Х.Золжаргал

Дээрхийн гэгээнтэн Дэнзэн Гяцо буюу 14-р Далай лам 1935 оны 7-р сарын 6-нд Төвөдийн зүүн хойд нутагт мэндэлжээ. Өдгөө 90 насны босгыг давах гэж буй 14-р Далай лам Төвөд, БНХАУ-ын хоорондох зөрчил, ирээдүйн төлөв байдлын тухай өгүүлэх сүүлчийн номоо бичжээ. Өмнө нь тэрээр хэд хэдэн ном бичсэний ихэнх бүтээл нь энэрэн нигүүлсэхүй, мэргэн ухаан, аз жаргал, гэгээрлийн тухай өгүүлсэн байдаг. Харин тэрээр өөрийнхөө амьдралын тухай өгүүлэх хоёр бүтээл л туурвижээ. Энэ оны 7-р сард 90 нас хүрэх Далай лам өөрийн сүүлчийн бүтээлдээ БНХАУ, Төвөдийн хоорондох харилцаан дахь улс төрийн утга агуулгыг илүү илэрхийлэхийг зорьжээ.

Далай ламын сүүлчийн ном: Мао Зэдун, Дэн Сяопин

“Дуугүй хүмүүсийн дуу хоолой” хэмээх сүүлчийн бүтээлдээ тэрээр “дуугүй” хүмүүс хэмээх ойлголтоор Төвөдийн ард түмний тухай өгүүлэхийг зорьжээ. Түүнчлэн Далай лам Энэтхэгт амьдарч байх 65 жилийн турш Төвөдөд оршин суугаа ард түмнээ удирдан чиглүүлэхийн төлөө хэрхэн тэмцэж байсан тухайгаа бичжээ.

14-р Далай лам 1956 онд Мао Зэдун, Жоу Эньлай, Банчин богдтой Бээжинд уулзсан нь

Тус бүтээлдээ тэрээр БНХАУ-ын Коммунист намын удирдлагуудтай хэлэлцээр хийхээр хэд хэдэн удаа оролдлого гаргаж байсан тухайгаа ч өгүүлсэн байна. 14-р Далай ламын өгүүлснээр “Хэн бүхэнд тодорхой баримт бол Төвөдийн ард түмний хувьд Төвөд дэх Коммунист Хятадын дэглэм нь “харь гүрний, огт хүсээгүй, дарангуйлагч эрх баригч” хүчнээс эх үүсвэртэй гэдэг нь ойлгомжтой байна” хэмээжээ.

Тэрээр 1959 онд Төвөдөд болсон бослого, хөдөлгөөнийг БНХАУ-ын зүгээс хэрхэн дарсан тухай баримтыг өгүүлжээ. Далай лам Төвөдийн ард түмний амьдралын түвшин, нөхцөл байдлыг сайжруулахын тулд БНХАУ-ын Засгийн газартай хэлэлцээр хийхээр оролдож байсан тухайгаа ч дурссан байна.

Түүхийн хуудсыг эргэн сөхвөл 2 настайдаа Далай ламын хойд дүрээр тодорсон тэрээр 1959 онд 23 настайдаа эх нутгаасаа дүрвэн гарчээ. Өсвөр насандаа Бээжинд анх 1954 онд айлчилж Мао Зэдунтай уулзсан бөгөөд Мао түүнд “шашин бол хор” гэж анхааруулан хэлсэн байдаг. Тухайн үед Буддын шашны залуу удирдагч Далай лам мөлжлөгийн эсрэг үзэл санаа, Марксист онолын үзэл баримтлалыг сонирхон судалж байсан. Тэрээр “Марксизмд дутагдаж буй зүйл бол энэрэн нигүүлсэхүй юм” хэмээн дүгнэж, “Ангийн тэмцлээр үзэн ядалтыг зориуд сурталчлах”-ыг хүлээн зөвшөөрч чадахгүй байв.

14-р Далай ламыг 1940 онд Төвөдийн Лхас хотод Дээрхийн гэгээнтний суудалд залах ёслолын үеэр

Далай лам 1956 онд тухайн үеийн БНХАУ-ын Ерөнхий сайд Жоу Эньлайтай хэд хэдэн удаа уулзахад Жоу Эньлай Далай ламд Төвөдөд Хятадын түшмэдүүдийн үйлдсэн “хэрээс хэтэрсэн үйлдэл”-ийг засч залруулах болно гэсэн баталгааг өгч байж. Гэвч 1957 оны зуны дундуур Жоу Эньлай өөрөө болон Мао Зэдуныг төлөөлөн хэлсэн бараг бүх амлалт, аюулгүй байдлын баталгаа нь “худал, хуурмаг зүйл” байсан гэдгийг Далай лам номдоо дурсжээ.

1959 онд БНХАУ-ын арми Төвөдийг бүрэн хяналтдаа авах үед 25 настай байсан Далай лам Энэтхэг рүү дүрвэсэн. Ийнхүү Энэтхэгийн Дарамсалагийн ойр орчимд төвлөрөн суурьших болсон Төвөдийн дүрвэгсдэд хамгийн аюулгүй оршин суух газар нь тус хот болсон аж.

Гэвч Далай ламын БНХАУ-ын эрх баригчидтай хийх яриа хэлэлцээ нь үүгээр дууссангүй. Тэрээр “Бээжинтэй дахин хоёр удаа чухал хэлэлцээ хийсэн” тухайгаа номдоо дурджээ.

Нэг нь, Дэн Сяопин 1979 онд ХКН-ын даргаар ажиллаж байхдаа Далай ламын ахад “Тусгаар тогтнолоос бусад бүх зүйлийг тохиролцож болно. Бүх зүйлийг ярилцаж болно” гэж амлан, хоёр талын яриа хэлэлцээ хийсэн ч үр дүнд хүрээгүй өнгөрчээ.

Түүний дараа буюу 1980-аад оны үед Далай лам Төвөдийг тусгаар тогтнуулах итгэл найдвараасаа татгалзаж үүний оронд БНХАУ-ын нутаг дэвсгэрт оршин тогтнох автономит эрхийг эрэлхийлсэн алхам буюу “дундын зам”-ыг сонгожээ.

Улмаар Далай лам 1988 онд Европын парламентад хандан хэлсэн үгэндээ “Төвөд жинхэнэ автономит эрхийн баталгаатайгаар БНХАУ-ын нэг хэсэг хэвээр үлдэх хүсэлтэй буйгаа илэрхийлж байна” хэмээн мэдэгдсэн. Тэрээр мөн өөрийнхөө сэтгэхүйн хувьслыг тодорхойлж “Төвөдийн ирээдүйн засгийн газарт идэвхтэй оролцохгүй байхыг би хүсч байна” гэж мэдэгджээ. Тухайн үед буюу 1989 онд Хятадын Коммунист Намын эрх баригчид Тяньаньмэний талбайд болсон жагсаалыг хүчээр дарснаар хоёр талын яриа хэлэлцээ дуусгавар болжээ.

Дэн Сяопин бол Далай ламын таньдаг Коммунист Хятадын сүүлчийн удирдагч байжээ. Далай лам Дэн Сяопинтай 1989 оноос хойш цөөн хэдхэн уулзалт хийсэн байдаг.

Сүүлчийн оролдлого: Далай лам-БНХАУ-ын яриа хэлэлцээ

Түүнээс хойш БНХАУ-ын дараагийн үеийн эрх баригчид Далай ламтай харилцах харилцаандаа илүү хатуу бодлогыг тууштай баримталж ирсэн. Ийнхүү 1994 онд олон нийтийн газар, хувийн орон сууц, хувийн байшинд 14-р Далай ламын гэрэл зураг, хөрөг зургийг байршуулахыг хатуу хориглох болжээ. Улмаар БНХАУ болон Төвөдийн хоорондох яриа хэлэлцээг 2002 онд дахин сэргээж эхэлсэн бөгөөд Далай ламын төлөөлөгчид (Далай ламын зөвлөхөөр олон жил ажиллаж байсан Лоди Гиари тэргүүтэй) болон БНХАУ-ын төлөөлөгчид хэд хэдэн удаагийн уулзалт хийжээ.

Ийнхүү нийт 9 удаагийн яриа хэлэлцээ зохион байгуулсан бөгөөд хамгийн сүүлийн хэлэлцээ 2010 оны 1-р сард зохион байгуулагдсан боловч Далай ламын хэлж буйгаар “БНХАУ-ын тал ямар ч бодитой санал ирүүлээгүй” аж.

Далай ламын зүгээс 2019 оныг хүртэл Хятад хүнээр дамжуулан БНХАУ-тай албан бус, нууц харилцааг хадгалсаар ирсэн. Тэрээр БНХАУ-тай илүү нухацтай хэлэлцээ хийсэн хэдэн арван жилийн хүчин чармайлтынхаа талаар бичихдээ “БНХАУ-ын эрх баригчдад Төвөдийн талтай бодит яриа хэлэлцээг өрнүүлэх чин хүсэл байсан эсэхэд эргэлзэж буйгаа илэрхийлсэн. БНХАУ-ын хувьд Төвөдийн талтай бодит байдлыг мэдэрч ярилцахаасаа илүүтэйгээр тэдэнтэй ярилцаж хэлэлцэж буй мэт харагдах нь чухал байсан бололтой хэмээн дурссан байна.

2011 онд 14-р Далай лам Энэтхэгийн Дарамсала хотод Буддын шашны гол сүмд сүсэгтэн олонд мэдэгдэл хийж буй нь

Далай ламын сүүлчийн хүсэл: Хойд дүрийн асуудал, түүний үлдээх өв

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2021 онд буюу сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд анх удаа Төвөдөд айлчилсан бөгөөд түүний бодлого Төвөдөд БНХАУ-ын төрийн хяналтыг чангатгахад чиглэж буй аж. Жишээлбэл, Төвөдийн өсвөр, залуу үеийнхэнд суурь, ерөнхий боловсролыг зөвхөн хятад хэлээр эзэмших боломжийг олгосон байна. Ийнхүү хятад хэл албан ёсоор тэдний анхдагч хэл болж байна. Түүнчлэн, Төвөдийн сүм хийдэд ХКН-ын шууд хяналт буюу илүү өргөн хүрээтэй хяналтыг хэрэгжүүлдэг аж. 14-р Далай лам Төвөдийн ирээдүйн төлөв байдлын тухай үзэл бодлоо өөрийн бүтээлдээ маш тодорхой бичсэн. Тэрээр Төвөдийн улс төрийн удирдах бүрэлдэхүүн, Төвөдөөс гадна амьдарч буй тэдний ихэнх хэсэг нь дэлхийн бусад эрх чөлөөт улсуудад тэмцлээ үргэлжлүүлэх бүрэн чадамжтайг онцолсон байна.

Түүний бичснээр, цаашид Далай ламын институци Төвөдөд байх ёстой гэж үзвэл 15-р Далай лам тодрох нь гарцаагүй үнэн. Харин Төвөдүүдийн хувьд хамгийн тулгамдсан асуудал бол түүний хойд дүрийг хэрхэн тодруулах тухай асуудал юм.

Шинээр тодрох 15-р Далай лам өмнөх Далай ламын үйл хэргийг үргэлжлүүлэх учиртай тул гагцхүү “эрх чөлөөт ардчилсан улсад төрөн гарах ёстой” гэж тэрээр үздэг. Хэрэв ирээдүйд Төвөд үндэстэн БНХАУ-ын төрийн хатуу бодлогыг тэсч даван гарч чадвал энэ нь гагцхүү Төвөдүүдийн гавъяа бус харин 14-р Далай ламын түүхэнд тэмдэглэгдэн үлдэх гавъяа болж үлдэх учиртай аж.

Эх сурвалж: Dalai Lama Institute, Voice for the Voiceless.

Leave a comment