Эх сурвалж: China Daily, El Peruano, Israeli Maariv, Al-Akhbar, New York Times, KCNA, Channel News Asia, TASS.

Өндөр цэцтэй пуужин ашиглана: АНУ-тай хэдэн сар хэлэлцсэний эцэст Украин АНУ-ын нийлүүлсэн 300 км тусгалтай баллистик пуужингаар Оросын Курск мужид цохилт өгөхөөр болжээ. Эхний ээлжид Украины цэргүүдийг Курскаас шахан гаргахаар оролдож буй Орос болон Умард Солонгосын цэргийн хүчний эсрэг ашиглах магадлалтай байна. Үүнтэй холбоотойгоор Британи, Францын 250 км-ийн тусгалтай пуужингууд ч мөн Оросын эсрэг ашиглагдах магадлалтай болж байна. Украины энэ шийдвэрийг АНУ-ын оролцоотойгоор “мөргөлдөөн”-ийг нэмэгдүүлсэн алхам боллоо гэж Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч хариу мэдэгдэл хийсэн бөгөөд В.Путин Оросын цөмийн зэвсгийн номлолыг шинэчлэн батлах хэлбэрээр  Украины талд “хариу сануулга” өглөө.

Хамгийн халуун цэг: Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун АНУ болон БНСУ-ын үйл ажиллагаанаас болж Солонгосын хойг “дэлхийн хамгийн халуун цэг” болсон, иймд БНАСАУ-ын зэвсэгт хүчин Япон, Өмнөд Солонгос, АНУ-ын цэргийн гурван талт хамтын ажиллагааны хариуд дайнд бэлтгэж, цөмийн зэвсгийн бэлэн байдлыг нэмэгдүүлэх шаардлагатайг онцлов.

Шинэ фронт: Иракийн нутаг дэвсгэрээс Израил руу хөөргөх дроны тоо огцом нэмэгдэж байгаа нь тус бүс нутагт “шинэ фронт” нээгдэж, мөргөлдөөн өргөжих вий гэсэн болгоомжлолыг нэмэгдүүлж байна. Хамгийн сүүлд Ням гарагийн шөнө Ирак дахь Ираныг дэмжигч “Исламын Эсэргүүцлийн бүлэглэл” Израилын Эйлат хот руу дроноор довтолсон юм. Иракт шинэ фронт нээгдвэл Израилын Газын зурвас, Ливанд явуулж буй хуурай газрын цэргийн ажиллагаа “хүч тарамдах, сулрах” боломжтой талаар Израилын хэвлэлүүд Моссад, ТТГ-ын эх сурвалжийг эш татан мэдээлж байна.

Батлан хамгаалах харилцаа: Филиппин, АНУ хоёр Даваа гарагт батлан хамгаалах салбарт цэргийн нууц мэдээлэл солилцох гэрээнд гарын үсэг зурж, Цэргийн хамтын ажиллагааг дэмжих зохицуулалтын төв байгуулахаар тохиролцов. Үүний өмнө АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин Австрали, Японы албан тушаалтнуудтай уулзаж, Японы цэрэг, зэвсгийн системийг Австрали, Британи, Америкийн гурван талт аюулгүй байдлын AUKUS хамтын ажиллагаанд татан оролцуулахаар болсон. Энэ хүрээнд Японы цэргийн тодорхой салбар нэгтгэлүүд хойд Австралид болох цэргийн сургуулилтад оролцоогоо нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

Ливанд гал зогсоох төлөвлөгөө: Ливаны удирдагчид АНУ-ын дэмжлэгтэй боловсруулсан Израил, Хезболла хооронд гал зогсоох төлөвлөгөөг хянан үзэж байна. Тус төлөвлөгөөнд Израилын хил орчимд 2,000 орчим цэрэг тогтмол байрлуулж, хилийн ажиглалтын цэг байгуулах, Ливаны Тагнуулын газрын өмнөд бүс дэх эргүүлийн тоог нэмэгдүүлэх асуудлыг тус тус тусгажээ. 

Иран-Сирийн батлан хамгаалах харилцаа: Ираны Батлан хамгаалахын сайд Сирийн Ерөнхийлөгч Б.Асадтай уулзаж, батлан хамгаалах, аюулгүй байдлын хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлаар хэлэлцжээ. Б.Асад бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой байдлыг дэмжихийн тулд “терроризм”-ыг устгах шаардлагатайг онцолсон бол Ираны тал батлан хамгаалах харилцааг бэхжүүлэх, терроризмын эсрэг хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг онцолсон байна.

Анхаарлын төв дэх Перу: Ням гарагт Перуд болсон Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын дараа Японы Ерөнхий сайд Шигеру Ишиба Перугийн Ерөнхийлөгч Дина Болуарте нар эдийн засгийн аюулгүй байдал, хоёр талын хамтын ажиллагааны талаар ярилцжээ. Мөн талууд дээд түвшний яриа хэлэлцээг өргөжүүлж, батлан хамгаалах мэдээлэл солилцоо, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр тохиролцсон байна. Үүний зэрэгцээ Өмнөд Солонгосын батлан хамгаалах компаниуд Перугийн компаниудтай хамтран ажиллах гэрээ байгуулсан бол Хятад Перугийн Чанкай хотод томоохон боомтод хөрөнгө оруулж, хөгжүүлэхээр болсон юм.

Орос, Ираны төмөр зам: Иран, Орос хоёр улс Ираны хойд хэсгийн Азербайжан улсын хилтэй ойр орших Парсабад хотоос Персийн булангийн Бандар Аббас боомт хүртэл Оросын стандартын цариг бүхий төмөр зам барих талаар хэлэлцэж байна гэж Орост суугаа Ираны Элчин сайд мэдэгдэв. Ираны Ерөнхийлөгч энэ төмөр зам нь Ираны ард түмэн, эдийн засагт ашигтай тул үүнд бэлтгэн Астара-Раштын замын барилгын ажлыг хурдавчлах үүрэг өгчээ.

Туркийн эсэргүүцэл: Европын холбоо Грекийн тэнгисийн ус, хилийн бүсийг харуулсан газрын зураг гаргасны дараа Турк улс үүнийг эсэргүүцэн өнгөрсөн Бямба гарагт эсэргүүцэл илэрхийлэв. Туркийн Гадаад хэргийн яамны мэдэгдэлд уг газрын зураг хууль зүйн хувьд хүчин чадалгүй бөгөөд Европын холбоо оролцсоноор Турк, Грекийн газар нутгийн маргааныг улам хүндрүүлж байна гэжээ.

Leave a comment