Эх сурвалж: DW, Welt am Sonntag newspaper, Iran’s Foreign Ministry, Times of Israeli, HalkTV, Kyodo News, ReportAZ, AniNews, Ukrainska Pravda.
Зардлын таналт: Германы автомашины эд анги үйлдвэрлэгч Bosch компани 2027 оны эцэс гэхэд Герман улсад 3,800 ажлын байрыг цомхотгож, нийт 5,550 ажлын байрыг бууруулахаар төлөвлөж байгаагаа зарлав. Үүнээс гадна 2027 оноос хойш үе шаттайгаар нэмэлт цомхотгол хийгдэх аж. Компани зардлаа бууруулах боловч шинэ технологид ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна. Үүний зэрэгцээ Volkswagen компани үйлдвэрчний эвлэлүүдийн эсэргүүцэлтэй тулгарсан ч гурван үйлдвэрээ хаах төлөвлөгөөгөө үргэлжлүүлэхээ мэдэгдэв. Үүний улмаас тус улсад хэдэн мянган ажлын байр цомхотгоно.
Урагшлах алхам: Ираны Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, Иран, Франц, Герман, Их Британийн дэд сайд нар 11 дүгээр сарын 29-нд уулзахаар товложээ. Уулзалтаар бүс нутгийн болон олон улсын асуудлууд, тэр дундаа Палестин, Ливаны нөхцөл байдал, Ираны цөмийн хөтөлбөрийг хэлэлцэх аж. Тегеран 1 дүгээр сарын 20-нд АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Трампын тангараг өргөхөөс өмнө цөмийн хөтөлбөрийн маргааныг шийдвэрлэх гэрээ байгуулахыг зорьж байна.
Израилын мэдэгдэл: Израилын Ерөнхий сайд Б.Нетаньяху АНУ-ын санаачилсан Хезболла бүлэглэлтэй гал зогсоох хэлэлцээрийг “зарчмын хувьд” зөвшөөрсөн гэж мэдээллэв. Гэсэн хэдий ч гэрээ эцэслэн батлагдаагүй бөгөөд зарим зүйлсийг нарийвчлан тохиролцох шаардлагатай байгаа аж. АНУ-ын Тусгай элч Амос Хохштейн уг хэлэлцээрийг хүлээн зөвшөөрөхгүй бол Байдены засаг захиргаа дахин зуучлах оролдлого хийхгүй хэмээн анхааруулсны дараа ийнхүү Израилын тал мэдэгдэл хийж байна. Үүнтэй холбоотойгоор АНУ-ын Цэргийн Төв командлалын дарга Эрик Куриалла өнгөрсөн баасан гарагт Израилд айлчилж, Израилын Зэвсэгт хүчний жанжин штабын даргатай яриа хэлэлцээ хийв.
Турк дахь мөргөлдөөн: Туркийн зүүн хэсгийн Тунжели мужид хоёр хотын даргыг хууль бус Курдын ажилчдын нам (PKK)-тай холбоотой хэргээр шоронд хорьсон бөгөөд үүнийг эсэргүүцэгчид цагдаа нартай мөргөлдөөн үүсгэв. Курдүүд түлхүү амьдардаг эдгээр хотуудад иргэд гудамж талбайд олноор цуглаж, галдан шатаасныг цагдаа нар нулимс асгаруулагч хий, усан их буугаар тараасан байна. Хотын дарга нарыг зургаан жилийн хорих ялаар шийтгэж, тэдний оронд хотын даргаар хоёр хүнийг түр томилжээ.
Бэлтгэл төлөвлөгөө: АНУ Тайваньтай холбоотой “мөргөлдөөн- гарсан тохиолдолд ашиглах зорилгоор пуужингийн нэгжүүдийг Японы Нансей арлууд болон Филиппинд тус тус түр байрлуулахаар төлөвлөж байна. Түр баазуудыг хүнгүй арлуудад байгуулахаар бөгөөд Японы Өөрийгөө хамгаалах хүчнээс логистикийн дэмжлэг үзүүлэхээр болжээ.
Ираны эсэргүүцэл: Иран өнгөрсөн амралтын өдрүүдэд ОХУ-ын Казань хотод хоёр иран оюутныг саатуулсан хэрэгт Оросын Гадаад хэргийн яаманд эсэргүүцэл илэрхийлэв. Эдгээр оюутнууд орон нутгийн виз сунгах үйлчлүүлж байхдаа гарсан зодоонд оролцсон гэж Оросын тал мэдээлсэн бөгөөд Оросын цагдаа нар тэднийг зодож, баривчан хорьж байна.
Дайнд бэлэн биш: Украинаас Их Британид суугаа Элчин сайд “…Европ Оростой удаан хугацааны дайн хийхэд бэлэн биш байна” гэж мэдэгдэв. Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагчаар ажиллаж байсан Валерий Залужный Ukrainska Pravda-д өгсөн ярилцлагадаа энэ сард Украин 3,000 орчим удаа Оросын пуужингийн дайралтад өртсөн бөгөөд Их Британи болон Европын бусад орнууд ийм урт хугацааны дайнд бэлэн биш байгааг онцолжээ.
Тээвэр логистик: Азербайжаны төмөр замын “ADY Express” компани Истанбулд болсон логистикийн үзэсгэлэнгийн үеэр “Дундад коридор”-ын тээврийн чиглэлийг хөгжүүлэхэд чиглэсэн хэд хэдэн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав. Үүнд Хятадын “Neptune Logistics” компанитай стратегийн түншлэлийн санамж бичиг, Туркийн “Pasifik Eurasia” тээврийн компанитай байгуулсан хэлэлцээр багтаж байна.
Хөршүүдийн хамтарсан сургуулилалт: Азербайжан, Иран улсууд Ираны Ардабил мужид дөрвөн өдрийн хамтарсан цэргийн сургуулилалт эхлүүлээд байна. Энэхүү сургуулилалтад хоёр улсын тусгай хүчний нэгжүүд оролцож, хилийн аюулгүй байдлыг хангах, хууль бус зэвсэгт бүлэглэлүүдийг устгах дадлага хийх, цэргийн харилцаагаа бэхжүүлэх зорилготой юм.
Энэтхэгийн зэвсгийн үйлдвэрлэл: Энэтхэг улс Арменд олон удаа харвах зориулалттай “Pinaka” пуужингийн системийн анхны багцыг хүргэсэн тухай Энэтхэгийн ANI агентлаг мэдээллэв. Хоёр улс хоёр жилийн өмнө гэрээ байгуулсны үндсэн дээр удаан хугацааны яриа хэлэлцээ хийсний эцэст энэхүү нийлүүлэлтийг хийж байна.


Leave a comment