Эх сурвалж: RBC, Kaztag, KCNA, Korea Herlad, France24, Ria.
Украинд нөхцөл байдал хурцдах төлөвтэй: ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Пүрэв гарагт телевизээр мэдэгдэл хийж тус улс Украины Днипро хот руу дунд зайн баллистик пуужин харвасан тухай мэдэгдэв. Тэрээр орчин үеийн агаарын довтолгооноос хамгаалах систем “ийм төрлийн пуужинг амдан устгаж чадахгүй” гэв. Мөн Украин АНУ болон Их Британийн алсын тусгалтай пуужинг ашиглан Оросын Брянск, Курскийн бүс нутагт цохилт өгсний хариуд ийнхүү дээрх пуужинг харвасан гэж В.Путин тайлбарлажээ. Үүний дараа Баасан гарагт Оросын Батлан хамгаалахын сайд А.Белоусов Оросын давшилт хүчээ авч, Украины Зэвсэгт хүчин чадварлаг анги нэгтгэлүүдээ алдаж байгаа тухай мэдэгдсэн байна.
Казахстаны хариу арга хэмжээ: Украинд нөхцөл байдал хурцдаж байгаатай холбоотойгоор Казахстан аюулгүй байдлаа хангахад анхаарч байна. Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев тус улсын аюулгүй байдлын байгууллагуудад “цэргийн болон иргэний чухал байгууламжуудын аюулгүй байдлыг хангах шуурхай арга хэмжээ авах” үүрэг өгсөн байна.
БНАСАУ-ын Зэвсгийн үзэсгэлэн: Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун Пхеньян хотод болсон зэвсгийн үзэсгэлэнд оролцох үеэрээ “АНУ дэлхийн хурцадмал байдлыг нэмэгдүүлж байна” гэж буруутгав. Тэрээр Умард Солонгосын зэвсгийн хөтөлбөр сүүлийн таван жилийн турш “түүхэн дэх хамгийн хатуу хориг, бүслэлт”-ийн дор хэрэгжиж ирсэн ч цаашид төрөл бүрийн цөмийн зэвсэг болон дрон зэрэг жижиг, дэвшилтэт системүүдийн үйлдвэрлэлийг хурдасгах амлалт өгчээ. Энэ арга хэмжээний үеэр Умард Солонгосын хамгийн сүүлийн үеийн хатуу түлштэй тив алгасагч баллистик пуужин Hwasong-19, Hwasong-18 ICBM болон Hwasong-16B дуунаас хурдан пуужингийн системийг дэлгэн үзүүлжээ.
Дайны шинэ хэлбэр: Өмнөд Солонгосын цэргийнхэн кибер болон сансрын чадамжийг хөгжүүлэх чиглэлд төвлөрсөн шинэ нэгж байгуулахаар төлөвлөж байна. Тус улсын Батлан хамгаалах яамны мэдээлснээр уг нэгж нь “аюулгүй байдлын өөрчлөгдөж буй орчинд идэвхтэй хариу арга хэмжээ авах” зорилготой бөгөөд кибер дайн болон худал, хуурмаг мэдээллийн эсрэг үйл ажиллагааг явуулах аж.
Ираны цөмийн хөтөлбөр: Олон улсын атомын энергийн агентлагийн Удирдах зөвлөл цөмийн хөтөлбөрийн асуудлаар Иран улсыг тус агентлагтай хамтран ажиллахыг шаардаж тогтоол баталжээ. АНУ, Их Британи, Герман, Франц улсууд уг тогтоолыг санаачлан баталсан бол Орос, Хятад улсууд эсрэг санал өгчээ. Иран Баасан гарагт ОУАЭА-ийн энэ алхмын хариуд “шинэ, дэвшилтэт” центрифуг нэвтрүүлэхээ мэдэгдсэн байна.


Leave a comment