Эх сурвалж: The Times, Wall Street Journal, Euronews, Financial Times, US Central Command, Kyodo News, Argentina INDEC.
Шинэ Сири: Сирийн шинэ удирдагчид өөрийн нутаг дэвсгэрийг Израилын эсрэг халдлага үйлдэхэд ашиглуулахгүй, иймд Израилын цэргийн хүч Сирийн баруун өмнөд хэсэгт эзэлсэн бүсээсээ татгалзах ёстой гэж Сирийн албан бус удирдагч мэдэгдлээ. Британийн The Times сонинд ярилцлага өгөхдөө Абу Мохаммад аль-Жолани Сири улс 1974 онд НҮБ-ын тогтоосон Голаны өндөрлөгт цэрэггүй бүс байгуулах гэрээг дагаж мөрдөхөө амласан байна. Уг бүсийг Израил Башар Ассадыг огцруулсны дараа эзлээд буй. Мөн аль-Жолани Сирийн эсрэг болон түүний босогчдын бүлэг болох Хаят Тахрир аль-Шамын эсрэг тавьсан хориг арга хэмжээг цуцлахыг уриалав.
Европын холбоо – Турк: Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен Мягмар гарагт Анкарад айлчилж Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай уулзаж, Сири, дүрвэгсдийн асуудал болон ЕХ-Туркийн харилцааны талаар ярилцлаа. Фон дер Ляйен Сирийн нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хадгалах, бүх нийтийн оролцоог хангасан Засгийн газар байгуулах шаардлагатай гэдэг дээр талууд санал нэгдсэн гэж мэдэгдэв. Дээрх айлчлал АНУ-ын албаныхан Сирийн хил дээр Турк болон түүний холбоотнууд цэргийн хүчээ нэмэгдүүлж буйг ажиглаж байгаа, ойрын хугацаанд түрэмгийлэл болохоос болгоомжилж байна хэмээн The Wall Street Journal-д мэдээлсний дараа болж буй юм. Фон дер Ляйен Европын холбоо Туркт Сирийн дүрвэгсдийг хүлээн авахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор нэмж 1 тэрбум евро (1.05 тэрбум ам.доллар) өгөхөө зарласан бол Эрдоган ЕХ-ны гаалийн холбооны шинэчилсэн хэлэлцээрийг сэргээх, хоёр талын харилцаанд тавьсан “бүх хязгаарлалтыг” цуцлахыг уриалав.
Сүүдрийн флот: Балтын болон Хойд тэнгис орчмын зургаан улс Орост барууны хориг арга хэмжээг тойрон гарахад тусалсан байж болзошгүй хөлөг онгоцнуудаас даатгалын нотлох баримт бичиг шаардахаар төлөвлөж байгаагаа зарлав. Дани, Эстони, Финлянд, Польш, Швед, Их Британи Английн суваг, Данийн хоолой, Финландын булангаар дайран өнгөрөх үед нь сүүдрийн флот гэгддэг хөлөг онгоцнуудаас даатгалын баримт бичиг шаардахаар болсон байна. Даатгалын шаардлага хангахгүй эсвэл хамтран ажиллахаас татгалзсан хөлөг онгоцыг хориг арга хэмжээний жагсаалтад оруулж магадгүй гэж нэрээ нууцалсан дипломатч Financial Times сонинд ярьжээ. Энэ үйл явдал Хар тэнгист болсон шуурганд хоёр Оросын нефть тээвэрлэгч хөлөг онгоц ноцтой эвдрэл авч, олон мянган тонн нефть алдагдсаны дараа болж буй юм.
Агаарын цохилт: АНУ-ын төв командлалын мэдэгдсэнээр, Даваа гарагт АНУ Йемений Сана хотод байрлах Хоутигийн команд штабын байгууламжийг онилсон агаарын цохилт хийжээ. Мөн өмнө нь Ассадын дэглэм болон Оросын хяналтад байсан Сирийн бүс нутагт байрлах Исламын улс бүлэглэлийн хуарангуудыг онилсон агаарын цохилт хийсэн байна.
Иракийн Курдууд: Иракийн Курдистаны бүс нутгийн ерөнхийлөгч Нечирван Барзани Мягмар гарагт Ирак, Сирид байгаа эвслийн хүчний командлагч, АНУ-ын генерал Кевин Лихитэй уулзав. Барзани эвслийн болон Курдын хүчний хамтын ажиллагааг үргэлжлүүлэхийн ач холбогдлыг онцолж, террорист заналхийллийг сөрөн зогсоход үргэлжлүүлэн хамтран ажиллах шаардлагатай гэж мэдэгдэв. Тэд мөн Сирийн аюулгүй байдлын нөхцөл байдлын талаар ярилцжээ.
Санхүүжилтээ нэмэгдүүлэв: Японы парламент 13.9 их наяд иений (90 тэрбум ам.доллар) нэмэлт төсвийг баталж, үүнд инфляцын нөлөөг бууруулах, гамшгийн үед тусламж үзүүлэхэд зарцуулах хөрөнгийг тусгажээ. Нэмэлт төсөв нь эрчим хүчний өндөр өртгийг бууруулах татаас хэрэгжүүлэх, бага орлоготой өрхүүдэд мөнгөн дэмжлэг үзүүлэх зорилготой 39 их наяд иений эдийн засгийн багцыг хэрэгжүүлэхэд дэмжлэг болох юм.
Эдийн засгийн сэргэлт: Аргентины эдийн засаг 2023 оны сүүлийн улирлаас хойш анх удаа өсөлт үзүүлж, энэ оны гуравдугаар улиралд өмнөх гурван сарын хугацаатай харьцуулахад 3.9 хувиар өссөн байна.


Leave a comment