Судлаач Ч.Сумъяа, Х.Гарьдбилэг
Сүүлийн жилүүдэд Солонгосын хойгийн нөхцөл байдал цар тахлын нөхцөл байдлын улмаас түр намжмал байсан ч хурцадмал хэвээр байна. Д.Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр эргэн ирж буй нь тус бүс нутагт, тэр дундаа АНУ–Хятад харилцаа, Орос-Украины дайн, АНУ–Умард Солонгосын харилцаанд өөрчлөлт авчирч байна.
Тэгвэл энэ чиглэлээрх сүүлийн үеийн нөхцөл байдалд үндэслэн 2025 оны Солонгосын хойгийн нөхцөл байдлыг таамаглаж, Умард Солонгосын цэрэг-стратегийн чадавх, нөөц, гадаад худалдаа, хориг арга хэмжээний хүчин зүйлсэд тулгуурлан үйл явдлын өрнөлд дүн шинжилгээ хийхийг зорилоо.
Сүүлийн үеийн гол үйл явдал
Ерөнхийлөгч В.Путин 2024 оны 6 дугаар сарын 18-19-ний өдөр Умард Солонгост айлчлав. Энэ нь түүний хувьд 24 жилийн дараа Умард Солонгост хийсэн айлчлал болсон бөгөөд тэрээр Умард Солонгосын удирдагч Ким Жон Унтай хэлэлцээ хийж, хоёр улсын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээнд гарын үсэг зурсан.

Энэ гэрээ нь хоёр улсын хоорондын цэрэг, эдийн засаг, улс төрийн харилцааг гүнзгийрүүлэхэд чиглэсэн юм. В.Путины айлчлалын дараа 2024 оны 11 дүгээр сард Батлан хамгаалахын сайд Андрей Белоусов Умард Солонгост айлчилсан нь хоёр улсын стратегийн түншлэлийг бэхжүүлэх чиглэлд чухал алхам болсон. Түүний айлчлал 2023-2024 онуудад Орос–Умард Солонгосын хооронд эрчимтэй хөгжиж буй цэрэг-техник, эдийн засгийн хамтын ажиллагааны үргэлжлэл, БНАСАУ-аас Украины дайнд цэрэг оролцуулах, ОХУ-ын талаас зэвсгийн технологийн хамтын ажиллагаанд туслалцаа үзүүлэх үндэс болж байна.
Умард Солонгосоос ирэх гол “аюул занал” нь цөмийн зэвсэг үү?
Умард Солонгос нь 1984 оноос хойш хол, дунд, ойрын тусгалын пуужин, нам өндрийн далавчит пуужин, шумбагч онгоцноос хөөргөх пуужин (SLBM) зэрэг олон төрлийн пуужин хөөргөсөөр, хөгжүүлсээр иржээ. Мөн 2017 онд цөмийн туршилт хийснээс хойш одоогоор дахин туршилт хийгээгүй ч сүүлийн үед цөмийн зэвсэг турших магадлалтай шинж тэмдэг ажиглагдаж байгаа. Тус улс дор хаяж 40-60 цөмийн цэнэгт хошуутай, нэмж цөмийн цэнэгт хошуу үйлдвэрлэх материалтай. АНУ-ын RAND, Шведийн судалгааны эх сурвалжууд тус улсыг 150-200 орчим цөмийн цэнэгт хошуутай гэж үздэг.
Өндөр магадлалтай үйл явдал (70%-иас дээш магадлалтай)
Умардын зэвсэглэл, пуужингийн туршилт
“Хвасон-18” тив алгасах баллистик пуужингийн туршилт дахин хийх, энэ удаад Аляск зэрэг Америкийн эх газар орчимд хүрэх тусгалтай болгох, батлан харуулахыг зорьж магадгүй.

Умард Солонгос 2023 оны 4 дүгээр сарын 13-нд шинэ төрлийн “Хвасон-18” тив алгасах баллистик пуужинг анх удаа туршсан. Энэ нь Умард Солонгосын анхны хатуу түлшээр ажилладаг тив алгасах баллистик пуужин бөгөөд “Хвасон-18”-ыг өмнөх шингэн түлштэй тив алгасах баллистик пуужингуудтай харьцуулахад илүү аюулгүй, ажиллуулахад хялбар болгожээ. “Хвасон-18”-ын тусгал нь 15,000 км хүрдэг бөгөөд энэ нь АНУ-ын бүх нутаг дэвсгэрт хүрэхүйц тусгалтай. Иймд Умард Солонгос энэ онд “Хвасон-18” пуужингийн хөгжүүлэлт дээр анхаарч, турших магадлалтай.
Умард дахь Москвагийн дэмжлэг
ОХУ-тай улс төр, эдийн засаг, батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарт харилцаагаа гүнзгийрүүлж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд Оросын дэмжлэгийг авах замаар хориг арга хэмжээнээс “зайлсхийхийг” эрмэлзэнэ.

Олон улсын хориг арга хэмжээтэй холбоотойгоор Умард Солонгос гадаад улсуудад зэвсэг худалдаалах замаар эдийн засгийн ашиг, улс төрийн дэмжлэг авахыг эрмэлзсээр иржээ. Харин Орос – Украины дайн нь Умард Солонгос, Оросын хооронд зэвсгийн наймаа хийх боломжийг олгов. 2025 онд Умард Солонгос Орос руу ойрын тусгалын баллистик пуужин зэрэг цэргийн зарим зэвсэг, техник хэрэгслийг үргэлжлүүлэн экспортолж, оронд нь нэн шаардлагатай хүнс, эрчим хүч, түлш, гадаад валют, техник технологийн бусад дэмжлэгийг авах магадлалтай. Ийнхүү Оростой цэргийн хамтын ажиллагаагаа бэхжүүлэх нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд Оросын дэмжлэгийг авах, хориг арга хэмжээнээс “зайлсхийх” боломжийг нэмэгдүүлнэ. Энэ нь нөгөө талаар БНАСАУ-ыг АНУ-тай яриа хэлэлцээний ширээний ард суулгахад хүргэж магадгүй.
Умардын тал Өмнөд Солонгосын хил дагуух их бууны ангиудыг цөмийн цэнэгт хошуутай пуужингаар зэвсэглэхийг зорино.
Умард Солонгос сүүлийн жилүүдэд тактикийн цөмийн зэвсгийг идэвхтэй хөгжүүлж, үүнийг Өмнөд Солонгос, АНУ-ын цэргийн давуу талд хариу үйлдэл үзүүлэх чухал хэрэгсэл гэж үзэж байна. Умард Солонгос хилийн бүсэд байрлах их бууны ангиудад KN-25 төрлийн 600 мм-ийн пуужинг байрлуулж эхэлсэн байж магадгүй бөгөөд энэ пуужин нь 400 км-ийн тусгалтай, цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх чадвартай. Энэ нь Өмнөд Солонгосын зүгээс хариу арга хэмжээ авахад хүргэж, хойгийн цэрэг-стратегийн байдлыг улам хурцатгаж болзошгүй.

Умард, Өмнөдийн харилцаа
Юн Сог Ёль нь БНАСАУ-ын эсрэг хатуу байр суурь баримталж, Япон болон АНУ-тай батлан хамгаалах, худалдааны салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг зорьж байсан. Түүнийг огцорсны дараа шинэ Ерөнхийлөгчийн БНАСАУ-тай харилцах харилцаа зөөлөрч, яриа хэлэлцээний замаар асуудлыг шийдвэрлэх оролдлого нэмэгдэх магадлал өндөр байна.
Юн Сог Ёль 2022 онд Ерөнхийлөгч болсон цагаас хойш Умард Солонгосын талаар хатуу бодлого баримтлах болсон нь нөхцөл байдлыг хүндрүүлэх шалтгааны нэг болсон. Байдал энэ хэвээр удаан үргэлжилбэл Өмнөд Солонгос бүр өөрийн гэсэн цөмийн зэвсэгтэй болохыг оролдож бүс нутгийн зэвсэглэлээр хөөцөлдөх, тогтворгүй байдлыг нэмэгдүүлж болзошгүй байдалтай байгаа юм. Юн Сог Ёль Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байгаа ч импичментээр огцорсон тохиолдолд БНСУ-ын гадаад бодлого, тэр дундаа БНАСАУ-тай харилцах харилцаанд өөрчлөлт гарах магадлалтай.
“Шинэ Хүйтэн дайн” ба Америк-Хятадын харилцааны нөлөөлөл
Ким Жон Ун 2021 онд анх удаа “Олон улсын харилцааны бүтэц шинэ хүйтэн дайны хэлбэр рүү шилжиж байна” гэж мэдэгдэж байсан. Харин 2022 онд “шинэ хүйтэн дайн эхэлсэн” гэж нотолж, 2023 онд “дэлхий даяар шинэ хүйтэн дайн бодит болсон” гэж мэдэгдлүүддээ дурдаж байсан.
Гэвч 2023 оноос хойш Ким Жон Ун энэ үгийг хэрэглэхээ больсон бөгөөд 2024 оны сүүлчээс эхлэн олон улсын харилцааны тогтолцоо “шударга олон туйлт ертөнц рүү шилжиж байна” гэж мэдэгдэж эхэлсэн юм.

Үүний гол шалтгаан нь Хятад улс юм. Бээжингийн зүгээс АНУ-ын бодлогод шүүмжлэлтэй хандаж, “шинэ хүйтэн дайн” гэх ойлголтыг эрс эсэргүүцэж буй. Тиймээс Умард Солонгосын хүссэн шиг эвсэл үүсэх эсэх нь АНУ–Хятад харилцаанаас шууд хамаарна. 2025 онд доорх хоёр боломжит хувилбар өрнөх боломжтой:
- Д.Трампын удирдлага дор Америк–Хятадын харилцаа хурцадна. ХКН-ыг “дарангуйлагч дэглэм” гэж зарлаж, эдийн засгийн салбарт бүрэн саланги, тусгаарлах, хамгаалах бодлого барина. Хэрэв энэ хувилбар туйлдаа хүрвэл Хятад АНУ-ыг сөргүүлэн эвсэл байгуулж, Умард Солонгос үүнд оролцоно. Ингэснээр Умард Солонгосын эсрэг тавигдсан хориг арга хэмжээ сулрах магадлалтай.
- Америк–Хятадын харилцаа тогтворжино. АНУ-ын зүгээс Хятадад 60%+10% импортын татвар тавих боловч худалдааны дайн хурц хэлбэрт хүрэхгүй. Энэ тохиолдолд Умард Солонгосын боломж хязгаарлагдмал хэвээр байх болно.
Умард Солонгос эхний хувилбарыг илүүд үзэх боловч, хоёр дахь хувилбар илүү бодитой байх магадлал өндөр байна.
Дунд зэргийн магадлалтай үйл явдал (30%-70% магадлалтай)
7 дахь цөмийн туршилт
Умард Солонгос 2018 оны 4 дүгээр сард цөмийн туршилтаа зогсоосон гэж мэдэгдсэн боловч сүүлийн жилүүдэд Пеньян цөмийн туршилтаа дахин эхлүүлэх магадлал өссөөр байна. 2025 онд Умард Солонгос 7 дахь цөмийн туршилтаа хийж, цөмийн зэвсгээр “далайлгах” бодлого, чадавхаа нэмэгдүүлэхийн тулд цөмийн зэвсэг турших магадлалтай. 7 дахь цөмийн туршилтын бэлтгэл ажлыг хангаж байх шинж тэмдэг ажиглагдаж байна хэмээн барууны голдуу олон улсын тинк танк байгууллагынхан сүүлийн 1-2 жилд эрчимтэй анхааруулж байна.

Умард Солонгос найдвартай тэнгисийн цөмийн хүчийг бий болгохын тулд шумбагч онгоцноос хөөргөх баллистик пуужин (SLBM) хөгжүүлэхээр зорьж байгаа юм. Гэвч шумбагч онгоцноос хөөргөх пуужин (SLBM)-ийн туршилт амжилтгүй болбол тэнгисийн цөмийн хүчнийг байгуулах ажил бүтэлгүйтэх, зогсох магадлалтай.
Умард Солонгосын шумбагч онгоцноос хөөргөх пуужингийн технологи нь хараахан бүрэн боловсроогүй, шумбагч онгоцны чадавх нь хязгаарлагдмал хэвээр байна. Умард Солонгос шумбагч онгоцноос хөөргөх пуужингийн туршилтыг хэд хэдэн удаа хийсэн боловч амжилтгүй болсон. Энэ онд Умард Солонгос шумбагч онгоцноос хөөргөх пуужингийн туршилтыг үргэлжлүүлэн хийх боловч дахин амжилтгүй болж магадгүй, энэ тохиолдолд тэнгисийн цөмийн хүчний бүтээн байгуулалтыг түр зогсоож, нөөцөө цөмийн болон пуужингийн бусад төслүүдэд төвлөрүүлнэ.
Бага магадлалтай үйл явдал (30%-иас бага магадлалтай)
Умард Солонгосын эсрэг авсан хориг арга хэмжээ
Умард Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөрийг хязгаарлахын тулд олон улсын хамтын нийгэмлэг Умард Солонгосын эсрэг хэд хэдэн удаагийн хориг арга хэмжээ авсан. Эдгээр хориг арга хэмжээ нь гол төлөв дараахад чиглэдэг:
- Худалдааны хориг: Умард Солонгосын импорт, экспортыг хязгаарлах, улмаар нүүрс, төмрийн хүдэр, нэхмэлийн бүтээгдэхүүн зэрэг бүтээгдэхүүнийг экспортыг хориглох, нефт түлшний импортыг хязгаарласан.
- Санхүүгийн хориг: Умард Солонгосын гадаад дахь хөрөнгийг царцаах, тус улсын санхүүгийн байгууллагуудын олон улсын гүйлгээг хязгаарлах, мөн санхүүгийн үйлчилгээ үзүүлэхийг хориглосон.
- Хүний эрхийн хориг: Хүний эрхийг зөрчсөн Умард Солонгосын зарим иргэд болон аж ахуйн нэгжүүдэд хориг арга хэмжээ авсан.
Хятад, Оросын зүгээс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолд хамтран хориг тавих тул Умард Солонгосын эсрэг шинээр хориг арга хэмжээ авах, одоогийн хоригийг сунгах, шинэчлэх магадлал бага.
Хятад, Орос улсууд Солонгосын хойгийн цөмийн зэвсгийн асуудлаар яриа хэлэлцээний замаар маргааныг шийдвэрлэхийг дэмжиж, Умард Солонгост “хэт хатуу хориг арга хэмжээ авах”-ыг эсэргүүцсээр ирсэн. Өмнө нь ч Хятад, Оросын тал НҮБ-ын Аюулгүйн зөвлөл дээр Умард Солонгосын эсрэг хориг арга хэмжээ авах хэд хэдэн тогтоолд хамтран хориг тавьж байсан. 2025 онд Умард Солонгос цөмийн болон пуужингийн туршилт хийвэл Америк, Өмнөд Солонгос тэргүүтэй улсууд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөр БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээ авах тогтоол батлуулахыг зорьж магадгүй ч Хятад, Орос хамтран хориг тавина.
Умард, Өмнөд Солонгос шууд цэргийн мөргөлдөөнд орох магадлал бага
Сүүлийн жилүүдэд Умард, Өмнөд Солонгосын хоорондын цэргийн сөргөлдөөн улам бүр нэмэгдэж, хилийн бүсэд олон удаа мөргөлдөөн гарсан. Хэдийгээр бүрэн хэмжээний дайн гарах магадлал бага ч, талуудын буруу тооцоолол, гэнэтийн үйл явдлын улмаас их бууны буудлага, жижиг хэмжээний зэвсэгт мөргөлдөөн зэрэг хязгаарлагдмал цэргийн мөргөлдөөн гарах магадлал, эрсдэл байсаар байгаа.
Гэвч байдлаас үзэхэд Умард Солонгос, Оросын цэргийн хамтын ажиллагаа гүнзгийрч байгаа нь бүс нутгийн нөхцөл байдлыг тогтворгүй болгох боловч Солонгосын хойгт дайн гарах, цэргийн мөргөлдөөн гарах магадлал бага.
Умард Солонгосын эдийн засгийн хүндрэл ба гадаад худалдаа
Умард Солонгосын эдийн засаг удаан хугацааны турш олон улсын хориг арга хэмжээний дарамтад байгаа бөгөөд уг байдлаас үүдэлтэй хүнсний болон эд материалын ноцтой хомсдол гэсэн давхар дарамтад байдаг. Эдгээр дарамтуудыг даван туулахын тулд Умард Солонгос гадаад худалдааг идэвхтэй хөгжүүлэх замаар гадаад валют болон зайлшгүй шаардлагатай бараа, материал олж авахыг зорьж байна. Хятад улс бол Умард Солонгосын хамгийн чухал худалдааны түнш бөгөөд хоёр талын худалдааны эргэлт нь Умард Солонгосын нийт гадаад худалдааны 90 гаруй хувийг эзэлдэг. Сүүлийн жилүүдэд цар тахал болон хориг арга хэмжээний нөлөөлөл байсан хэдий боловч тус хоёр улсын худалдааны эргэлт тодорхой хэмжээнд хэвээр хадгалагдсаар байна.
Умард Солонгос, Оросын хамтын ажиллагаа гүнзгийрэхийн хэрээр Умард Солонгос худалдааны зарим хэсгийг Орос руу “шилжүүлэх” бодлого барина. Оросоос эрчим хүч, түлш, хүнс, цэргийн зориулалттай бараа, материал импортлохыг зорих боловч хэрэгжих, амжилтад хүрэх магадлал бага.
Умард Солонгосын цэрэг-стратегийн чадавхи
Умард Солонгос ойрын тусгалын цөмийн цохилт өгөх системтэй, тэр нь Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрийн аль хэсэгт тусах боломжтой. Умард Солонгос ойролцоогоор 40-60 цөмийн цэнэгт хошуутай гэсэн мэдээлэл байдаг.
Иймд Умард Солонгос Өмнөд Солонгост цөмийн цохилт өгөх чадвартай бөгөөд цөмийн зэвсгийн тоо хэмжээ нь ч багагүй. Гэвч тив алгасагч баллистик пуужингийн технологи, мөн түүнчлэн цөмийн цэнэгт хошууг жижгэрүүлэх, хөгжүүлэх шаардлагатай байгаа нь АНУ-д бодит цөмийн аюул учруулах боломжгүй аж.
Умард Солонгосын хориг арга хэмжээ нь тус улсын цэрэг-стратегийн хөгжлийн хурдыг 30-40%-иар бууруулж байгаа ч Орос-Умард Солонгосын хамтын ажиллагаа нь энэ бууралтыг эргээд 15-20%-ийг нөхөж чадахаар байна.
Дүгнэлт ба Монгол Улсын оролцоо
Солонгосын хойгийн нөхцөл байдал 2025 онд сорилт бэрхшээлээр дүүрэн байхаар байна. Умард Солонгос цөмийн болон пуужингийн туршилтаа үргэлжлүүлж, Оростой цэргийн хамтын ажиллагаагаа бэхжүүлэн, цэргийн хүчээ нэмэгдүүлэх замаар гаднын дарамт шахалтад хариу үйлдэл үзүүлэх магадлалтай. Үүний эсрэг НҮБ-ын шинэ хориг гарах магадлал бага.
Умард Солонгос Д.Трампын бодлогын нөлөөг өөрт ашигтайгаар эргүүлэхийг оролдож байгаа ч бодит нөхцөл байдал Умардын хүссэн хэмжээнд хүрэхгүй болов уу. Барууны орнууд Умард Солонгосын эсрэг авсан хоригоо үргэлжлүүлэх нь тодорхой. Тиймээс энэ он Умард Солонгосын хувьд хүндхэн жил болно.
Умард, Өмнөд Солонгосын хооронд хязгаарлагдмал цэргийн мөргөлдөөн гарах эрсдэл хэвээр байгаа нь бүс нутгийн тогтвортой байдалд заналхийлж байна.
Энэ нөхцөлд Солонгосын хойгийн энх тайван, тогтвортой байдал хэтдээ оролцогч бүх талуудын хамтын хүчин чармайлтаас шалтгаална. Яриа хэлэлцээний замаар маргааныг шийдвэрлэж, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох үйл явцыг урагшлуулах нь зүйтэй боловч одоогийн нөхцөлд бүс нутгийн улс орнууд шууд яриа хэлэлцээг сэргээх, хэлэлцээр хийх магадлал бага харагдаж байна.
Гэвч боломж байгаа, энэ утгаараа Монгол Улсын хувьд харьцангуй төвийг сахисан статус нь Солонгосын хойгийн энх тайван, тогтвортой байдлыг бий болгоход “зуучлалын” үүрэг гүйцэтгэх боломж байсаар ирсэн. Энэ боломжоо ашиглаж тус бүс нутгийн оролцогч талуудтай шууд харилцаж, тэднийг нэгтгэн уулзуулах, БНАСАУ-АНУ-ын хоёр талын уулзалт, хурал, бүр цаашлаад дээд хэмжээний уулзалтыг зохиох боломж ч байхыг үгүйсгэхгүй.
Эх сурвалж: Japanese MOD, South Korean MOFA, Al Jazeera, IISS, Chatham House, Military Watch Magazine, NTI, SPF, AspiStategist, Atlantic Council, Beyond Parallel, NKNews, FPIF.


Leave a comment