Э.Эрдэнэ-Очир

Украины дайны хувьд 2025 он “эргэлтийн цэг” болж магадгүй. Учир нь Оросын эдийн засгийн хүндрэл, бусад дотоод, гадаад сорилтууд нь Украины дайныг удаан хугацаанд үргэлжлүүлэх боломжийг нь улам бүр багасгаж байна. Украины дайнд эргэлт гарвал ОХУ-ын хувьд 2025 он “сэргэлтийн жил” байх болно.

Ерөнхийлөгч Д.Трампын тангараг өргөх өдөр В.Путин БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй утсаар ярьсан, ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулан АНУ-ын шинэ засаг захиргааны бодлого, шийдвэрийн нөлөөллийг хэлэлцсэн хоёр ТОМ ҮЙЛ ЯВДАЛ давхацсан. Энэ нь Д.Трампын бодлого, шийдвэр нь ОХУ-д эерэг, сөрөг ч ялгаагүй ТОМ НӨЛӨӨ үзүүлэхийг тод илтгэж байна.

Гадаад бодлогын сорилтууд

Оросын гадаад бодлогын тулгамдсан асуудлууд зөвхөн Украинаар “хязгаарлагдахгүй”. Д.Трампын гадаад бодлого бүрэн тодорхой болоход В.Путин ч цэргийн тэргүүлэх чиглэлээ шинэчлэх, эдийн засгийн дарамтыг бууруулах, бүс нутгийн холбоотноо тэнцвэржүүлэх шаардлагатай болно.

Ерөнхийлөгч В.Путинд Ойрх Дорнодын бүс нутагт, мөн Хятад, Беларустай холбоотой геополитикийн төвөгтэй нөхцөл байдлыг “зохицуулах” шаардлага тулгарч байна. 

Photo credit: CEPA

Д.Трампын Украин дахь дайныг дуусгах “амлалт” дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа ч Орос “дайн дууссан, дуусаагүй ялгаагүй” олон асуудлуудтай нүүр тулахаар байна. Сирийн Ерөнхийлөгч Б.Ассад эрх мэдлээсээ бууснаас хойш Оросын Ойрх Дорнод дахь цэрэг, стратегийн байр суурь “суларсан”. Беларусын Ерөнхийлөгчийн “хатуу, хяналттай” сонгуулийн үйл явц, үр дүн нь Москвагийн бүс нутгийн холбоотнуудаа баттай авч үлдэх оролдлогыг илэрхийлж байгаа. Үүний зэрэгцээ Хятадын худалдаа, эдийн засгийн хамаарал нь улам бүр нэмэгдэж байгаа, нөгөө талаас барууны хориг арга хэмжээний нөлөөллийг даван гарахын тулд Бээжинтэй худалдаа, эдийн засгийн харилцаагаа тогтвортой хадгалах нь зайлшгүй чухал болоод байна.

Тэгэхээр ОХУ Украины дайныг хамгийн ашигтай нөхцөлөөр дуусгах (түр намжмал байдалд оруулах), олон улс дахь холбоотнуудаа “авч үлдэх”, цэрэг стратегийн болон худалдаа, эдийн засгийн байр сууриа бэхжүүлэх, ахиулах шаардлага нэн тулгам тавигдахаар байна.

Дотоод аюулгүй байдлын сорилтууд

Украинд төвлөрснөөс шалтгаалан Оросын дотоод аюулгүй байдал улам эмзэг болсон байна. Кремль өмнөд хилийнхээ аюулгүй байдлыг бүрэн хангаж чадалгүй, Курск мужид тогтворгүй байдал үргэлжилсээр байгаа нь үүний нэг илрэл юм. Түүнчлэн Исламын улс бүлэглэлийн 2024 оны 3-р сард Москва хотод үйлдсэн дэлбэрэлт (140  амь үрэгдэж, 300 гаруй хүн бэртэж гэмтсэн) нь Оросын дотоод аюулгүй байдлын орчин эмзэг байгааг харуулна.

Photo credit: Maksim Blinov/Sputnik via AP

Үүнд ОХУ-ын Европ дахь дипломат төлөөлөгчийн газрууд, тусгай албадын үйл ажиллагаа нь хумигдсан, мөн Ойрх Дорнод дахь цэрэг стратегийн байр суурь буурч буй зэрэг нь нөлөөлсөн нь тодорхой.

Украины дайн эхэлснээс хойш Оросын 600 гаруй дипломатууд “тагнуул хийсэн, нэн тааламжгүй” гэх шалтгаанаар хөөгдөж нутаг буцсан, цөөнгүй дипломат төлөөлөгчийн газрууд нь хаалгаа барьсан (5-10). Эдгээр орон тоо, бүтэц эргэж бүрэн нөхөгдсөн эсэх нь тун эргэлзээтэй.

Оросын Сири дэх цэрэг стратегийн түшиц цэг Тартус дахь цэргийн бааз нөлөөгөө алдах эрсдэлтэй байгаа бөгөөд Сирийн шинэ удирдлагатай харилцахдаа болгоомжтой хандах хэрэгтэй болж байна. Умард Солонгосын цэргийг “дайнд ашигласан” нь Оросын өөрийн цэргийн бие бүрэлдэхүүн “дутагдалтай” байгааг харуулж байна.

Эдийн засгийн “дарамт” ба инфляци

Оросын эдийн засаг төрийн өндөр төсвийн зардал, татаасаар түр зуур тогтвортой байгаа ч урт хугацаанд сорилтууд улам бүр нэмэгдсээр байна. ОУВС (IMF)-ийн тооцоогоор 2025 онд Оросын ДНБ ердөө 1.3%-иар өсөхөөр байгаа бол 2024 оны сүүлээр инфляц 8.9%-д хүрч өссөн.

Photo credit: Reuters/Maxim Shemetov

Оросын Төв банкны 21%-ийн “өндөр хүү” нь батлан хамгаалахын бус салбарын компаниудыг “дампуурал”-д хүргэж болзошгүй нөхцөл байдал улам бүр ойртсон. Рублийн ханш 2022 оноос хойш 25%-иар унаж, шинэ хориг арга хэмжээ нь Оросын мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг алдагдуулж байна гэж судлаачид үзэж байна.

Ийнхүү капиталын урсгал удааширсан, татвар болон үнэ өссөн, гадаад худалдааны хязгаарлалт, төрийн зохицуулалт зэрэг нь бүхэлдээ Оросын иргэд, аж ахуйн нэгжүүдийн амьдрал ахуй, бизнест “дарамт” болж буй нь гарцаагүй.

Батлан хамгаалахын төсөв ба цэргийн өргөтгөл, үйлдвэрлэл

Оросын 2025 оны төсөв цэргийн зардлыг тэргүүнд тавьж, 132 тэрбум ам.долларыг батлан хамгаалах салбарт хуваарилсан нь холбооны төсвийн 33%-ийг эзэлж байна. Шинжээчдийн үзэж буйгаар батлан хамгаалах салбарт шууд хамаарахгүй боловч дам буюу далд зарцуулагдах төсвийн зардлыг нэмбэл 43%-д хүрнэ гэж үзэж байгаа. НАТО-гийн тэлэлтийг сөрөх, Украины дайны хохирлыг нөхөх зорилгоор Москва цэргийн шинэ нэгжүүд байгуулж, цэрэг армийн үйл ажиллагааг хурдтай өөрчлөн шинэчлэх шаардлагатай тулгарч байна. Гэвч шинэ, хуучин нэгж, хүчнүүдийн харилцан уялдаа, цэргийн зэвсэг техник, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, шинэчлэлийн асуудлууд тулгамдсан “сорилт” хэвээр байна.

Барууны хориг арга хэмжээ Оросын батлан хамгаалах салбарт хүнд цохилт өгсөн, хуучин Зөвлөлтийн танкнуудыг дахин ашиглах, агуулах дахь техникээ сэргээн засварлах нөхцөлд хүргэж байна. Хэдийгээр Хятад, Казахстанаар дамжуулан микрочип импортолж байгаа ч өртөг өндөр байгаа. Орос сард 100–125 танк үйлдвэрлэж, засварлаж байгаа ч ихэнх нь хуучин загварынх бөгөөд орчин үеийн оптик болон өндөр нарийвчлалтай зэвсгийн хомсдолтой тулгарч байна.

Photo credit: ALEXANDER NEMENOV/AFP/Getty Images

Шинжээчдийн үзэж буйгаар Украины дайнд Орос сард хэдэн арван мянган цэргээ алдсан тохиолдол гарсан, иймд дотооддоо дайчилгаагаар 30,000–40,000 шинэ цэрэг элсүүлж байгаа аж. Шинэ цэргийн сургалтын чанар муу байгаа ч тогтмол цалин хөлстэй байгаа нь цэрэг, арми дахь ёс суртахууныг “өндөрт” хадгалж байна.

2025 он: Ойрын төлөв, боломжит хувилбарууд

Товчхондоо ОХУ-ын нөхцөл байдал, Украин дахь дайны явц нь АНУ-ын шинэ засаг захиргааны бодлогоос буюу Д.Трампаас хамаарах аж.

Энэ нөхцөлд Украины дайны ирээдүйн боломжит хувилбаруудыг үнэлбэл дараах байдал харагдаж байна:

Ингээд харахад, Оросын эдийн засаг хүндрэлтэй тулгарч буй боловч барууны хориг арга хэмжээний эсрэг “гайхалтай тэсвэр тэвчээртэй” байгаа нь 2025 онд ч хэвээр үргэлжилнэ гэж судлаачид үзэж байна. Гэвч түүнээс хойш урт хугацаанд эдийн засгийн хүндрэл нэмэгдэх нь улс төр, нийгмийн байдалд нь хэрхэн нөлөөлөх нь мэдээж анхаарлын төвд байна. Иймд ямар ч тохиолдолд зогсонги, түр намжмал байдал бий болгох нь аль ч талуудад ашигтай.

Оросын цэрэг арми нь логистик, технологийн сорилтуудтай тулгарч байгаа хэдий ч хангалттай “тогтвортой” хүчтэй хэвээр байна. Харин ч Москва ирэх жилүүдэд цэргийн өргөтгөл, шинэчлэлдээ улам бүр анхаарах болно.

Энэ мэтчилэн судлаачид ОХУ-ын дотоод, гадаад байдал, Украины дайнтай холбоотой үйл явдлууд, ойрын төлөвийг дээрх байдлаар таамаглаж байна.

Эх сурвалж: Institute for the Study of War, Institute of New Europe, Stratfor, Oxford Analytica, Worldometers, IFRI, CSIS, Atlantic Council.

Leave a comment