Дэд бүтэц: БНХАУ-ын дарга Си Зиньпин Перугийн Ерөнхийлөгчтэй Лима хотод уулзах үеэрээ Хятад, Перу хоёр улсын хооронд шинэ тээврийн коридор байгуулах талаар хамтран ажиллахаа амлав. Энэ зам Перугийн Чанкай боомтоос эхэлж, хуурай газар болон далайн зам, дэд бүтцүүдийг хамрах аж. Энэ коридор нь Перугаас Хятад руу явах далайн замыг 23 хоногоор богиносгож, логистикийн зардлыг 20 хувиар бууруулах аж.

Армени, Туркийн харилцаа: Тус хоёр улсын Гадаад хэргийн орлогч сайд нар өнгөрсөн долоо хоногт Турк – Арменийн хил орчмын нэгэн тосгонд нууц уулзалт хийжээ. Арменийн төлөөлөгчдийн дотор тус улсын Дэд бүтцийн болон Аялал жуулчлалын асуудал эрхэлсэн яамдын 10 төлөөлөгч багтсан байна. Талууд “хилийн төмөр замын шугамыг нээх асуудлыг хэлэлцсэн” байж болзошгүй аж. Тус хоёр улс одоогоор дипломат харилцаагүй байгаа юм.

Умард Солонгосын шинэ зэвсэг: БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун дотооддоо үйлдвэрлэсэн “амиа золиослох дайралтын дрон”-ы туршилтын нислэг, хөөргөлт, үйл ажиллагааг хянасан тухай тус улсын хэвлэлээр мэдээлэв. Ким туршилтад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, дронуудыг нэн даруй масс үйлдвэрлэлд шилжүүлэх, зэвсэглэлд нэвтрүүлэхийг тушаажээ.

Далайн цэргийн хүч: Оросын Тэнгисийн цэргийн командлагч Каспийн флотыг ойрын хугацаанд шинэ хөлөг онгоц, зэвсгийн системээр хангах талаар мэдэгдэв. Тэрээр уг нэгжийг урт хугацаанд бие даасан, иж бүрэн суурьтай, эргийн дэд бүтцийг хөгжүүлэх систем болгон хөгжүүлж байгааг онцолжээ.

Азербайжан, Хятад: Баку хотод зохион байгуулагдсан COP29 цаг уурын дээд хэмжээний уулзалтаар Азербайжан Хятадын компаниудтай сэргээгдэх эрчим хүч хөгжүүлэх хэд хэдэн гэрээ байгуулав. Үүнд “China Energy Overseas Investment” болон “SOCAR Green”-ийн хооронд Азербайжаны Физули дүүрэгт 160 мегаваттын нарны цахилгаан станц барих гэрээ багтаж байна.

Хятад, Гүрж: Хятадын Сычуань мужийн Мианян хот болон Гүржийн Поти хотууд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зуржээ. Энэхүү гэрээ нь технологи, эдийн засаг, боловсрол, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах зорилготой. 2023 онтой харьцуулахад энэ жил Гүрж болон Сычуань мужийн хоорондын худалдаа 68.7 хувиар өсжээ.

Эх сурвалж: China Daily, El Peruano, Hraparak Armenia, YNA, Interfax.

Leave a comment