Б.Ган-Эрдэнэ, Э.Эрдэнэ-Очир

Орос, Украины хооронд энхийн гэрээ хэлэлцээр байгуулахтай холбоотой Европт өрнөж буй үйл явдал, талуудын хооронд болж буй зарим яриа хэлэлцээний явцыг ерөнхий тоймлон хүргэж байна.

Орос, Украины дайны гал зогсоох, эсвэл энхийн хэлэлцээр байгуулахтай холбоотой асуудлаар улс орнуудын, ялангуяа Европын орнуудын санаачилга идэвхжиж, талууд байр сууриа нэгтгэх үйл явц өрнөж байна. Үйл явцаас үзвэл Украин ирээдүйд “Солонгосын хойг” шиг хурцадмал бүс нутаг болж үлдэх магадлал өндөр байна.

Одоогоор Европын орнууд “Сайн дурын эвсэл” байгуулж, Украинд энх тайван тогтоох үйл явцад “оролцож хяналт тавих” санаачилга гаргаад байна. Үйл явц дараах байдлаар өрнөж байна.

Д.Трамп “цочроо” өгч, Европын удирдагчид уулзав

Британийн Ерөнхий сайд Кейр Стармер 3-р сарын 2-ны өдөр Лондон хотноо Орос, Украины дайны талаарх дээд хэмжээний уулзалт зохион байгуулж, уулзалтад 18 орны удирдагчид оролцон Европын орнуудын зүгээс Орос, Украины дайны асуудлаар ямар байр суурь баримтлах, энхийн яриа хэлэлцээнд ямар хувь нэмэр оруулах талаар хэлэлцэв.

Европын удирдагчдын энэ уулзалт нь 2-р сарын 28-ны Д.Трамп, В.Зеленскийн уулзалтаас 2 хоногийн дараа болсон бөгөөд судлаачид Д.Трамп Европын удирдагчдад “хангалттай цочроо өгч, тэднийг уулзахад хүргэлээ” хэмээн дүгнэж байна.

Европын удирдагчид ийнхүү энхийн яриа хэлэлцээ хийх талаар “идэвхжиж”, 3-р сарын 2, 11, 15-ны өдрүүдэд нийт 3 удаа, эхлээд 18, сүүлд нь 26 орны удирдагчдын дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдав. Уулзалтад Украин, Францын Ерөнхийлөгчид, Европын ихэнх орнуудаас гадна Австрали, Шинэ Зеланд, Канадын Ерөнхий сайд оролцсон, мөн Турк, Японы төлөөлөгчид байлцаж, Британи “гол санаачлагч”-ийн байр сууринаас манлайлан оролцжээ.

Photo credit: ABCNews

Хурлуудын үеэр В.Зеленский, Д.Трамп нарын дэвшүүлсэн 30 хоног гал зогсоох саналыг В.Путин “нухацтай авч хэлэлцэхгүй” байгааг хэрхэвч зөвшөөрч болохгүй гэдэг асуудал онцлон яригджээ. Мөн Оросын тал энэ дайныг зогсоохын тулд хүчин чармайлт гаргахгүй бол Орост үзүүлэх эдийн засгийн дарамтыг нэмэгдүүлэх шаардлагатай талаар хөндөгдсөн байна.

В.Зеленский: “Зөвхөн ярих биш, идэвхтэй дарамт шахалт үзүүлэх хэрэгтэй”

Photo credit: AP/Yonhap

Украины Ерөнхийлөгч В.Зеленский “Энх тайвны яриа хэлэлцээ ямар ч болзолгүйгээр эхлэх ёстой. Хэрэв Орос үүнийг хүсэхгүй байгаа бол, хүсэх хүртэл нь хүчтэй шахалт үзүүлэх ёстой” гэж үзэж байна.

Орос, Украины энхийн хэлэлцээрийн асуудлаар улс орнууд байр сууриа нэгтгэв

Photo credit: Bloomberg

Дээрх хурлуудын үр дүнд оролцогч талууд “Дөрвөн зүйлтэй төлөвлөгөө”-г дэмжиж санал нэгдэн зөвшилцсөнийг Британийн Ерөнхий сайд К.Стармер дараах байдлаар мэдэгдлээ:

1. Улс орнууд Украинд цэргийн тусламжийг үргэлжлүүлэхийн зэрэгцээ Оросын эсрэг эдийн засгийн дарамтыг хориг арга хэмжээ болон бусад аргаар нэмэгдүүлэхээ амласан,

2. Ямар ч төрлийн энх тайвны хэлэлцээр нь Украины тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангасан байх ёстой, ийм хэлэлцээр байгуулахад Украин өөрөө оролцох ёстойг хүлээн зөвшөөрсөн,

3. Энх тайвны гэрээ хэлэлцээр байгуулсны дараа Украины батлан хамгаалах чадавхыг сайжруулах боломжийг хадгалж үлдэх, энэ нь ирээдүйн дайн дахин дэгдэхээс урьдчилан сэргийлэх арга зам гэдгийг хүлээн зөвшөөрсөн,

4. Ирээдүйн Орос, Украины энхийн гэрээ хэлэлцээрийн болзол, нөхцөлийг хамгаалах, сахиулах болон Украины аюулгүй байдлыг баталгаажуулах зорилгоор “Сайн дурын эвсэл” байгуулан ажиллахаар тохиролцсон гэв.

“Сайн дурын эвсэл” гэж юу вэ?

Хурлуудын үеэр Британийн Ерөнхий сайд К.Стармер “Сайн дурын эвсэл байгуулах” талаар санаачилж, улс орнууд дэмжив.

Photo credit: AP

Энэ нэр томьёог 1970-аад оны эхээр MIT-ийн профессор Л.Блүүмфилд анхлан хэрэглэж, НҮБ-ын хүлээн зөвшөөрсөн энх тайван тогтоох, энхийг сахиулах ажиллагаа, эсвэл аливаа үүссэн хямралыг тогтворжуулах зорилгоор улс орнууд сайн дураар эвлэлдэн нэгдэж цэргийн эсвэл улс төрийн “Сайн дурын эвсэл” байгуулах замаар хямралыг зохицуулж болох тухай бичсэн байдаг.

Энэ санааг тухайн үедээ АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Х.Кессинжер сайшааж байсан, хожим Б.Клинтон 1994 онд буюу БНАСАУ-ын цөмийн зэвсгийн асуудал ид оргил үед хүрч байхад Умард Солонгосын эсрэг “Сайн дурын эвсэл” байгуулах тухай, түүнчлэн Ж.Буш 2002 онд буюу 9/11-ний халдлагын дараа “терроризмтой тэмцэх дайнд”  ийм эвсэл байгуулах талаар дурдаж, энэ нэр томьёог ашиглаж байв.

Харин Орос, Украины дайны хувьд Чехийн Ерөнхийлөгч П.Павел 3-р сарын 1-ний өдөр энэ санааг анх X хуудсандаа жиргэсэн бөгөөд түүнээс хойш Британийн Ерөнхий сайд К.Стармер энэ санааг ийнхүү албан ёсоор гарган тавьж “ажил хэрэг” болгов.

К.Стармерийн хэлж буйгаар ийм эвслийг байгуулж, ОХУ-ын зүгээс Украины талд хангалттай аюулгүй байдлын баталгаа гаргаж өгөх хүртэл Оросын эсрэг ийнхүү эвсэн зогсох аж.

“Сайн дурын эвсэл”-д нэгдэж буй орнуудын байр суурь дараах хоёр ангилалд хуваагдаж байна:

1. Украинд үргэлжлүүлэн цэргийн эсвэл эдийн засгийн тусламж үзүүлнэ:Канад, Чех, Дани, Эстони, Финланд, Франц, Герман, Итали, Нидерланд, Норвеги, Польш, Румын, Испани, Швед, Англи, Япон
2. Украинд энхийг сахиулах хүчин илгээх асуудлыг нээлттэй хүлээн авч, хэлэлцэхэд бэлэн:Австрали, Бельги, Шинэ Зеланд

Үүний зэрэгцээ хэдий дээрх уулзалтад АНУ-ын төлөөлөгч оролцоогүй ч Америкийн тал Украинд энхийг сахиулагчид байршуулахыг дэмжиж байгаа, харин Оросын тал Украинд НАТО-гийн аливаа цэргийн хүчнийг байршуулахыг эрс эсэргүүцнэ гэдгээ мэдэгдэж байгаа.

Энэ нөхцөлд Европын удирдагчдын санал нэгдсэн дээрх “Сайн дурын эвсэл” гэдэг нь цэргийн эвсэл байх боломжгүй, үүнийг ОХУ эрс эсэргүүцэж байгаа. Иймд энэ эвсэл нь улс төрийн буюу “зэвсэггүй иргэний хяналт” байдлаар хэрэгжих магадлалтай юм.

Дээр дурдагдсан “Дөрвөн зүйлтэй төлөвлөгөө”-ний утга агуулга нь Орос, Украины хоорондын энхийн хэлэлцээрт болзол, нөхцөл болж орж магадгүй. Үүнээс “Сайн дурын эвсэл”-ийн тунхаг төлөвлөгөөнд багтсан “Украинд цэргийн тусламжийг үргэлжлүүлнэ” гэснийг мөн ОХУ эсэргүүцэх нь тодорхой.

В.Путин: “Украинд гал зогсоохыг дэмжинэ, гэхдээ түр биш, бүр зогсоох хэрэгтэй”

Photo credit: Vida Press

Ерөнхийлөгч В.Путин гал зогсоох саналын талаар “Энэ санаа зөв, бид үүнийг дэмжиж байна, гэхдээ нарийвчлан хэлэлцэх шаардлагатай асуудлууд байна. Гал зогсоох 30 хоногийг хэрхэн ашиглах вэ? Украинд цэрэг дайчлахын тулд уу? эсвэл Украин нэмж зэвсэглэх гэж байна уу? Хүмүүсээ сургаж, бэлтгэх гэж байна уу? эсвэл аль нь ч биш байж болно. Үүнийг хэрхэн хянах вэ? Товчхондоо, бид энэ хямралын үндсэн шалтгааныг л арилгахыг хүсч байна” гэж мэдэгдсэн.

В.Путины хувьд Украинд гал зогсоох саналтай санал нэг байгаа, гэвч гал зогсоосон ч “асуудал” хэвээр үргэлжилсээр байх болно, нэг мөр шийдвэрлэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа аж.

Ийнхүү АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын “цочроо”, Чехийн Ерөнхийлөгч П.Павелийн “жиргээ” нь Орос, Украины хооронд энхийн хэлэлцээр байгуулах асуудлыг “идэвхжүүлж”, улс орнууд энэ талаар байр сууриа нэгтгэж эхлээд байна.

Эх сурвалж: Reuters, Al Jazeera, BBC, Czech English Radio, CER, Evrimagaci, Financial Times, Durango Herald, Associated Press.

Leave a comment