БНХАУ энэ онд эдийн засаг, улс төр, цэрэг батлан хамгаалахын чиглэлд хэд хэдэн сорилтуудтай тулгарахаар байна. Ирэх жил Бээжингийн хувьд АНУ-ын шинэ засаг захиргаа, өөрчлөгдөж буй олон улсын нөхцөл байдал зэрэг гадаад хүчин зүйлүүдийн эсрэг дотооддоо шинэчлэл хийх, тогтвортой байдлаа хангах шаардлагатай болно. Ши Жиньпин 2027 онд намын дарга, ерөнхий командлагчаар дөрөв дэх удаагаа сонгогдож, дахин таван жилээр бүрэн эрхээ сунгахаар өөрийн байр сууриа бэхжүүлэхийг зорино.
Эдийн засгийн саад бэрхшээл ба дотоодын зах зээл
Сүүлийн арван жилийн хурдацтай тэлэлтийн дараа Хятадын эдийн засаг үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт, орон нутгийн засаг захиргааны хуримтлагдсан өр, дотоодын хэрэглээ болон гадаадын шууд хөрөнгө оруулалт буурснаас үүдэлтэй хямралтай тулгараад байна. ДНБ-ний өсөлт 2025 онд 4.8% орчимд хэлбэлзэх төлөвтэй байгаа энэ үед Бээжин эдийн засгийн өсөлтөө тогтворжуулах зорилгоор орон нутгийн засаг захиргааны санхүүжилтийг нэмэгдүүлэх, далд өрийг барагдуулахад чиглэсэн санхүүгийн болон мөнгөний бодлогын багц арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Тус улсын экспортод АНУ-ын өндөр тариф дарамт үүсгэж болзошгүй байгаа тул эдийн засгийн стратегиа дотоодын эрэлтийг нэмэгдүүлэхэд чиглүүлэх магадлалтай. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп 2025 оны эхний хагаст Хятадын бараа бүтээгдэхүүнд 60–70%-ийн гаалийн татвар ногдуулна хэмээн мэдэгдсэн нь компаниудыг бараа материалаа нөөцлөхөд хүргэж, урт хугацаанд экспорт буурахад хүргэж болзошгүй. Үүний хариуд Бээжин ханган нийлүүлэлтийн сүлжээгээ төрөлжүүлэх, Зүүн өмнөд Азийн бүс нутагт үйлдвэрлэлийн шинэ төвүүдийг бий болгох замаар худалдааны маргаан, тарифтай холбоотой эрсдэлийг бууруулахыг эрэлхийлнэ.
Дотоод засаглал ба нийгмийн тогтвортой байдал
Хөшигний ард Хятадын дотоод засаглал улам бүр “төвөгтэй” болж байна. Газар, үл хөдлөх хөрөнгийн борлуулалтын орлогоос удаан хугацаанд хамааралтай байсан орон нутгийн засаг захиргаа орон сууцны хөөс хагарч төсвийн алдагдалтай нүүр тулаад буй. Зарим бүс нутагт төрийн албан хаагчдын цалин хөлс хоцрох, жижиг хэмжээний залилан луйвар гарах зэрэг хямралын шинж тэмдгүүд илэрч, энэ нь энгийн иргэдэд сөргөөр нөлөөлж эхлэв. Үүний зэрэгцээ нийгмийн эмх замбараагүй байдал нэмэгдсээр байна. Тухайлбал, ажил хаях, үйлдвэрүүд хаагдах, банктай холбоотой асуудлууд гарах нь нэмэгдэж, амьжиргааны түвшин доройтож байгаад олон нийт бухимдаж байна.
Үүний хариуд Хятадын засаг захиргаа нийгмийн хяналтыг чангатгах, авлигын эсрэг арга хэмжээг эрчимжүүлэх төлөвтэй байна. Ардын чөлөөлөх арми дахь авлигын эсрэг кампанит ажил өргөжиж орон нутгийн эрх мэдэлтнүүдийг сахилгажуулах, намын удирдлагын хяналтыг бэхжүүлэх хоёрдогч зорилго агуулах болов. Энэ нь 2025 онд болох Хятадын коммунист намын XIX Төв хорооны IV Бүгд хурал болон Ши Жиньпиний дөрөв дэх удаагийн бүрэн эрхийн хугацааг сунгахаас өмнөх улс төрийн “зохицуулалт”- хийж буйн нэг илрэл гэж үзэж болно.
Цэргийн шинэчлэл ба стратегийн хязгаарлалт
Энэ онд Хятадын цэрэг-стратегийн бодлого ил мөргөлдөөн гэхээсээ илүү хязгаарлагдмал, болгоомжтой шинэчлэл хийх чиглэл рүү явж байна. ХАЧА зургаа дахь үеийн сөнөөгч онгоц зэрэг дэвшилтэт технологийг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа ч авлигын эсрэг цэвэрлэгээ, төсвийн хязгаарлалт зэрэг нь Хятадын зүгээс шууд мөргөлдөөн үүсгэх магадлалыг бууруулж байна. Авлигатай тэмцэх ажлын хүрээнд хэд хэдэн генералуудыг огцруулсан нь “дэлхийн жишигт нийцсэн арми” байгуулах хүчин чармайлт асуудалтай тулгарч байгааг илтгэнэ.
Бээжингийн зүгээс Өмнөд Хятадын тэнгис болон Тайванийн ойролцоо цэргийн сургуулилалтуудыг идэвхжүүлж байгаа ч дотоод тогтвортой байдлаа алдагдуулах, авлигын хэргүүдийг улам даамжруулах эрсдэлтэй мөргөлдөөнөөс зайлсхийнэ. Энэхүү стратегийн хязгаарлалт бүхий бодлого нь АНУ-ын протекционист бодлогоос урьдчилан сэргийлэх, экспортоос хамааралтай эдийн засагтаа зайлшгүй шаардлагатай далайн худалдааны маршрутуудыг хадгалж, хамгаалах зорилготой юм.
Гадаад харилцаа: Худалдааны дайн ба оппортунизм

Д.Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон нь Америк-Хятадын худалдааны маргааныг улам гүнзгийрүүлэх төлөвтэй байна. АНУ-ын “Америк Нэгдүгээрт” бодлого Хятадын экспортын зах зээлд цохилт өгөх ч Бээжин зорилтот хариу арга хэмжээ авч, олон улсын байгууллагууд дахь нөлөөгөө нэмэгдүүлэхийг эрмэлзэнэ. АНУ Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зэрэг олон улсын байгууллагуудаас хөндийрөхийн хэрээр Хятад олон улсын тогтвортой байдлыг хангагч улсын дүрд тоглох боломжтой болж, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх олон улсын хэлэлцээрүүдэд идэвхтэй байр суурь эзэлж эхэллээ. Үүнтэй зэрэгцэн Бээжин Орос, Иран, Умард Солонгос зэрэг улсуудтай стратегийн харилцаагаа гүнзгийрүүлж, АНУ тэргүүтэй эвслийн эсрэг тэнцвэржүүлэх, өөрийн геополитикийн ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн бодлого хэрэгжүүлж байна.
Бодлогын шинэчлэл, урт хугацааны төлөвлөлт
Эдгээр бэрхшээлүүдийн хажуугаар Хятад улс ирээдүйн хөгжлийн төлөвлөгөөгөө боловсруулж байна. 2026–2030 оны 15 дахь таван жилийн төлөвлөгөөнд хиймэл оюун ухаан, хагас дамжуулагч, квант тооцоолол зэрэг шинэ технологийг тэргүүлэх чиглэл болгон тодорхойлох төлөвтэй байна. Үүнтэй зэрэгцэн хүнд аж үйлдвэрийн хэт их нийлүүлэлт, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн удаан хугацааны уналт зэрэг бүтцийн асуудлуудыг шийдвэрлэх бодлого боловсруулж байна. Түүнчлэн, хүн ам зүйн удаан хугацааны сорилтуудыг даван туулахын тулд төрөөс төрөлтийг дэмжих, тэтгэврийн тогтолцоог шинэчлэх бодлогын арга хэмжээг судалж эхлээд байна.
Дүгнэлт
2025 онд Хятадын эрх баригчид эдийн засгийн эмзэг байдлыг даван туулах, улс төрийн сахилга батыг бэхжүүлэх, олон улсын харилцааны төвөгтэй орчныг удирдах гэсэн хүндхэн сорилтуудтай нүүр тулна. Эдгээр хүчин чармайлт нь хэр амжилттай байхаас хамаарч Хятадын дотоод тогтвортой байдал төдийгүй хурдацтай өөрчлөгдөж буй дэлхийн дэг журамд Бээжин ямар байр суурь эзлэхийг тодорхойлох болно.
Эх сурвалж: Foreign Policy, Oxford Analytica, Geopolitical Futures.


Leave a comment