Эх сурвалж: APNews, Reuters, Interfax, TASS, RIA Novosti, EuroStat, Alhadath, Israeli Ynet, Xinhua, SCMP, Indian Defence Research Wing, Turkiyegazetesi.
ОХУ, БНАСАУ-ын хамтын ажиллагаа: Тус хоёр улсын төлөөлөгчид Лхагва гарагт Пеньян хотноо уулзаж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурлаа. Гэрээний агуулгын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хараахан ил болоогүй байгаа ч Оросын хэвлэлийн мэдээллээр Москва, Пеньян хоёр улсын хоорондын чартер нислэгийн тоог нэмэгдүүлэхээр тохиролцсон байна.
Унгарын батлан хамгаалах бодлого: Унгарын Батлан хамгаалахын сайд Украин, Оросын хоорондын хурцадмал байдал нэмэгдэх эрсдэл урьд өмнөхөөс илүү болж байгаа талаар мэдэгдэв. Улмаар Украинд өрнөж буй “мөргөлдөөн” Унгарын нутаг дэвсгэрт хүрч болзошгүй гэсэн болгоомжлолоос болж Унгар улс зүүн хойд бүс нутагтаа агаарын хамгаалалтын систем нэмж суурилуулахаар болжээ.
ОХУ-ын байгалийн хийн экспорт: Европын холбоонд нийлүүлж буй ОХУ-ын байгалийн хийн нийлүүлэлт 2022 оны 5 дугаар сараас хойш анх удаа нэмэгдэж, эзлэх хэмжээгээрээ нэгдүгээрт эрэмблэгдэж эхэлснийг Орос, Европын хэвлэлээр мэдээллэв. Энэ оны есдүгээр сард Европын орнууд Оросын байгалийн хийг 1.4 тэрбум еврогоор худалдан авсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад гуравны нэгээр нэмэгджээ. Нийлүүлэлтийг бүтцээр нь харвал ойролцоогоор 40 хувь нь шингэрүүлсэн хий, 60 хувь нь хоолойн хий байна.
АНУ-ын зуучлал: Вашингтон Иракийн нутаг дэвсгэрээс Израилын эсрэг цохилт дахин гарахыг зогсоохгүй бол Израил Ирак руу хариу цохилт өгөх гэж байгаа талаар Багдадад анхааруулав. Ингэхдээ АНУ Иракт хариу цохилт өгөхгүй байх талаар шахаж ятган боломжит бүх аргыг ашигласан ч тус болоогүй тухай Багдадад мэдэгдсэн байна.
Тагнуулын байгууллагын шинэчлэл: Израилын парламент Кнессет (הַכְּנֶסֶת) шинэ тагнуулын байгууллага байгуулах тухай хуулийн төслийг урьдчилсан хэлэлцүүлгээр баталлаа. Энэ хуулиар Израилын армийн тагнуулын нэгжийн бүтэц, үүрэг, үйл ажиллагааг өргөжүүлэн Ерөнхий сайдын ажлын албанд шилжүүлэх аж. Шинэ байгууллагын тэргүүнийг Ерөнхий сайд болон Батлан хамгаалахын сайд хамтран томилно.
Си Зиньпин Бразилд: БНХАУ-ын дарга Си Зиньпин Бразилийн нийслэл Бразилиа хотод төрийн айлчлалаа эхлүүллээ. Тэрээр Бразилын Ерөнхийлөгч Луиз Инасио Лула да Силватай уулзаж, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, шинжлэх ухаан, технологи, эрүүл мэнд, эрчим хүч, дэд бүтэц, санхүү, байгаль орчны хамтын ажиллагааг өргөжүүлэхээр нийт 37 гэрээнд гарын үсэг зурсан байна.
Филиппиний батлан хамгаалах салбар: АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин энэ долоо хоногт Манилад айлчилж, АНУ-аас Филиппиний тэнгисийн цэргийн хүчинд Өмнөд Хятадын тэнгист ашиглах хэд хэдэн алсын удирдлагатай хөлөг онгоц хүлээлгэн өглөө. Мөн Байденийн засаг захиргааны хугацаа дуусахаас өмнө Филиппинд нэмэлт хөлөг онгоц нийлүүлнэ гэж амласан байна. Эдгээр хөлгүүд нь Филиппиний хяналт, үйл ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.
Энэтхэг, Арменийн зэвсгийн худалдаа: Армени улс Энэтхэгийн батлан хамгаалахын компаниас 78 ширхэг шинэ үеийн хөнгөн буюу чирж тээвэрлэх зориулалттай их буу худалдан авахаар хэлэлцэн тохиролцоод байна. Армени өнгөрсөн онд Энэтхэгээс нийлүүлсэн анхны ATAG загварын их бууг амжилттай туршсны дараа ийнхүү худалдан авалтаа нэмэгдүүлж буй аж.
Туркийн тагнуулын байгууллага: Туркийн Үндэсний Тагнуулын байгууллага (Millî İstihbarat Teşkilatı)-ын дарга Ибрахим Калин тус улсын сөрөг хүчин Бүгд Найрамдах Ардын Намын (CHP) удирдлагуудтай тус намын төв байранд уулзав. Тэрээр тус намын дарга Озгур Өзелийн хүсэлтээр ийнхүү уулзалтад оролцож, тагнуулын байгууллагын үйл ажиллагааны талаар намын удирдлагуудад мэдээлэл өгчээ.


Leave a comment