Германы Бундестагийн ээлжит бус сонгууль 2025 оны 2-р сарын 23-нд болж, улс төрийн томоохон өөрчлөлт гарав. Христийн Ардчилсан Холбоо/Христийн Нийгмийн Холбоо (CDU/CSU) эвсэл 28.6% санал авч ялалт байгуулсан бол Германы төлөөх өөр сонголт (AfD) түүхэндээ анх удаа 20.8% санал авч, 2021 оны сонгуультай харьцуулахад дэмжлэгээ хоёр дахин нэмэгдүүлж, хоёрдугаарт оров. Канцлер Олаф Шольцийн Социал Демократ Нам (SDP) 16.4%-тай гуравдугаарт орсон нь өнгөрсөн сонгуультай харьцуулахад гуравны нэгээр буурсан, SDP намын түүхийн хамгийн муу үзүүлэлт байлаа. “Ногоон” нам болон Зүүний нам тус тус 11.6% болон 8.8%-ийн санал авчээ.
Чөлөөт Ардчилсан Нам (FDP) болон Сангийн сайд асан Кристиан Линднерийн удирддаг “Хүсэл тэмүүлэл ба шударга ёсны төлөөх Сахра Вагенкнехтийн холбоо” нь 5%-ийн босго давж чадсангүй, тус тус 4.9% болон 4.3% дэмжлэг авчээ.

Христийн Ардчилсан Холбоо (CDU) нь ялалт байгуулснаар, Фридрих Мерц ХБНГУ-ын Канцлер болох, эвслийн Засгийн газар байгуулах төлөвтэй байна. Гэвч CDU ганцаараа Засгийн газар байгуулах боломжгүй тул 120 суудал авсан Социал Демократ нам (SDP)-тай хамтрах нь хамгийн бодитой хувилбар болоод байна. Энэ тохиолдолд SDP-гийн одоогийн канцлер Олаф Шольцыг шинэ танхимд оруулахгүй байх нөхцөлтэйгөөр энэ эвсэл байгуулахыг зорих нь ээ.
Фридрих Мерц: Консерватив чиг шугамыг хадгалсан шинэ канцлер
Консерватив Христийн Ардчилсан Холбоо (CDU)-ын дарга Фридрих Мерц сонгуулийн дүнгээр Германы дараагийн канцлер болох нь тодорхой болж байна. Фридрих Мерцийн ялалт нь 12 жилийн завсарлага авсны дараах улс төрийн томоохон эргэн ирэлт боллоо. Ф.Мерц нь консерватив үзэлтэн бөгөөд SPD-тай тэмцэхээр өөрийгөө байршуулж, намынхаа консерватив болон Христийн ардчилсан үнэт зүйлсийг тусгах нь гарцаагүй.

69 настай тэрээр 1949 онд 73 насандаа Холбооны Бүгд Найрамдах Германы Улсын анхны канцлер болж байсан Конрад Адэнауэрийн дараа орох хамгийн өндөр настай удирдагч болох гэж байна. Гэвч тэрээр хангалттай “залуу үзэл санаатай, түүнийг хангалттай залуу бодлогыг эрч хүчтэй” хэрэгжүүлнэ гэсэн хүлээлт байна. Фридрих Мерц цөмийн энергийг дэмжиж, эдийн засгийг илүү либерал болгох, төрийн хүнд суртлыг бууруулах бодлого баримталж ирсэн. Сүүлийн жилүүдэд Германы цагаачлалын бодлогын үр дагаврыг шүүмжилж, “гадаадын иргэдтэй холбоотой асуудал” байгааг онцолж, Германд “ноёлогч удирдах соёл” байх ёстой гэж үзэж, ярьж байгаа.
Иймд тэрээр энэ мэтчилэн маргаантай сэдвүүдийг дахин сөхөж улс төр, нийгмийн орчинд “дуулиан” дагуулах өөрчлөлтүүд хийж магадгүй. Учир нь тэрээр намуудын удаан хугацаанд баримталж ирсэн консерватив бодлогыг шинэчлэх хэрэгтэй гэж үздэг.
Улс төрийн өөрчлөлт ба Шинэ эвсэлүүд
Нөгөө талаас Христын ардчилсан холбоо-Христын нийгмийн холбооны эсвэл ялалт байгуулж, канцлер болох Ф.Мерцийн үзэл санаа, бодлого, “шинэ уур амьсгал”-ыг эс тооцвол Бундестагийн сонгууль гойд “сюрпризгүй болсон” гэж үзэж болно. Сонгууль болдгоороо болоод өнгөрлөө. Өмнөх Засгийн газрын эвслийн 4 намаас Чөлөөт ардчилсан нам л 5 хувийн босго давж чадсангүй. Одоогийн эрх баригч Социал демократ нам канцлерын албаа өгөх ч Засгийн газарт орох юм шиг байна. Ногоонтны нам Бундестагт сонгогдох босго давсан тул засагт орох бололтой.

Гэхдээ өмнөх сонгуульд авсан саналаасаа социал демократууд ч ногоонтнууд ч бага санал авчээ.
Цөөн үгээр, Германы баруун төвийн, христийн ардчилсан, консерватив чиглэлийн улс төрийн нам ялснаар ийнхүү консерватив үзэлтнүүд дийлэнх болсон, гэвч хэт баруун үзэлтнүүдийн дэмжлэг оролцоо нэмэгдсэн дүнтэй байна.
Хамгийн амжилттай бас сонирхолтой нь “Германы төлөөх өөр сонголт нам”
Тус нам хэт барууны чиг баримжаатай гадаадын цагаачдыг үзэн яддаг үндсэрхэг бодлоготой, Украинд туслахыг эсэргүүцэж оросуудыг далдуур дэмждэг, энэ намыг Трамп болон түүний багийнхан илт дэмжиж байгаа. Энэ нам сонгуульд хамгийн амжилттай оролцсон, өөрөөр хэлбэл Бундестагт хоёр дахь том төлөөлөл бүхий нам боллоо.

Гэвч ХАХ-ХНХ, СДН, Ногоонтнууд аль нь ч тус намынхантай хамтарч Засгийн газар байгуулахгүй гэж зарлаад зай бариад байгаа тул Эвслийн Засгийн газар нэгдсэн хөтөлбөрөө боловсруулахын тулд багагүй бэрхшээлтэй тулгарах бололтой. Дээр нь улс орны эдийн засгийн дотоод байдал сайнгүй талдаа байгаа учир нэлээд хүндрэл тосч байгаа. Тун тогтворгүй байдал үргэлжилж ч магадгүй байна.
Ер нь Доналд Трампын ялалтын дараа Европын Холбоо, НАТО болон Франц, Англи гээд томоохон гүрнүүд нэлээд сандарч байна.
Украиныг дэмжих эсэх дээр АНУ Европын холбооны орнуудтай зөрөлдөөнтэй байгаа учир “хошин шогийн” багагүй тоглолт үргэлжилж дэлхийн хүчний харьцаа ч дээсэн дөрөөн дээр очиж мэдэхээр байна. Дайн л түргэн дуусаасай гэсэн үзэл бодол хаа сайгүй байгаа ч Европын Холбоо, НАТО-гийн орнууд АНУ-аас хараат байдлаа багасгаж батлан хамгаалах, эдийн засаг, эрчим хүч зэрэг олон асуудлаар биеэ даах гэж оролдохоос аргагүй болж байна. Үүний зэрэгцээ Украиныг дэмжих асуудал хамгийн маргаантай асуудлын нэг болж байх шиг.
Энэ нөхцөлд ОХУ, Хятад, Бриксийн орнууд болон Саудын Араб зэрэг улс орнууд дипломат тавцан дээр тоглолт хийх боломж нь нэмэгдэж байна. Манай улс НҮБ зэрэг олон улсын тавцанд өрнөх тоглолт дээр тун хашир, барьцтай бодлого баримтлахгүй бол амаргүй болж байна гэсэн үг л дээ.
Германы улс төрөөс жишээлж харахад зөвхөн Германы улс төр тодорхойгүй, зөрчилдөөнтэй болоод зогсохгүй, дэлхийн нийтээрээ ийм байдалд орж байна.
Германы сонгуулийн дүнгээс дараах 5 чухал зүйлийг ажиглаж болохоор байгааг товч харцгаая
Нэг. AfD зүүн бүсэд давамгайлж, баруун руу тархаж байна
ХБНГУ-ын сонгуулийн дүнгийн газрын зургийг харахад та Хүйтэн дайны үед буцаж очсон мэт сэтгэгдэл төрөхөөр байна. Тухайн үед төмөр хөшиг Зүүн Германы коммунист хэсгийг баруунаас нь тусгаарлаж байв. Харин одоо бол Герман улс төрийн үзэл санааны хувьд дахин хоёр хуваагдаж байна гэхэд болно.
Харин одоо бол Зүүн Германд ихэнх хэсэг нь AfD-гийн цайвар цэнхэр өнгөөр будагдсан бол Берлин, Лайпцигийн хагас зэрэг цөөн хэдэн бүс л өөр өнгөтэй байна. Харин баруунд ихэнх нутаг консерватив хар өнгөтэй бөгөөд ялангуяа Бавари дахь CSU (ХБНГУ-ын сөрөг хүчний удирдагч Фридрих Мерцийн консерватив нам) давамгайлж байна.

Үүний зэрэгцээ AfD баруун Германд ч тархаж, хуучин томоохон намуудад үнэнч байсан сонгогчид тэднээс холдож байна.
Хоёр. Германчууд сүүлийн 40 жилд байгаагүй ихээр буюу маш идэвхтэй саналаа өглөө
Германы сонгуулийн ирц 1987 оноос хойш анх удаа 82.5%-д хүрсэн нь баруун, зүүн Германы нэгдлээс гурван жилийн өмнөх түүхэн үзүүлэлттэй дүйцэж байна.
Дөрвөн жилийн өмнө ирц 76.6% байсан бол энэ удаад Германы 59.2 сая сонгогчийн таван хүн тутмын дөрвөөс илүү нь саналаа өгчээ. Энэ нь энэхүү сонгууль Германчуудын хувьд ямар чухал үйл явдал байсныг харуулж байна. Сонгуулийн төгсгөлийн шатанд есөн удаагийн телевизийн мэтгэлцээн зохиогдсон нь сонгогчдын өргөн хүрээний сонирхлыг илэрхийлж буй хэрэг юм.
Гурав. Өмнөх эвслийн Засгийн газрын удирдагчдын эрин дууслаа
Олаф Шольцын тэргүүлсэн гурван намын эвслийн Засгийн газар өнгөрсөн оны сүүлээр бутарч, Ням гарагийн сонгуулиас ердөө 24 цагийн дараа гурван намын удирдагчид бүгд улс төрийн тэргүүн эгнээнээс гарахаа зарлалаа.
Эхлээд Эдийн засгийн либерал FDP намын дарга Кристиан Линднер огцрохоо мэдэгдэв. Тэрээр намыг 11 жил удирдсан ч энэ удаагийн сонгуульд нэг ч суудал авч чадсангүй. Улмаар улс төрөөс бүрмөсөн гарахаа зарлажээ.
Засгийн газрыг унагасан гол шалтгаан нь Линднерын өрийн асуудалд буулт хийхээс татгалзсан явдал байсан бөгөөд энэ нь эцэстээ түүний намыг улс төрөөс холдууллаа.
О.Шольц дараагийн Засгийн газар бүрэлдэх хүртэл канцлерын үүрэгтээ үлдэх ч эвслийн хэлэлцээнд оролцохгүй, тэр улмаар улс төрийн тэргүүн эгнээнээс бүр мөсөн гарна. Ногоон намын дэд канцлер Роберт Хабек ч сонгуулиар нам нь 12%-ийн босго давж чадалгүй унасны дараа улс төрөөс гарах нь.
Үүнийг ажиглавал АНУ-ын сонгуулийн үр дүн, түүний инерц нь Германы сонгуулийн дүнд ийм хүчтэй нөлөөлөв үү гэмээр харагдаж байна.
Дөрөв. TikTok үеийнхэн Зүүний намыг аврав
Хэдхэн долоо хоногийн өмнө Зүүний нам (Die Linke) мөхөх нь тодорхой болсон мэт дүр зурагтай байв. Тус намын голлох улстөрчдийн нэг болох Захра Вагенкнехт өөрийн илүү популист шинжтэй шинэ намыг (BSW) байгуулж, парламентын найман гишүүний хамт шинэ нам нэгдсэнээр Зүүний нам сулрахад хүрсэн.
Эхэндээ Вагенкнехт болон түүний BSW намын нэр хүнд огцом өссөн ч эцэстээ парламентын 5%-ийн босго давж чадсангүй.
Харин Die Linke-д тэс өөр үйл явдал өрнөж, цахим сүлжээг ашигласан оновчтой кампанит ажлын ачаар “амилж” чадлаа. Тус намын хамтарсан дарга Хайди Райхиннек AfD-гийн эсрэг сөргүүлсэн кампанит ажил сошиалд хийснээр TikTok-д алдаршиж, одоо 580,000 дагагчтай болоод байна. Түүний бичлэгийг нийт долоон сая хүн үзжээ.
Энэ кампанит ажлын үр дүнд Die Linke 9%-д дөхсөн санал авч, улс төрийн тавцангаас арчигдах аюулаас гарч чадлаа.
Тав. Залуус зүүн, баруун тийш хуваагдаж, ахмадууд төвдөө үлдэв
ARD телевизийн судалгаагаар, Die Linke намын TikTok дээрх алдартай видео бичлэгүүд 18-24 насныхны дөрөвний нэгийн саналыг татаж чадсан бол AfD ч бас 21%-ийн дэмжлэг авч, тэдний араас ойрхон нэхэж явжээ.
Сонгуулийн үеэр сошиал медиа орчинд хамгийн их анхаарал татсан улстөрч нь Alice Weidel байсан бөгөөд тэр Heidi Reichinnek-ийг ч давж, TikTok дээр 935,000 гаруй дагагчтай болжээ. Харин 35-аас дээш насныхны дунд Христийн Ардчилсан нам давамгайлж, эрчүүд эмэгтэйчүүдээс илүү идэвхтэйгээр уг намыг дэмжсэн байна.
Эх сурвалж: Deutsche Welle, Politico, BBC, Atlantics Council, Special EuraAsia.


Leave a comment