Э.Эрдэнэ-Очир

Монгол Улсын орчин цагийн гадаад харилцааны түүх өөрийн гэсэн өвөрмөц өнгө аяс, үе шаттай. Эдгээр үе шатууд нь эхэндээ засаг төрөө тунхаглаж асан Бүгд Найрамдах Ард Улсаас эхлээд өнөөгийн парламентын Бүгд Найрамдах Улс хүртэлх энх тайван, хөгжил дэвшлийг урьтал болгон улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгахад чиглэж ирсэн түүхтэй.

Эхлэл: Түүхэн тэмцэл, угтвар нөхцөл

Анхлан тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх, НҮБ-д гишүүнээр элсэх, олон улсын хамтын нийгэмлэгт байр сууриа бэхжүүлэх зорилго, зорилт бүхий түүхэн үеийг туулсан бол дараагаар нь хоёр туйлт системээс нэг эсвэл олон туйлт харилцаанд шилжин буй өнөөдрийн дэлхий ертөнцөд улс орнуудтай найрсаг харилцаатай байж, улс төр, эдийн засгийн болон бусад салбарын харилцаа, хамтын ажиллагaаг хөгжүүлэхэд чиглэж иржээ.

Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний язгуур ашиг сонирхлыг олон улсын эрх зүйн хүрээнд улс төр-дипломатын аргаар хангах нь гадаад бодлогын тэргүүлэх зорилт.

Манай улс НҮБ-д гишүүнээр элссэн 1961 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс өмнө 19 улс оронтой дипломат харилцаатай байсан. Харин НҮБ-д гишүүнээр элссэн тэр угтвар нөхцөлөөс хойш 174 улстай дипломат харилцаа тогтоожээ.

НҮБ-д гишүүнээр элсэх цаг үед Их Британи, Франц улсууд БНМАУ-ыг НҮБ-д элсэхийг дэмжиж, АНУ НҮБ-д элсэхэд саад хийхгүй, түдгэлзэх санал өгөхөө ил тод зарлах болсон нь олон улсын харилцааны түүхийн хувьд ховор тохиох угтвар нөхцөл юм. Улмаар 1961 онд ЗХУ-ын зүгээс боловсруулан оруулсан тогтоолын төслийг Аюулгүйн зөвлөлийн байнгын болон байнгын бус гишүүн орнууд дэмжиж, АНУ түдгэлзэн, Тайвань танхимаас гарч, “санал хураахад оролцоогүй” учраас БНМАУ 1961 оны 10 дугаар сард НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болж, НҮБ-д хууль ёсны суудлаа эзэлж байжээ.

Өнөөдөр бол Монгол Улс НҮБ-ын гишүүн болоод 64 жилийг ардаа үдэж, дэлхийн 193 оронтой дипломат харилцаа тогтоогоод байна.

Монгол Улсын гадаад харилцаа: Оргил үе, онцлог үе

Монгол Улсын дипломат харилцаатай орнуудын тоо хөгжлийн оргил үедээ буюу маш идэвхтэй үе дээрээ явж байна. Манай улсын хувьд геополитикийн орчин, онцлог хүчин зүйлс болон манай гадаад бодлого нь ийм боломжийг олгож, олон улсын харилцааны орчин нөхцөл ч нэн тааламжтай байгаа нь ийнхүү гадаад харилцаа тасралтгүй прогрессоор урагшилж, тогтвортой хөгжихөд нөлөөлжээ.

Манай улсын хувьд улс орнуудтай дипломат харилцаа тогтоосны олон тэгш ой энэ жилүүдэд “бөөндөө” тохиож байна. Энэ онд л гэхэд 35 улс Монгол Улстай тогтоосон харилцааны тэгш ойн баяр тохиож байна. Үүнээс харилцааны шат, агуулга өндрөөс нь онцолбол дараах ойг онцлохоор байна:

  • 75 жилийн ой – Румын, Польш, Чех, Болгар
  • 70 жилийн ой – Энэтхэг
  • 65 жилийн ой – Камбож, Куба
  • 60 жилийн ой – Франц
  • 55 жилийн ой – Итали, Сингапур
  • 50 жилийн ой – Шинэ Зеланд, Кувейт
  • 35 жилийн ой – БНСУ

Монгол Улсын гадаад харилцааны идэвхжил 2024 онд урьд өмнө байгаагүй түвшинд хүрч, дипломат үйл ажиллагаа нь эрчимжсэн онцгой үеийг эхлүүлжээ. Эдгээр ой нь хоёр талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чухал боломж, онцгой завгүй үе бөгөөд өндөр түвшний айлчлал, дипломат ажиллагаа эрчимжих гол нөхцөл. Мөн энэ нь Монгол Улсын төвийг сахисан, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогыг бататгах алхам болж байна.

2026 онд зөвхөн хоёр талт харилцааны хувьд 40 улс дипломат харилцаа тогтоосны тэгш ой тохиох аж, үүнээс онцолбол дипломат харилцаа тогтоогоод ОХУ-тай 105, Мьянмар, Серби, Индонезитой 70, Мали, Балба, Алжиртай 65, Люксембургтэй 50, Латви, Литва, Эстони, Израилтай 35, Арабын Нэгдсэн Эмират улстай 30 жилийн ой тохионо.

Сүүлийн жилүүдэд Монгол Улс стратегийн түншлэлийн харилцаагаа өргөжүүлэхэд онцгойлон анхаарч байна. Одоогоор манай улс 193 улстай дипломат харилцаатай, найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлж буйгаас 14 улстай янз бүрийн түвшний түншлэлийн харилцаа тогтоожээ. Өөрөөр хэлбэл, хоёр талын харилцааны агуулга, цар хүрээ тэр хэмжээгээ өргөжиж, түүхэн оргил үедээ хүрсэн гэсэн үг.

Манай улс 2025 оны 5 дугаар сарын эхний байдлаар ОХУ, БНХАУ-тай Иж бүрэн стратегийн түншлэл, АНУ-тай Стратегийн гуравдагч хөршийн түншлэл, Япон улстай Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх тусгай стратегийн түншлэл, БНСУ, БНЭУ, ХБНГУ, БНКазахстан Улстай Стратегийн түншлэл, Турк, Канад, Вьетнам, Чех, Польш улстай Иж бүрэн түншлэл, Австрали улстай Өргөн хүрээтэй түншлэлийн харилцаатай байна.

Манай улсын гадаад бодлогын онцлог бол тэнцвэртэй, олон тулгуурт, энхийг эрхэмлэсэн агуулгатай, иймд аль нэг улсыг, эвслийг дагахгүй, туйлшрахгүй буюу “холбоотны харилцаа тогтоохгүй” гэсэн үг. Иймд өнөөдрийн “түншлэлийн эрин үе” бол яах аргагүй онцлог үе.

Дараагийн үе, шинэ агуулга

Монгол Улсын гадаад харилцаа тооны хувьд хөгжлийн оргил үедээ ирээд буй энэ инерцийг алдалгүй хадгалж, гадаад бодлогоо “шинэ агуулгаар баяжуулан” гүнзгийрүүлэх шаардлага зүй ёсны. Дэлхийн улс төр, эдийн засгийн орчин хурдацтай өөрчлөгдөж байгаа энэ үед гадаад бодлогын чиг хандлага, хэрэгжилт илүү оновчтой, зорилтот агуулгатай байх шаардлага ч үүнд хүч нэмнэ. Улс орныхоо хөгжлийн стратеги зорилго, зорилттой нягт уялдсан агуулгын хувьд оргил үедээ хүрэх нь гадаад харилцааны салбарын дараагийн үе шат.

Leave a comment