Эх сурвалж: Financial Times, BBC, RIA, URA, Yonhap, Vedemosti. 

Батлан хамгаалах салбар дахь цэвэрлэгээ: Хятадын Батлан хамгаалахын сайд Дун Жюн авлигын хэргээр шалгагдаж эхэлсэн тухай Financial Times мэдээлэв. Си Жиньпиний томилсон Дун нь авлигын эсрэг өргөн цар хүрээтэй ажиллагааны хүрээнд шалгагдаж буй гурав дахь Батлан хамгаалахын сайд болж буй бөгөөд дээрх явдал Дун Лаост болсон дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остинтэй уулзахаас татгалзсанаас хойш нэг долоо хоногийн дараа болжээ.

Израил-Хезболла гал зогсоох гэрээ: Израил АНУ-ын зуучлалаар Ливанд гал зогсоох гэрээнд гарын үсэг зурлаа. Гэрээний дагуу Хезболла 60 хоногийн дотор Израилын хилээс хойд зүгт 40 километрийн зайд цэргээ татах бол Израил цэргээ Ливаны нутаг дэвсгэрээс гаргах юм. Ливаны арми өмнөд Ливанд 5,000 цэрэг байршуулах бөгөөд АНУ, Франц хоёр улс гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.

Путин Төв Азид: ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 11 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд Казахстанд хоёр өдрийн төрийн айлчлал хийнэ. Тэрээр Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевтай хэлэлцээ хийхээс гадна Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын уулзалтад оролцоно. Оросын төрийн өмчит Росатом цөмийн агентлаг, Роскосмос сансрын агентлаг, ВТБ банк болон Оросын төмөр замын төлөөлөгчид айлчлалын бүрэлдэхүүнд багтсан байна.

Цагаачид багассаар байна: 2023 оны 1 сараас 9 сар хүртэлх хугацаанд 1 сая гадаадын иргэн Оросыг орхиж явсан талаар Оросын цагаачлалын асуудлаарх нэгэн шинжээч URA агентлагт ярьжээ. Эдгээр цагаачдын ихэнх нь Узбекистан, Тажикстан, Киргизстаны иргэд байсан аж. Хэдийгээр цалин хөлс, ажлын байрны боломж нэмэгдэж байгаа ч олон цагаач Орост эргэн ирэхээр төлөвлөөгүй байна хэмээжээ.

Дэмжлэг хайх нь: Украины Батлан хамгаалахын сайд Рустем Умеров тэргүүтэй төлөөлөгчид Умард Солонгосын цэргүүд Украины дайнд оролцож байгаа байдалтай холбоотой хэлэлцээ хийхээр Өмнөд Солонгост айлчилж байна гэж Өмнөд Солонгосын Yonhap агентлаг мэдээлэв. Тус агентлагийн мэдээлснээр Рустем Умеров Пхеньян Орост цэргээ байршуулсан талаарх тагнуулын мэдээллийг Өмнөдүүдтэй хуваалцаж, дайнд Сөүлийн дэмжлэгийг авахыг зорьж байна. Төлөөлөгчид Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сүк Ёолтой уулзах төлөвтэй байгаа бөгөөд тэрээр өмнө нь Пхеньян, Москвагийн цэргийн хамтын ажиллагаа өргөжих юм бол Украинд зэвсэг нийлүүлэх асуудлыг авч үзэх боломжтой хэмээн мэдэгдэж байв.

Буулт хийх боломж: Гүржийн салан тусгаарласан Абхазын бүс нутгийн парламентын сөрөг хүчний гишүүн Оросын хэвлэлд өгсөн ярилцлагадаа Абхаз шинэ ерөнхийлөгчийн дор Оростой шинэчилсэн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах боломжтой хэмээн мэдэгджээ. Хоёр талын хооронд өнгөрсөн 10 дугаар сард байгуулсан гэрээтэй холбоотой олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал болж удирдагч нь огцроход хүргэсэн. Шинэ гэрээнд татварын хөнгөлөлт үзүүлэх хөрөнгө оруулалтын босгыг хэдэн тэрбум рублиэр нэмэгдүүлэх замаар талууд тохиролцоонд хүрэх боломжтой гэх саналыг дээрх сөрөг хүчний гишүүн дурдсан байна. Абхазад ирэх 2 дугаар сард ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль болно.

Эрчим хүчний хэлэлцээ: Ирак, Орос болон Саудын Арабын төлөөлөгчид энэ Ням гарагт болох ОПЕК+-ийн уулзалтын өмнө Мягмар гарагт Багдад хотноо уулзаж дэлхийн эрчим хүчний зах зээлийн талаар хэлэлцээ хийжээ. Иракийн Ерөнхий сайд Мохаммед Шиа аль-Судани Оросын Шадар сайд Александр Новак тэргүүтэй төлөөлөгчидтэй тусдаа хэлэлцээр хийсэн байна.

Leave a comment