Эх сурвалж: Reuters, Twitter/X, SUNA, Yonhap News Agency, SOCAR, Telegram.

Гал зогсоох хэлэлцээр: Ливан, Хезболла нар АНУ-ын дэмжлэгтэй боловсруулсан Израилтай хийх гал зогсоох хэлэлцээрийн нөхцөлийн талаар нэгдсэн байр сууринд хүрч, саналаа Бейрут дахь АНУ-ын Элчин сайдад уламжилсан байна. Үүний дараа АНУ-ын тусгай элч Амос Хохштейн хэлэлцээг үргэлжлүүлэхээр Ливанд айлчилжээ. Харин Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Израилын цэргүүд Хезболлагийн пуужингийн хүчин чадлын 80 хувийг устгасан бөгөөд Хамасын засаглах чадварыг нураах төлөвлөгөө боловсруулахыг армидаа даалгасан тухай мэдэгдэв.

Их Британи, Энэтхэг: Их Британи Энэтхэгтэй худалдааны хэлэлцээгээ сэргээж, аюулгүй байдал, технологи, уур амьсгалын өөрчлөлт болон боловсролын чиглэлээр хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх хүсэлтэй буйгаа Британийн Ерөнхий сайд Кейр Стармер Бразилд болсон “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтаар Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модид илэрхийлжээ. Хоёр удирдагч чөлөөт худалдааны хэлэлцээрийг яаралтай эхлүүлэх талаар санал нэгтэй байгаа гэж Н.Модигийн алба гаргасан мэдэгдэлдээ дурджээ.

Гүржийн сонгуулийн дараах нөхцөл байдал: Европын холбооны техникийн баг Оросыг дэмжигч “Гүржийн мөрөөдөл” нам Гүржийн сонгуульд ялалт байгуулсны дараах нөхцөл байдлыг судлахаар тус улсад очно гэж ЕХ-ны Гадаад бодлогын дарга гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалтын дараа мэдэгдэв. Гадаад хэргийн сайд нар мөн Өмнөд Кавказын асуудал хариуцсан ЕХ-ны тусгай төлөөлөгчийн мандатыг өргөтгөх талаар хэлэлцжээ.

Эрчим хүчний олон талт эх үүсвэр: Азербайжаны Эрчим хүчний сайд болон Германы Эдийн засаг, цаг уурын сайд нар Азербайжаны байгалийн хий, ногоон эрчим хүчийг Европ руу экспортлохтой холбоотой асуудлуудыг хэлэлцжээ. Тэд эрчим хүчний зах зээлээ холбоход шаардлагатай дэд бүтцийн хөрөнгө оруулалт, Азербайжаны устөрөгч үйлдвэрлэх боломж болон Каспийн тэнгисийн салхины эрчим хүчний боломж зэргийн талаар ярилцжээ.

Тогтоон барих хүч: ОХУ цөмийн зэвсгийн номлолдоо оруулах нэмэлт өөрчлөлтийг Мягмар гарагт эцэслэн баталсан бөгөөд шинэчилсэн найруулгад Орос, Беларусь улсын нутаг дэвсгэр, бүрэн эрхт байдалд “ноцтой аюул” учруулж болзошгүй энгийн зэвсгээр хийсэн халдлагын эсрэг цөмийн зэвсэг ашиглах шалгуур, босгыг бууруулжээ.

Кабель таслагч: Балтын тэнгист байрлах хоёр холбооны кабель гэмтсэнтэй холбоотойгоор Их Британи, Франц, Герман, Итали, Польшийн Гадаад хэргийн сайд нар ОХУ “урьд өмнө байгаагүй”, “нөхцөл байдлыг хурцатгах” халдлага үйлдэж байна хэмээн шүүмжлэв. НАТО-гийн гишүүн орнууд кабель гэмтсэн асуудлыг шалгаж буй бөгөөд гэмтэл Финлянд-Германы хооронд болон Швед-Литвийн хоорондох кабелиудад нөлөөлжээ.

Оросын хориг: ОХУ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Суданд нэн даруй гал зогсоох, энгийн иргэдийг хамгаалах уриалгыг дэмжсэн тогтоолд хориг тавив. Орос Аюулгүйн зөвлөлийн гишүүдийн дундаас уг тогтоолыг эсэргүүцсэн цорын ганц улс болж, Суданы де-факто удирдагч, армийн даргын дэмжлэгийг авчээ. Хэд хоногийн өмнө Орос, Суданы албаны хүмүүс газрын тос, байгалийн хийн хамтарсан хайгуул, олборлолт хийх талаар болон эрчим хүчний бусад хэлбэрийн хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн болно.

Турк-Иракийн худалдаа: Туркийн Худалдааны сайд Өмер Болат 150 хүний бүрэлдэхүүнтэй Туркийн бизнес эрхлэгчдийг тэргүүлэн Багдад хотод айлчилжээ. Тэрээр Иракийн Ерөнхий сайд Мохаммед Аль-Суданитай уулзаж, хоёр орны хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар ярилцсан байна. Иракийн Ерөнхий сайд Туркийн Засгийн газартай “нухацтай бөгөөд бодит түншлэл”-ийн алхмууд хийж буйг сайшаасан бол Болат Иракийн өмнөд Аль-Фав боомтоос Туркийн хил хүртэлх авто зам, төмөр замын сүлжээг холбоход Анкара дэмжлэг үзүүлэх боломжтой гэдгээ дахин илэрхийлжээ.

Багдадын болгоомжлол: Иракийн Ерөнхий сайд Мохаммед Шиа аль-Судани НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд Израилын зүгээс илгээсэн захидал нь “Иракт дайралт хийх шалтаг” болж болзошгүйг онцлов. Израилын Гадаад хэргийн сайд тус захидалдаа “Ирак дахь Ираныг дэмжигч зэвсэгт бүлэглэлүүдийн үйл ажиллагааг яаралтай зогсоохыг” уриалсан бөгөөд Израилын тал зэвсэгт бүлэглэлүүд Ираны нэрийн өмнөөс халдлага үйлдэхээр төлөвлөж байж болзошгүй хэмээн сэжиглэж буй аж. 

Сөрөг арга хэмжээ: Ирак улс “сүүлийн үеийн үйл явдлууд”-тай холбогдуулан аюулгүй байдлын хэд хэдэн шинэ арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна гэж Иракийн Ерөнхий сайдын төлөөлөгч мэдэгдэв. Аль-Судани баруун хилийн хамгаалалтыг бэхжүүлж, шуурхай хариу арга хэмжээ авах төлөвлөгөө боловсруулан тус улсын дотоодод хамгаалалтын “буфер” бүс бий болгохыг тушаажээ.

Хэлэлцээрүүд: Иран, Азербайжан улсууд батлан хамгаалахын асуудлаар Тегеранд хэлэлцээ хийжээ. Ираны Зэвсэгт хүчний жанжин штабын орлогч дарга Азербайжан нь Ираны батлан хамгаалах, гадаад бодлогод чухал ач холбогдолтойг онцолсон байна. Азербайжаны Зэвсэгт хүчний Цэрэг-техникийн хангамжийн ерөнхий газрын дарга энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэхийн тулд хамтын хүчин чармайлт гаргахыг уриалжээ.

Сири, Иран: Сирийн Гадаад хэргийн сайд Басам Саббаг, Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи нар Тегеранд уулзаж, хоёр улсын харилцаа хийгээд Газын зурвас, Ливан дахь нөхцөл байдлын талаар ярилцжээ. Арагчи Иран Улс Сирийн ард түмэн, Засгийн газарт дэмжлэг үзүүлсээр байх болно хэмээн амлав.

Ногоон эрчим хүч: Бакуд болсон COP29 уур амьсгалын чуулганы үеэр Азербайжаны SOCAR Green компани болон Хятадын төрийн өмчит PowerChina компани харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуржээ. Уг баримт бичигт нар, салхины эрчим хүчний үйлдвэрүүд барих, ногоон устөрөгчийн үйлдвэрлэлтэй холбоотой төслүүдэд үнэлгээ хийж, хөрөнгө оруулах талаар тусгасан байна.

Хамтын ажиллагааг дэмжих нь: АНУ, Япон, Өмнөд Солонгос гурван талын хамтын ажиллагааг урагшлуулах зорилготой Нарийн бичгийн дарга нарын газрыг Лхагва гарагт ажиллуулж эхэллээ. Гурван улсын удирдагчид өнгөрсөн оны 8 дугаар сард Кэмп Дэвидэд болсон дээд хэмжээний уулзалтын үеэр тус байгууллагыг байгуулахаар тохиролцсон юм. Тус байгууллага нь аюулгүй байдал, эдийн засаг, дэвшилтэт технологийн салбар дахь төслүүдэд анхаарлаа хандуулах юм.

Leave a comment