Өнгөрөгч өдрүүдэд Хятадын улс төрд нөлөө бүхий хоёр том “их хурал” болж, энэ үеэр Ардын чөлөөлөх армийн төлөөлөгчид “Тайванийн бие даасан байдал нь төгсгөлтэй” гэж мэдэгдсэн бол Гадаад хэргийн сайд Ван И “Тайванийн зөвхөн НҮБ дахь байр суурь нь Хятадын Тайвань муж байх ёстой” гэж мэдэгдэв. Энэ мэдэгдлийг Тайванийн хэд хэдэн алдартнууд Вэйбо платформ дээр дэмжин нийтэлснийг Тайванийн Эх газрын асуудал эрхэлсэн хороо эдгээр алдартнуудыг буруушааж, холбогдох хууль журмын дагуу шалгах болно хэмээн мэдэгдэв. Мөн БНХАУ-ын зүгээс Тайванийг “энх тайвнаар эх газарт нэгтгэх болно” гэх улс төрийн үзэл суртал, уриа лоозон нь улам бүр газар авч байна.

Энэ чиглэлээр Хятадын тал идэвхтэй ажиллаж байгаа нь сүүлийн үеийн үйл явдлуудаас тод харагдана. Хамгийн сүүлд гэхэд л Тайванийн Батлан хамгаалах яам, Нисэх хүчний пуужингийн байршил, техниктэй холбоотой нууц мэдээлэл алдагдсан хэрэг гарав. Тайванийн тал үүнийг БНХАУ-ын тагнуулын үйл ажиллагаатай холбон тайлбарлав. Тодруулбал, Тайванийн нисэх хүчний агаар-газар ангиллын буюу БНХАУ-ын байлдааны усан онгоцуудыг эсэргүүцэх “Сюн фэн III” пуужингийн одоогийн байршил, техникийн бусад нарийн нууц мэдээллийг худалдаалсан хэргээр нисэх хүчний хоёр бэлтгэл офицерийг буруутгаж, 2024 оны 12-р сард ял өгч шийтгэжээ. Нисэх хүчний бэлтгэл офицер “Ш” нь 45,500 ам.долларын хөлсөөр дээрх нууц мэдээллийг задруулсан нь тогтоогдсон байна. Үүнээс хойш Тайванийн Засгийн газар Хятадын тагнуулын үйл ажиллагаатай тэмцэх үйл ажиллагаагаа “чангатгах амлалт” өгөөд байна.
Энэ мэтчилэн хоёр эргийн хоорондын хурцадмал байдал улс төр, цэрэг стратегийн орчинд идэвхтэй өрнөж байна. Цаашид Тайваньд ирэх дарамт нэмэгдэж магадгүй.
Тайвань, Хятадын зөрчлийн “хэтийн төлөв“
Тайванийн статустай холбоотой зөрчил нь Тайванийн арал болон эх газрын хоорондох хурцадмал байдлын шалтгаан болсоор иржээ. 1949 онд байгуулагдсан БНХАУ нь Тайванийг өмнө нь хэзээ ч “хяналтдаа байлгаж байгаагүй” ч тус арлыг Хятадын эх газартай “нэгдмэл” байх ёстой, арлыг салан тусгаарласан нутаг дэвсгэр гэж үздэг бөгөөд энх тайвнаар нэгтгэх зорилготой, шаардлагатай нөхцөлд цэргийн хүчээр БНХАУ-тай нэгтгэнэ гэж үздэг. Тайваньд 2016 оноос Ардчилсан дэвшилт нам засгийн эрхийг барих болж БНХАУ-ын “Нэг Хятад” бодлогыг дэмжихгүйгээ ил тод илэрхийлж, эсэргүүцэх болсны улмаас Бээжингийн зүгээс Тайпэйд улс төр-дипломат, эдийн засаг, цэрэг стратегийн орчинд дарамт шахалт үзүүлэх үйл явц нь улам бүр нэмэгджээ.
Орос, Украины дайн дунд, богино хугацаанд намжиж, гал зогсоох эсвэл энхийн гэрээ байгуулсан нөхцөлд Хятад-Тайванийн хурцадмал байдал анхаарлын төвд орох нь гарцаагүй. Энэ нөхцөлд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өөрийн хоёр дахь бүрэн эрхийн хугацаанд АНУ, Тайванийн харилцаа хэрхэх эсэх, энэ нь тус бүс нутагт ямар нөлөөлөл үзүүлэх, БНХАУ Тайваньд үзүүлэх шахалт, нөлөөллөө хэрхэн үргэлжлүүлэх эсэх нь анхаарлын төвд байна.
Тайвань буюу албан ёсны нэршил нь Бүгд Найрамдах Хятад Улс (БНХУ) бол эх газрын Хятадаас Тайванийн хоолойгоор тусгаарлагдсан, Ерөнхийлөгчийн засаглалтай, 3 танхим бүхий парламенттай ардчилсан улс төрийн тогтолцоотой “арал” юм. Харин эх газрын Хятад буюу албан ёсны нэршил нь Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ)-ыг Хятадын Коммунист Намын (ХКН) удирдан чиглүүлдэг бөгөөд Тайвань арлыг өөрийн улсын нутаг дэвсгэрийн салшгүй нэг хэсэг хэмээн үздэг.

Сүүлийн жилүүдэд БНХАУ-ын зүгээс цэрэг, зэвсгийн хүчин чадал, чадавхаар далайлган Тайванийн арлын ойролцоо тогтмол цэргийн сургуулилалт, байлдааны жижүүрлэлт хийх зэргээр тогтмол цэргийн ажиллагаа явуулах болсноор хоёр талын хурцадмал байдал илүү хүндрэх төлөвтэй байна. Энэ нөхцөл байдлын улмаас Тайванийн улс төрд “Тайванийн арлыг эх газрын Хятадын салшгүй нэгэн хэсэг мөн” гэж үздэггүй улс төрийн хүчин Ардчилсан дэвшилт нам илүү дэмжлэг авч, энэ төлөв удаан хадгалагдаж магадгүй байна. Тус намаас сонгогдсон сүүлийн хоёр Ерөнхийлөгчийн үед хурцадмал байдал нэмэгдсэн нь ийнхүү бодлого, байр суурийн зөрүүтэй байдлаас эхтэй.
Чан Кайши-гээс хойш 2000 он хүртэл, мөн 2008-2016 оны хооронд Тайваньд төрийн эрх барьж байсан илүү националист, баруун-төвийн үзэлтэй, эх газрын Хятадын талыг баримтлагч гэгддэг улс төрийн нам болох Гоминдан (Ардын нам)-ийн бодлого арай ондоо, аядуу байсан, мөн тухайн үеийн нөхцөл байдал ч ондоо байв.
Иймд шинжээчид өнөөгийн энэ байдал цаашид энэ хэвээр үргэлжилбэл хэтдээ БНХАУ-ын эсрэг АНУ, Европын орнууд Тайвань гэсэн Орос, Украины дайнаас илүү их хор хөнөөл, асар их зардалтай дайн дэгдээж болзошгүй хэмээн эмээж байна.
“Нэг Хятад” зарчим, талуудын байр суурь
Түүхийн хуудсыг сөхөж үзвэл 20-р зууны эхний хагаст Хятадад тухайн үеийн эрх баригч националист Засгийн газар болон Коммунистуудын хооронд иргэний дайн дэгдэж байсан нь талуудын зөрчлийн эх үүсвэр. Дэлхийн 2-р дайны үед Чан Кайши тэргүүтэй националист үзэлтнүүд АНУ-ын чухал холбоотон байсан. Дайн дууссаны дараа АНУ Мао Зэдуны коммунист хүчний эсрэг тэмцэлд Чан Кайшид дэмжлэг үзүүлж байсан түүхтэй. Гэвч үүний эцэст иргэний дайнд коммунистууд ялж эх газрын Хятадад бүрэн хяналтаа тогтоож, үндсэрхэг үзэлтнүүдийг Тайвань руу ухрахаас өөр аргагүйд хүргэжээ. Өнөөдөр Бээжингийн эрх баригчид “Нэг Хятад” зарчмын хүрээнд Тайвань арал нь БНХАУ-ын салшгүй нэгэн хэсэг мөн хэмээх бодлогыг баримталдаг нь ийм түүхэн улбаатай.
Эх газрын Хятад болон Тайванийн хооронд 1992 онд байгуулсан “Зөвшилцөл”-д “Нэг Хятад” зарчмыг дурдсан байдаг ч энэ зөвшилцөл нь зөвхөн ойлголцлын шинжтэй, гэрээ хэлэлцээр биш бөгөөд Тайванийн эрх зүйн байдлын тухай асуудлыг огт хөндөөгүй гэж зарим судлаачид үздэг.
1992 оны зөвшилцлийг БНХАУ, Тайванийн талууд өөр өөрөөр тайлбарлах хандлагатайн дээр Тайванийн улс төрийн гол хүчнүүд Ардчилсан дэвшилт нам, Ардын нам хоёр мөн хүлээн зөвшөөрөх, зөвшөөрөхгүй дээр “маргалддаг” байна. Тухайлбал, 2015 онд АН-ын Ерөнхийлөгч Ма Инжү Ши Жиньпинтэй уулзаж, 1992 оны зөвшилцлийг хүлээн зөвшөөрч буйгаа баталсан байдаг ч албан ёсны баримт бичиг зураагүй үлдээсэн. Харин 2016 онд АДН-аас сонгогдсон Ерөнхийлөгч Ц.Иньвэн энэ зөвшилцлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдэн, эх газрын Хятадаас албан ёсны холбоо, харилцаагаа цуцалж байжээ.

1992 оны энэ зөвшилцлөөс хойш хоёр эргийн хооронд олигтой, дорвитой яриа хэлэлцээ хийгдсэнгүй, баримт бичиг, гэрээ хэлэлцээр ч яригдсангүй өдийг хүрчээ. Зөвхөн 2008-2016 оны хооронд буюу Ардын намаас сонгогдсон Ерөнхийлөгч Ма Инжү-гийн үед нийт 23 “хагас албан ёсны баримт бичгүүд” зурагдсан нь хоёр эрэг харилцах албан ёсны зам сувагтай байх, харилцан шууд нислэгтэй байх, худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх зорилгоор харилцан тариф бууруулах талаар, мөн нийгэм, соёл, үйлчилгээний салбарт чиглэсэн агуулгатай байна.
Ерөнхийдөө зөвшилцлийн агуулгыг Бээжин “Тайвань Хятадын нэг хэсэг” гэж, Тайпэй болохоор “БНХАУ бол Тайванийн нэг хэсэг” гэж “гуйвуулж”, маргалдаж ирсэн аж.

БНХАУ-ын дарга Ши Жиньпиний мэдэгдэлд 1992 оны “Зөвшилцөл”-д “Хоёр тал нэг Хятадад харъяалагддаг бөгөөд улс орноо бүрэн нэгтгэхийн төлөө нягт хамтран ажиллах болно” гэсэн агуулга, томьёолол гарсан нь БНХАУ-ын талын хамгийн сүүлийн тайлбар, байр суурь болов уу.
Харин Тайванийн хувьд энэ асуудлаар тэс өөр байр суурь бүхий Ардчилсан дэвшилт нам болон Ардын нам (Гоминдан)-ын аль нь Тайванийн улс төрд гарч, төрийн эрх барина, тэр нь хоёр эргийн харилцааны агуулгыг тодорхойлоход чухал нөлөөтэй байсаар иржээ.
Тэгэхээр Тайванийн дотоод улс төрийн байдал, сонгууль гэдэг бол хоёр эргийн харилцаанд шууд нөлөөлөх маш том үйл явдал гэдэг нь харагдаж байна.
Хоёр эргийн зөрчлийн “ойрын төлөв”
Ардчилсан Дэвшилт Нам (АДН)-аас сонгогдсон Ерөнхийлөгч асан Цай Иньвэний хувьд 1992 оны “Зөвшилцөл”-өөс татгалзсан боловч Бээжингийн эрх баригчдад өөр нэгэн боломжит хувилбарыг санал болгохыг оролдсон. Тэрээр 2016 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа Тайванийн Үндсэн хууль, “Тайванийн арал болон эх газрын ард түмний хоорондох харилцааг зохицуулах тухай хууль”, БНХАУ-ын хуулиудад тусгагдсан “Нэг Хятад Улс” гэсэн зарчмыг баримтлан хоёр эргийн харилцаа хөгжүүлэх санаачилга гаргаж байв. Энэ нь Тайванийн хувьд өөрийн хууль эрх зүйн хүрээнд Хятадаас хараат бус үйл ажиллагаа явуулна гэсэн утгатай байв. Гэвч Бээжин түүний саналыг 1992 оны Зөвшилцөл дэх “Нэг Хятад” зарчмыг түлхүү Тайванийн байр сууриар тайлбарласан гэж хүлээн зөвшөөрөөгүй, татгалзжээ.
Энэ үйл явдлын дараагаас буюу 2019 оноос хойш Ши Жиньпин хэлсэн үгэндээ БНХАУ Тайванийг “Нэг улс, хоёр систем” томъёоллын хүрээнд арлыг эх газрын Хятадад нэгтгэх боломжтой тухай санааг идэвхтэй дурдаж эхэлжээ.
Уг санаа нь 1997 онд Британийн колони байсан Хонконгийг БНХАУ-д шилжүүлэн өгөхдөө Бээжингээс Хонконгт амласан загвар бөгөөд Хонконгийн эдийн засаг, улс төрийн тогтолцоог “бие даасан байдалтай” хэвээр хадгалж үлдэх боломжийг баталгаажуулсан загвар юм. Энэ загвар нь Тайваньд таалагдах, таалагдахгүй нь мэдээж Тайваньд аль улс төрийн хүчин эрх барьж байх, мөн иргэд, олон нийтийн санаа бодол хэрхэн өөрчлөгдөх зэрэг нарийн нюанстай хүчин зүйлсээс хамааралтай.
Гэвч БНХАУ-ын одоогийн бодлого бол Тайванийн өнөөгийн статус кво-г дээрдүүлэхгүй байх, батлан хамгаалах цэрэг стратегийн хувьд хүчирхэгжүүлэхгүй байх замаар энэ загварыг санал болгох арга замыг хэрэгжүүлэх нь тодорхой байна. Тэр болтол энэ загвараа санал болгоход хэрэгжихүйц давуу нөхцөл байдлыг үүсгэх зорилго баримтална.
Харин Тайванийн хувьд аль ч намын одоогийн удирдлагууд нь “Нэг Хятад, хоёр систем” зарчмаас татгалзсан байр суурьтай. Ийм шалтгаанаар хоёр эргийн хооронд цэргийн мөргөлдөөн гарах улам бүр нэмэгдсээр, байдал өнөөдрийн энэ түвшинд хүрчээ.
АДН-аас 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Лай Чин-Тэ хэлсэн үгэндээ хоёр талын сөргөлдөөнийг намжаахын тулд БНХАУ-тай яриа хэлэлцээг дахин эхлүүлэх зорилготой гэдгээ дахин дахин нотолж буй.

Хоёр эргийн харилцаанд дорвитой ахиц дэвшил авчирахуйц яриа хэлэлцээ, цаашлаад гэрээ хэлэлцээр байгуулах шаардлага, цаг үе нь зайлшгүй ирсэн байна. Гэвч энэ асуудал Д.Трампын үед хэрхэх эсэх, аль чиглэлд явах нь одоогоор тодорхойгүй, хүлээлгэнд байна. Яриа хэлэлцээнээс илүү шаталсан сөргөлдөөн, хурцадмал байдалд хүрэх магадлал арай илүү болов уу.
Тайванийн гадаад харилцаа: Сорилтын жилүүд
Тайвань хэдийгээр НҮБ-ын албан ёсны гишүүн биш ч олон талт харилцааны 40 гаруй байгууллагад гишүүнчлэлийн статустай. Тэдгээр байгууллагуудын дийлэнх нь бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллагууд бөгөөд Азийн хөгжлийн банк, Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны форум, Дэлхийн худалдааны байгууллага зэрэг байгууллагууд.
Тайвань 2005 онд 26 улстай дипломат харилцаатай байсан бол 2015 онд энэ тоо 22 болж буурсан, өнөөдөр 2025 онд 12 болж буурчээ.
Эдүгээ Тайвань 12 улстай албан ёсны дипломат харилцаатай. Эдгээр улсуудын дийлэнх нь Латин Америк болон Номхон далайн жижиг улс орнууд байдаг. Нэрлэвэл, Гватемал, Парагвай, Гаити, Эсватини, Белиз, Сент Люс, Сент-Кристофер ба Невис, Сент-Винсент ба Гренадин, Гренада, Маршаллын арлууд, Палау, Тувалу зэрэг улсууд багтана. Мөн Европын улсуудаас Гэгээн Ширээт Улс (Ватикан) нь Тайваньтай дипломат харилцаатай цорын ганц улс юм.
Хамгийн сүүлд 2023 оны 3-р сард Гондурас улс Тайваньтай харилцаагаа тасалж БНХАУ-тай харилцаа тогтоосон. Аль ч улсын Засгийн газар БНХАУ болон Тайваньтай нэгэн зэрэг дипломат харилцаа тогтоох боломжгүй, тийм түүх, практик байхгүй тул Тайванийн гадаад харлицаа буурч буй энэ хандлага цаашид үргэлжлэх төлөвтэй. Үүний эсрэг Тайванийн тал олон улсын байгууллага дахь оролцоогоо нэмэгдүүлэхийг зорих болов уу.
Эх сурвалж: Taiwanese MOFA, Chinese MOFA, The Strait Times, Reuters, Newsweek, War on the Rock, Brookings.


Leave a comment