Эх сурвалж: Turkish Ministry of Foreign Affairs, News Walla Israeli, RBC.ru, Telegram Channel of Russian Ministry of Defense, Bloomberg, Hurriyet Turkey, Enerji Terminali, CNA, Asianews.
Ойрх Дорнод: Өнгөрсөн амралтын өдрүүдээр Израилын тал Голаны өндөрлөг дэх өөрийн эзэлсэн хэсэгт барилга байгууламж барих зэргээр суурьшлын бүсээ өргөжүүлэх төлөвлөгөө баталсныг Турк улс эсэргүүцэв. Туркийн Гадаад хэргийн яамны мэдэгдэлд “Израилын энэ үйлдэл нь Сирид энх тайван, тогтвортой байдал тогтоох хүчин чармайлтыг ноцтойгоор зөрчиж байна” гэж буруутгажээ. Мөн ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Израилын уг төлөвлөгөөг “хүлээн зөвшөөрөх боломжгүй” хэмээн мэдэгдсэн байна. Израилын Засгийн газар Ням гарагт уг бүсэд суурьшлыг нэмэгдүүлэх төлөвлөгөө баталсан бөгөөд Ерөнхий сайд Б.Нетаньяху үүнийг Сирид Б.Ассадыг огцруулснаас хойш “шинэ фронт” нээгдсэнтэй холбон тайлбарлаж байна.
Сирийн асуудлаарх хэлэлцээ: Израил болон Йорданы тагнуул, аюулгүй байдлын албаныхан Сирийн нөхцөл байдлын талаар яриа хэлэлцээ хийжээ. Йордан улс Израил болон Сирийн босогч бүлгүүд, түүний дотор Ассадын эсрэг бослого удирдсан Хайат Тахрир аль-Шам бүлэг хооронд зуучлагчийн үүрэг гүйцэтгэж ийнхүү яриа хэлэлцээ эхлүүлсэн байна. Сири дэх бүлгүүдтэй хэлэлцээ хийхээс гадна талууд Йорданы нутаг дэвсгэрээр дамжин Баруун эрэгт Ираны зэвсэг нийлүүлж буй зам сувгийг устгахаар ярилцаж байгаа аж.
Оросын тэргүүлэх чиглэл: ОХУ ирэх 10 жилд НАТО-той “мөргөлдөөнд орох” магадлал эрс нэмэгдсэн гэж ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Андрей Белоусов мэдэгдэв. Тэрээр яамны удирдлагын хуралдааны үеэр ирэх жилээс ОХУ-ын цэргийн тэргүүлэх 10 чиглэлийг тодорхойлсныг мэдэгдэв. Үүнд цэрэг армид хийх шинэчлэлийг гүнзгийрүүлэх, дайралтын нэгжүүдийг электрон байлдааны системээр хангах, байлдааны удирдлагыг автоматжуулах, дрон бий болгох, хөгжүүлэх зэрэг зорилтууд багтжээ. Мөн А.Белоусов нисгэгчгүй системд чиглэсэн шинэ цэргийн салбар байгуулах санал гаргав.
АНУ-ын зовнил, шахалт: АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Багдад хотноо Иракийн Ерөнхий сайд Мохаммед Шиа аль-Суданитай уулзаж, Иранаас Иракийн газар нутгаар дамжин Сирид зэвсэг нийлүүлэхийг зогсоох чиглэлээр тодорхой арга хэмжээ авахыг уриалав. Э.Блинкен хэлэхдээ эдгээр зэвсгийг ашиглан Ираныг дэмжигч бүлгүүд Сирид тогтворгүй байдлыг нэмэгдүүлж байгааг Вашингтон эсэргүүцэх бодлого баримталж буйг онцлов.
Туркийн хүсэлт: АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен өнгөрсөн долоо хоногт Анкарад айлчилсан бөгөөд энэ үеэр Турк улс АНУ-ын хориг арга хэмжээнээс чөлөөлөгдөх асуудлыг хөнджээ. Хоригоос чөлөөлөгдсөнөөр Турк Оросын Газпромбанк руу байгалийн хийн төлбөрөө үргэлжлүүлэн шилжүүлэх боломжтой болох юм. Өнгөрсөн сард Туркийн Эрчим хүчний сайд уг асуудлаар хэлэлцээ үргэлжилж байгаа талаар мэдэгдсэн ба АНУ-ын Сангийн яам 11 дүгээр сарын 21-нд Газпромбанкны эсрэг шинэ хориг арга хэмжээ авч буйгаа зарласан билээ.
Шинэ боломжууд: Ассадын дэглэм унасны дараа Катар, Турк хоёр байгалийн хийн хоолойн төслийн талаарх хэлэлцээг дахин эхлүүлж магадгүй байна. Анкарад төвтэй SETA судалгааны байгууллагын үзэж буйгаар уг хоолой Сирийн нутаг дэвсгэрээр дамжих шаардлагатай бөгөөд Сирид байдал тогтворжвол бүс нутагт улс төрийн эсэргүүцэлтэй тулгарахгүй аж. Гэсэн хэдий ч уг төслийн өртөг өндөр байх тул олон улсын байгалийн хийн үнэ төслийн хувь заяаг шийдвэрлэх магадлалтай гэж тооцож байгаа аж.
Ачааг хөнгөвчлөх нь: Японы Батлан хамгаалахын сайд Ген Накатани Окинава мужийн амбан захирагчтай уулзах үеэрээ АНУ-ын Тэнгисийн явган цэргийн зарим албан хаагч Окинавагаас АНУ-ын нутаг дэвсгэр болох Гуам руу шилжин байрлаж эхэлсэн талаар мэдэгдэв. Тэрээр Япон улс үндэснийхээ батлан хамгаалах чадавхыг хадгалахын зэрэгцээ АНУ-ын цэргийн баазын Окинавад үүсгэсэн ачааллыг бууруулах зорилготой хэмээн тайлбарлав.
Хятадын холбоотон Камбожи АНУ-ын хөлөн онгоцыг хүлээж авав. USS Savannah байлдааны хөлөг онгоц Даваа гарагт Камбожид ирлээ. Уг хөлөг онгоц 12 дугаар сарын 20 хүртэл Камбожийн Сиануквил боомтод байрлах бөгөөд уг боомт нь Хятадын тал идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг Реам тэнгисийн цэргийн баазаас ердөө 20 километрийн зайд оршдог болно. АНУ-ын Элчин сайдын яам USS Savannah хөлөг онгоц Камбожид ирсэн явдал нь Америк-Камбожийн далайн аюулгүй байдлын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хамтын сорилтуудыг даван туулахад чиглэгдсэн “сайн санааны айлчлал” хэмээн мэдэгдэлдээ дурджээ.


Leave a comment