамгаалах үүднээс цуцлах шийдвэр гаргасан хэмээн мэдэгджээ. Сенегалын Ерөнхийлөгч Бассиру Диомайе Файе 3-р сард сонгогдсоноосоо хойш уламжлалт түншүүдээ Сенегалыг мөлжиж байна хэмээн буруутгаж түнш орнуудаасаа зайгаа барина гэж мэдэгдсэн.
АНУ-БНХАУ-ын худалдаа: Хятад 2024-25 оонд АНУ-аас 30 сая тонн шар буурцаг импортлохоор төлөвлөж байгаа тухай Америкийн Шар буурцгийн экспортын зөвлөлийн удирдах албан тушаалтан мэдэгдэв. Мөн тэрээр Хятадын АНУ-аас импортлох шар буурцгийн импорт 2024 оны 9-р сарын 1-нээс 2025 оны 8-р сарын 31-ний хооронд 104.1 сая тонноос 138.3 сая тонн хүртэл өсөх төлөвтэй байгаа гэжээ. БНХАУ нь АНУ-ын шар буурцгийн хамгийн том импортлогч бөгөөд АНУ-ын экспортын тал хувийг дангаараа бүрдүүлдэг байна.
Хезболла руу зэвсэг нийлүүлэхийг зогсоож чадахгүй байна: Иран Сириээр дамжин Хезболла бүлэглэлд зэвсэг нийлүүлэхээ зогсооно гэсэн баталгааг Москва өгч чадахгүй хэмээн Сирид суугаа ОХУ-ын Ерөнхийлөгчийн төлөөлөгч Риа Новости агентлагт өгсөн ярилцлагадаа мэдэгджээ. Тэрээр Орос Ливанд гал зогсоох хэлэлцээ хийхээр хүчин чармайлт гаргаж байгаа ч Хезболла руу урсах цэргийн хангамжийн урсгалыг бүрэн хааж чадахгүй байна, Сири дэх Оросын цэргүүд зэвсгийн тээвэрлэлтэд хяналт тавих бус, террорист бүлэглэлүүдтэй тэмцэх үүрэгтэй гэдгийг онцолжээ.
Иран, Сири: Ираны дээд удирдагчийн ахлах зөвлөх Али Ларижани тэргүүтэй Ираны төлөөлөгчид Пүрэв гарагт Сирид айлчилжээ. Ираны хэвлэлүүдийн мэдээлснээр, тэд Сирийн Ерөнхийлөгч Башар Асад болон бусад өндөр албан тушаалтнуудтай хэлэлцээр хийх төлөвлөгөөтэй аж.
Ираны сүрдүүлэг: Тегеран Израилын эсрэг хариу довтлох төлөвлөгөөгөө хойшлуулсан гэсэн мэдээлэл гарсны дараа Ираны албаны хүмүүс Израилын эсрэг хариу цохилт өгнө гэж дахин сүрдүүллээ. Ираны хувьсгалт гвардын командлагч Хоссейн Салами Иран “өшөөгөө” авч, дайснууд нь “өвдөлттэй цохилт” авах болно гэж анхааруулав.
Дахин нэгдэх оролдлого: Хамас, Хезболла бүлэглэлүүдийн хүч ихээхэн сулраад байгаа ч өөр хэлбэрээр дахин зохион байгуулалтад орж байна гэж АНУ-ын Терроризмтой тэмцэх үндэсний төвийн түр орлон гүйцэтгэгч захирал мэдэгдэв. Тэрээр Израилын хил дагуух Хезболлагийн хуурай замын хүчин бүтнээрээ байгаа гэдгийг сануулж, Хамас бүлэглэл нь босогчдын хүчин болж шинэ гишүүд элсүүлэхийн зэрэгцээ бага оврын зэвсэг ашиглаж нам гүм, далд байдалд үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна хэмээв.
Путин, Мохаммед бин Салман: ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Саудын Арабын угсаа залгамжлагч ханхүү Мохаммед бин Салмантай утсаар ярьж, Украины мөргөлдөөн болон улс төр, худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн асуудлаар хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцсэн гэж Кремль мэдээлэв.
Батлан хамгаалах харилцаагаа бэхжүүлэв: Польшийн хойд хэсэгт АНУ, Польш хоёр НАТО-гийн шинэ пуужингаас хамгаалах шинэ баазыг нээлээ. Анх АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Бушийн үед Европыг Ираны баллистик пуужингийн аюулаас хамгаалах зорилгоор төлөвлөгдсөн уг байгууламжийг одоо Оросын түрэмгийллийн эсрэг хамгаалалт хэмээн үзэж байна. Москва уг байгууламжийг өөрийн цэргийн чадавхад сорилт болж байна хэмээн үзэж, хариу арга хэмжээ авах шаардлагатай гэж мэдэгдэв.
Казахстан, Катар: Казахстаны Сенат Катар Улстай цэргийн хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай хуулийн төслийг батлав. Энэхүү шинэ хууль нь хоёр орны хооронд хамтарсан цэргийн сургууль хийх, энхийг сахиулах ажиллагааны талаар зөвлөлдөх, агаарын орон зай болон цэргийн сургуулилтын талбайг харилцан ашиглахыг зөвшөөрөх юм.
Эх сурвалж: Financial Times, APA news, RIA, TASS, Reuters, New India Express, IRNA, IZ, Ynet.


Leave a comment