Эх сурвалж: Lenta, Vedemosti, Islamic Republic News Agency, TASS, DSCA, PTI.
Фицо Москвад: ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Словакийн Ерөнхий сайд Роберт Фицотой Москва хотод уулзаж, эрчим хүч, хоёр талын харилцаа болон Украины асуудлаар ярилцжээ. Фицо Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Оросын байгалийн хийг Украины нутаг дэвсгэрээр дамжуулахыг эсэргүүцэж, Оросын цөмийн хөтөлбөрийн эсрэг хориг арга хэмжээ авахыг дэмжсэнийг шүүмжилж, эдгээр арга хэмжээ нь Словакийн санхүү болон цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлж байгааг онцлов.
Танилцах уулзалт: Саудын Арабын албаны хүмүүс Сирийн Хаят Тахрир Аль-Шам бүлэглэлийн тэргүүн, Сирийн де-факто удирдагч Абу Мохаммед Аль-Голанитай Дамаск хотод уулзаж, Сирийн нөхцөл байдал болон бүс нутгийн асуудлыг хэлэлцсэн талаар Сирийн телевиз мэдээлэв. Аль-Голани өмнө нь Саудын Арабтай хамтран ажиллах санал тавьж байсан. Үүнтэй зэрэгцэн, Иорданы Гадаад хэргийн сайд Айман Сафади мөн Дамаскт Аль-Голанитай уулзсан тухай Иорданы Гадаад хэргийн яам мэдээлэв.
Олон нийтийн дэмжлэг: Ираны Исламын хувьсгалт гвардын корпусын өндөр дээд албан тушаалтан нэр бүхий судалгааны байгууллагын мэдээллийг иш татан Израилд хариу цохилт өгөхийг Иранчуудын 65-68 хувь нь дэмжиж байгаа хэмээн мэдэгджээ. Израил өнгөрсөн 10 дугаар сард Ираны нутаг дэвсгэрт агаараас цохилт өгсөн болно.
Хоёр талын харилцаа: Орос улс Гүржээс салан тусгаарласан Абхазын бүс нутагт эрчим хүчний хямрал хурцадсан тул тус мужид яаралтай цахилгаан эрчим хүч нийлүүлж эхэлснээ зарлав. Абхазын Засгийн газар Оросын хөрөнгө оруулагчдад үл хөдлөх хөрөнгө худалдаж авах зөвшөөрөл олгох хуулийн төслийг цуцалсны дараа Москва тус бүс нутагт үзүүлэх санхүүгийн дэмжлэгээ зогсоож, зах зээлийн үнээр цахилгаан эрчим хүчний үнийг тооцох болсон гэж Абхазын албаны хүмүүс мэдэгдэв.
Танкны худалдаа: АНУ-ын Засгийн газар Египетэд 5 тэрбум ам.долларын цэргийн тоног төхөөрөмж худалдахыг зөвшөөрөв. Тус багцад 555 ширхэг M1A1 Abrams танк (ойролцоогоор 4.69 тэрбум ам.доллар), 2,183 ширхэг Hellfire пуужин болон өндөр нарийвчлалтай зэвсгүүд багтсан байна. АНУ-ын Төрийн департамент энэхүү хэлэлцээр нь Ойрхи Дорнод дахь АНУ-ын стратегийн гол түнш Египетийн аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилготой гэж мэдэгдэв.
Батлан хамгаалахын хэлэлцээр: Энэтхэг, Кувейт хоёр улсын Ерөнхий сайд нар уулзаж талууд стратегийн түншлэлээ бэхжүүлэхээр тохиролцов. Уулзалтын хүрээнд эргийн хамгаалалт, далайн аюулгүй байдал, батлан хамгаалахын тоног төхөөрөмжийн хөгжүүлэлт зэрэг чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав.


Leave a comment