Б.Ган-Эрдэнэ
БНФУ-ын нийслэл Парис хотноо энэ оны 2-р сарын 10-11-ний өдрүүдэд хиймэл оюун ухаан (AI)-ы хөгжил, чиг хандлагын талаарх олон улсын дээд хэмжээний уулзалт боллоо. Уулзалтад дэлхийн 100 гаруй орны Засгийн газрын төлөөлөгч, дипломат, цэрэг, аюулгүй байдлын мэргэжилтнүүд, хиймэл оюун ухаан хөгжүүлэгч компаниуд болон дэлхийн шилдэг их дээд сургуулиудын эрдэмтэн судлаачид оролцов. Уулзалтын хүрээнд нь оролцогч талууд “хиймэл оюун ухааныг нээлттэй, хүртээмжтэй, ил тод, ёс зүйтэй, аюулгүй, найдвартай” хөгжүүлэх зарчмыг уриалж, нэгдсэн тунхаглал гаргажээ. Тунхаглалд Канад, Хятад, Франц, Энэтхэг тэргүүтэй зэрэг нийт 60 гаруй орон гарын үсэг зурсан бол АНУ болон Их Британи улсууд гарын үсэг зураагүй аж.

Уулзалтаар дараах ерөнхий сэдвийн хүрээнд дэд хуралдаан, бүлгийн уулзалтууд зохион байгуулагджээ:
- “Дэлхийн хиймэл оюун ухааны засаглал”
- “Ажлын байрны ирээдүй”
- “Олон нийтийн зүгээс хиймэл оюун ухааны хөгжилд хандах хандлага сонирхол”
- “Хиймэл оюун ухаанд итгэх итгэл”
- “Инноваци болон соёл”
- “Олон талт хамтын ажиллагаа”
Дэлхийн хиймэл оюун ухааны зах зээлд АНУ, БНХАУ тэргүүлж байгаа бол Европын орнууд хиймэл оюун ухааныг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт, технологи, инновацийн асуудалтай тулгарч байна.

АНУ нь OpenAI-ийн ChatGPT, Google-ийн Gemini, томоохон технологийн компаниудын хөрөнгө оруулалттайгаар дэмжиж байгаа. Харин Хятад энэ салбарт хурдтай орж ирж байгаа, энэ 1-р сарын сүүлээр Хятадын DeepSeek компани AI-ийн DeepSeek-R1 загварыг танилцуулсан бөгөөд энэ нь АНУ-аас хэд дахин бага зардлаар, илүү нээлттэй хөгжүүлж буйгаараа онцлог аж.
Ийнхүү Парис хотноо хиймэл оюун ухааны хөгжлийн олон улсын уулзалтыг дээд хэмжээнд зохион байгуулж байгаа нь Франц улс хиймэл оюун ухааны төв болох эрмэлзлээ дэлхийн нийтэд илтгэн харуулсан үйл явдал боллоо. Мөн АНУ-ын хиймэл оюун ухааны компани ChatGPT, БНХАУ-ын хиймэл оюун ухааны компани DeepSeek-ийн “өрсөлдөөн”-ий үеэр энэ дээд хэмжээний уулзалт болж байгаа нь олон улсын анхаарлыг татаж байна.
Уулзалтын хүрээнд болсон нэгдсэн хаалттай хуралд хиймэл оюун ухааны хөгжүүлэгч анхны эрдэмтэн Канад улсын эрдэмтэн Ё.Бэнжио, АНУ-ын Ерөнхийлөгч асан Жо Байден болон НҮБ-ын хиймэл оюун ухааны бодлогын зөвлөх А.Нелсон, БНХАУ-ын Аж үйлдвэрийн бодлого хариуцсан Ерөнхий сайдын орлогч Жан Гуочин зэрэг албаны хүмүүс оролцсон. Үүнээс гадна Хятад-Францын хоёр талын болон оролцогч талуудын цэргийн шинжээч, зэвсгийн үйлдвэрлэл эрхлэгчид, аюулгүй байдлын салбарынхны дунд хаалттай хурлууд болжээ.
БНХАУ-ын талаас тус улсын Гадаад харилцааны дэд сайд асан Фу Ин мөн оролцож, оролцогч талуудад, ялангуяа АНУ-ын төлөөлөгчдөд хандан хиймэл оюун ухааны хөгжүүлэлтэд хамтран ажиллахыг уриалсан. Тэрээр “БНХАУ, АНУ нь хамтран ажиллаж чадвал хиймэл оюун ухаант машиныг удирдах замыг олж чадна” гэж онцолсон байна. БНХАУ-ын Цинхуа Их сургуулийн академич Фу-гийн үзэж байгаагаар АНУ-аас БНХАУ-д тавьсан технологийн хязгаарлалт нь олон улсын технологийн хамтын ажиллагааны орчныг “устгаж” байна гэв. Энэ нь шинжлэх ухаан, технологийн тэсрэлтийн энэ цаг үед том гүрнүүд хамтын ажиллагаагаа зогсоох эрсдэл үүсч байна. Хиймэл оюун ухааны хөгжлийн найдвартай, хариуцлагатай ирээдүйг бий болгох хамгийн зөв сонголт бол АНУ, БНХАУ-ын хиймэл оюун ухааны хөгжүүлэлтийн хүчийг БНХАУ-ын зах зээл, үйлдвэрлэлийн туршлага, АНУ-ын хөрөнгийн хүртээмжтэй хослуулах явдал гэжээ.

БНХАУ-ын 2024 оны 7 сард баталсан хөтөлбөрт тус улс 2026 онд дотооддоо 50 орчим хиймэл оюун ухааны стандартыг бий болгох, олон улсад 20 орчим стандартыг бий болгоход оролцохоор тусгасан. Тухайлбал, аюулгүй байдал, засаглал, үйлдвэрлэлийн хэрэглээ, программ хангамж, тооцоолох систем, мэдээллийн төв, хагас дамжуулагч, туршилтын арга зүйн стандартыг тогтоож болохыг онцолж, дэлхийд хиймэл оюун ухааны тэргүүлэгч улс болохоор зорьж байна. Өмнөд Солонгос, Польш, Сингапур улсуудын хувьд хиймэл оюун ухааны өсөн нэмэгдэж буй хэрэглээтэй холбогдуулан тус 3 улсын томоохон бизнес эрхлэгчид оролцож ирээдүйн чиг хандлагад хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, хөгжүүлэлт, шинээр бий болох ажлын байр зэрэг шинэ чиг хандлагад нийцүүлэхээр ажиллаж байна.
Эх сурвалж: SCMP, Elysee, Al Jazeera.


Leave a comment