Эх сурвалж: Interfax, the Guardian, Al Mayadeen, Kabul Now, Vedemosti, Global Times, Enikos, Yonhap News Agency, TASS. 

Оросын татварын орлого: ОХУ-ын Төрийн Дум 2025-2030 он хүртэл “Газрын тос, тосон бүтээгдэхүүнийг үндсэн хоолойгоор тээвэрлэж буй монопол аж ахуйн нэгжүүд”, үүнд Оросын тээвэрлэлтийн “Транснефть” компанийн ашгийн албан татварыг 40 хувиар нэмэгдүүлэх хуулийг баталлаа. Цуглуулсан татварын орлогын 23 хувийг холбооны төсөвт, 17 хувийг бүс нутгийн засгийн газруудын төсөвт төвлөрүүлнэ. Транснефть одоогоор 20 хувийн татвар төлдөг. Энэхүү өөрчлөлт нь жил бүр ОХУ-ын төсөвт 20-40 тэрбум рублийн (190-380 сая ам.доллар) орлого оруулна гэж тооцож байна.

Бейрутийн эсрэг агаарын довтолгоо: Израил Мягмар гарагт тус улсын Засгийн газар АНУ-ын зуучлалаар Хезболлатай гал зогсоох гэрээ хэлэлцэхээс хэдхэн цагийн өмнө Бейрутийн эсрэг агаарын довтолгоо хийлээ. Израилын нисэх хүчин Ливаны нийслэл дэх 20 гаруй объектод цохилт өгсөн гэж мэдээлэв. Гал зогсоох гэрээнд урьдчилсан байдлаар хоёр сарын хугацаатай гал зогсоох, Израилын тал Ливанаас гарах, Хезболла Литани мөрний өмнөд хэсгээс цэргээ татах зэрэг нөхцөлийг тусгажээ. Мөн Ливаны армийн цэргүүд НҮБ-ын ажиглагч хүчинтэй нэгдэж, тус бүсэд хяналт тавихаар төлөвлөсөн байна. Харин Хамас бүлэглэлийн хувьд “Ливанд гал зогсоохыг таатайгаар хүлээн авах болно” гэж мэдэгджээ.

Орос ба Афганистан: Оросын Аюулгүйн зөвлөлийн Нарийн бичгийн дарга Сергей Шойгу Даваа гарагт Кабулд айлчилж, Талибан 2021 онд засгийн эрхэнд гарснаас хойш Афганистан руу хийсэн хамгийн өндөр түвшний айлчлалыг удирдан оролцов. Айлчлалын үеэр Орос, Афганистаны албаныхан хоёр орны харилцааг бэхжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдааг нэмэгдүүлэх, Оросын хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх талаар ярилцсан байна. Үүнтэй холбоотойгоор Кремлийн төлөөлөгч Дмитрий Песков Москва Талибаныг Оросын террорист байгууллагуудын жагсаалтаас хасах зорилготой хэвээр байгааг баталжээ. Мягмар гарагт Төрийн Думд энэхүү жагсаалтаас тодорхой байгууллагуудыг хасах тухай хуулийн төсөл өргөн баригдсан байна.

Хориг арга хэмжээг чангатгав: Их Британи Оросын газрын тосны эсрэг барууны хориг арга хэмжээг тойрч гарахад ашигладаг Оросын “сүүдрийн флот” хэмээх хөлөг онгоцнуудад хориг арга хэмжээ авав. Энэхүү арга хэмжээ нь газрын тос тээвэрлэх 30 танкерт хязгаарлалт тавьсан бөгөөд үүгээрээ Их Британийн хориг арга хэмжээнд хамрагдсан ийм хөлөг онгоцны тоо 73 болж байна.

Ираны банкны систем: Ираны төв банк Даваа гарагт олон улсад хэрэглэгддэг SWIFT платформыг орлох шинэ ACUMER банкны системийг танилцууллаа. Ираны төв банкны дарга тус улс SWIFT-ээс аль хэдийн татгалзсан хэмээн мэдэгдэж, улс орнууд ACUMER системийг ашигласнаар хориг арга хэмжээг тойрч гарах боломжтой талаар ярив. Энэтхэг, Пакистан аль хэдийн уг системд холбогдсон бөгөөд Иран, Орос хоорондоо ам.долларгүйгээр худалдаа хийх гэрээ байгуулсан гэв.

Хятад дахь олон улсын бизнесүүд: Хятадын Ерөнхий сайд Ли Чян Бээжинд томоохон аж үйлдвэрийн форум болохоос өмнө дэлхийн компаниудын дээд удирдлагуудтай уулзалт хийв. Уулзалтад Apple, Rio Tinto, Sumitomo Electric Industries, мөн Хятадын CATL, Lenovo Group, Хятадын Аж үйлдвэр, арилжааны банк зэрэг байгууллагуудын төлөөлөгчид оролцжээ. Ли Чян дэлхийн үйлдвэрлэл, хангамжийн сүлжээг хамгаалахын тулд арга хэмжээ авах болно хэмээн амлав.

Батлан хамгаалахын шинэчлэл: Грек улс өөрсдийн агаарын довтолгооноос хамгаалах S-300 систем болон Орост үйлдвэрлэсэн өөр хоёр төрлийн зэвсгийг Арменд шилжүүлэхээр төлөвлөж байна гэж Грекийн хэвлэлүүд мэдээллээ. Энэхүү алхам нь Грекийн хуучирсан зэвсэглэлээ орчин үеийн барууны болон Израилын хамгаалалтын системээр солих төлөвлөгөөний нэг хэсэг юм. Эдгээр системийг өмнө нь Украинд өгөхөөр төлөвлөж байжээ.

Солонгосын хойг: Умард Солонгос хил залгаа Кэсон хотод байрлах хамтарсан аж үйлдвэрийн паркт цахилгаан нийлүүлэх цахилгааны шугамыг тасалсан гэж Өмнөд Солонгосын тал мэдээлэв. Пхеньян Өмнөдийн барьсан одоогоор ашиглахгүй байгаа цахилгаан дамжуулах шонгуудыг буулгахаар төлөвлөж байгаа хэмээн Сөүл үзэж байна.

Казах хамтын ажиллагаа: Казахстаны Эрчим хүчний сайд тус улс Оросоос Хятад руу байгалийн хий дамжуулах хоолой барих ажилд оролцохоор болсон талаар мэдэгдэв. Тэрээр хэлэхдээ Астана “маршрутын дагуу нутаг дэвсгэрээ ашиглуулахад бэлэн” гэхдээ Москва, Бээжин хоёр төлөвлөгөөн дээрээ тохирох хэрэгтэй гэжээ. Оросын Шадар сайд 10 дугаар сард уг төслийг хэлэлцэж байгаа талаар мэдэгдсэн.

Leave a comment