Эх сурвалж: Kommersant, Reuters, CGTN, Anadolu Agency, Novaya Gazeta, SWIFT.
В.Путины илгээлт: ОХУ-ын эдийн засаг тогтвортой байгаа бөгөөд энэ оныг 3.9-4 хувийн өсөлттэйгөөр дуусгах төлөвтэй байна гэж Оросын Ерөнхийлөгч В.Путин оны эцсийн хэвлэлийн бага хурал дээрээ мэдэгдэв. Гэсэн хэдий ч инфляцын түвшин 9 хувиас давсан нь хэтэрхий өндөр байгааг тэрээр онцолж, ирэх онд энэ үзүүлэлтийг бууруулах нь нэн чухал болохыг дурдав. Оросын төв банк хүүг аль хэдийн 21 хувь болгон өсгөсөн бөгөөд Баасан гарагт дахин нэмэгдүүлж магадгүй аж. Гэхдээ Путин инфляцын өсөлттэй тэмцэхийн тулд бусад арга хэрэгслийг илүү эрт ашиглах ёстой байсан хэмээв.
Орос-Украины дайны тухайд Путин Оросын армийн давшилтыг магтан тэмдэглэсэн ч Украйны цэргүүдийг Оросын Курск мужаас гаргах талаар тодорхой хугацаа хэлэхээс татгалзав. Мөн тэрээр Москва ямар нэгэн урьдчилсан нөхцөлгүйгээр урт хугацааны энхийн гэрээний хэлэлцээр эхлүүлэхэд бэлэн байгаа гэж хэлсэн ч хэлэлцээр Истанбулд өмнө нь хийсэн тохиролцоо дээр суурилсан байх ёстойг онцлон тэмдэглэв.
Хариу цохилтууд: Ираны дэмжлэгтэй Хути бүлэг Израилын төв хэсэг, Тель-Авивт хоёр баллистик пуужин харваж, цэргийн байг оносноо мэдэгдсэн ч Израилын армийн мэдээлснээр нэг пуужинг агаарт устгаж, унасан хэлтэрхий нь сургуулийн барилга дээр унаж багахан хохирол учруулсан байна. Израилын тал хариу цохилт өгөхдөө 14 сөнөөгч онгоц, бусад нисэх төхөөрөмж оролцуулан Йемен дэх Хутичуудын хяналтад байгаа боомтууд, эрчим хүчний дэд бүтцэд хоёр удаагийн давтамжтай агаарын цохилт өгчээ. Хути бүлгийн төлөөлөгч Израилын эсрэг хариу агаарын цохилт хийж, Газын зурвас дахь төлөө тэмцлээ зогсоохгүй гэж мэдэгдэв.
Хятад, Энэтхэгийн уулзалт: Хятад, Энэтхэгийн албаны хүмүүс өнгөрөгч Лхагва гарагт Бээжин хотод хоёр талын хилийн маргааныг шийдвэрлэх 23 дахь уулзалтаа хийв. Талууд “хоёр талд шударга, үндэслэлтэй, хүлээн зөвшөөрөгдөхүйц” хэлэлцээрт хүрэхийн тулд одоогийн тохиролцсон байр суурь, чиглэлээ үргэлжлүүлэн баримтлахаар тохиролцжээ.
Туркийн хүчин чармайлт: Туркийн Ерөнхийлөгч Р.Эрдоган Ливаны Ерөнхий сайд Наджиб Микатитай Анкарад уулзаж, хамтарсан хэвлэлийн бага хурал хийсэн байна. Р.Эрдоган хэлэхдээ Сирийн асуудлаар Турк, Ливан хоёр улс санал нэгдэж, Сирийн байдлыг тогтворжуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон гэв. Мөн тэрээр олон улсын хамтын нийгэмлэг Израилыг Ливаны гал зогсоох хэлэлцээрийг мөрдөж, учруулсан хохирлоо нөхөн төлөхийг шаардаж, шахалт үзүүлэх ёстой гэдгийг онцолсон байна.
Зуучлагч: Чечений Бүгд Найрамдах Улсын тэргүүн Рамзан Кадыров Ойрхи Дорнод дахь албан болон албан бус харилцааг өргөжүүлэх талаар, тодруулбал Оросын эрх баригчид, Сирийн шинэ удирдагчдын хооронд зуучлах үүрэг гүйцэтгэх талаар В.Путинтай ярилцан тохиролцжээ. Харин үүний хариуд ОХУ-ын хамгийн том онлайн худалдааны платформ Wildberries-тэй холбоотой бизнесийн маргаанд Кадыровыг бүрэн дэмжихээ Путин амласан гэж “Новая Газета” сонинд мэдээллэв. Кадыров 12 дугаар сарын 9-нөөс хойш хэд хэдэн удаа Москвад очсон ч Путинтай уулзсан эсэхийг бусад албаны эх сурвалжууд батлаагүй байна.
Юанийн хүч түрэлт: Өнгөрсөн сард Хятадын юань Японы иенийг гүйцэж, дэлхийн төлбөр тооцоонд хамгийн өргөн хэрэглэгддэг дөрөв дэх валют болсон гэж SWIFT олон улсын банкны мэдээллийн сүлжээний мэдээлэлд дурджээ. 11 дүгээр сард юанийн дэлхийн төлбөр тооцоонд эзлэх хувь 10 дугаар сартай харьцуулахад 2.93 хувиас 3.89 хувьд хүрч өссөн байна. Юаниар хийгдсэн гүйлгээний хэмжээ 10 дугаар сартай харьцуулахад мөн 22.12 хувиар нэмэгджээ.


Leave a comment