Х.Золжаргал, Э.Мөнх-Оргил

2025 оны 6 дугаар сарын 3-ны өдөр болсон Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Ерөнхийлөгчийн 21 дэх удаагийн сонгуульд Солонгосын Ардчилсан Намын (АН)-аас нэр дэвшсэн И Жэ Мён (Lee Jae-myung) үнэмлэхүй ялалт байгуулсан. Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон сонгогчдын ирц 79.38 хувьтай байсан бөгөөд нэр дэвшигч И Жэ Мён сонгуульд оролцож саналаа өгсөн нийт иргэдийн 49.42 хувийн санал буюу 17.2 сая иргэдийн саналыг авсан нь 1997 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт байв. Ийнхүү И Жэ Мён иргэд, сонгогчдын дэмжлэгийг авч Үндэсний Ассамблейг эвтэйхэн хяналтдаа байлгаж Ерөнхийлөгчийн албан тушаалд сонгогдсон нь тус улсын өмнөх үеийн Ерөнхийлөгч нарт олдож байгаагүй алтан боломж юм.

И Жэ Мён гэж хэн бэ?

Ерөнхийлөгч И Жэ Мён 1963 онд БНСУ-ын Кёнбук мужийн Андун уулын тосгонд 7 хүүхэдтэй айлын 5 дахь хүү болон төрсөн. Тэрээр гэр бүлийнхээ хүнд бэрх амьдралын нөхцөл, шаардлагаас болж дунд сургуулиасаа гарч хөдөлмөрлөх болсон. БНСУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Юн Сук Ёолоос үүдэлтэй улс төрийн хямралаас өмнө И Жэ Мёны эрх мэдэлд хүрэх зам дардан байсангүй.

Инчоны үндэсний их сургуулийн улс төр судлал, олон улсын харилцааны доктор, профессор Ли Жүн Ханы тодорхойлсноор “И Жэ Мёны улс төрийн замнал өсөлт, уруудалтаар дүүрэн байсан бөгөөд тэр ихэвчлэн олон нийтийн дунд маргаантай асуудлуудын гол дүр болдог” гэсэн байна. И Жэ Мён БНСУ-ын Ардчилсан намын дарга, Үндэсний Ассамблейн гишүүнээр сонгогдон ажиллаж байсан бөгөөд Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр удаа нэр дэвшиж олон нийтэд танигдсан, туршлагатай улс төрч юм. Мөн тэрээр БНСУ-ын Соннам хотын дарга, Кёнги аймгийн захирагчаар ажиллаж байсан. Сөүл хотын өмнөд хэсгийн ядуусын дүүрэгт өссөн, дунд сургуулиа орхин үйлдвэрт ажиллаж, 2005 онд улс төрд орохоосоо өмнө хүний эрхийн хуульч, хөдөлмөрийн идэвхтнээр хорин жил ажилласан хүний хувьд улсынхаа Ерөнхийлөгчөөр сонгогдсон нь гайхалтай амжилт юм.

И Жэ Мёны Засгийн газрын нэн тэргүүнд анхаарах шаардлагатай асуудлууд юу вэ?

И Жэ Мён Ерөнхийлөгчийн Засгийн газрын нэн тэргүүнд анхаарах асуудал нь БНСУ-ын эдийн засаг байх нь ойлгомжтой. Тэрээр Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа БНСУ-ын томоохон корпорацууд, бизнесийн төлөөллүүдэд гол анхаарлаа хандуулж, АНУ-тай хөгжүүлж буй хамтын ажиллагаандаа онцгойлон ач холбогдол өгч эхэлсэн.

БНСУ-ын Төв банк 2025 оны эдийн засгийн өсөлтийн таамаглалыг бараг тал хувиар буюу (1.5-0.8%) болгон бууруулсан нь 1987 оноос хойш 4 дэх удаагаа тус улсын эдийн засгийн өсөлт 1 хувиас доош бууруулсан үзүүлэлт болж байна. Цаашилбал БНСУ-ын худалдааны хамгийн чухал хоёр түнш болох АНУ-БНХАУ-ын худалдааны дайн Өмнөд Солонгосын экспортод суурилсан эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлж эхэлсэн. Тухайлбал, 2025 оны 5 дугаар сарын байдлаар тус улсын нийт экспорт болон автомашины экспорт 1.3 хувь, 4.4 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна. Өмнөд Солонгосоос АНУ, БНХАУ руу хийсэн экспорт улам хүндэрч 5 дугаар сард 8 хувиар буурсан бол АНУ-ын зах зээлд нийлүүлэх автомашины экспорт өмнөх оны мөн үеэс 30 гаруй хувиар буурчээ.

И Жэ Мёны өмнөх түр Засгийн газар АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын 10 хувийн суурь тариф, 25 хувийн автомашины тариф, 25 хувийн автомашины сэлбэгийн тариф, Мексикээс импортлох 25 хувийн тариф, хөнгөн цагаан, гангийн 50 хувийн тариф гэх мэт олон төрлийн тарифыг бууруулахад ахиц дэвшил гаргаагүй. Харин 7 дугаар сарын 31-ний өдөр БНСУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүн АНУ-ын талтай худалдааны хэлэлцээр байгуулсан чадсанаар хоёр талын эдийн засгийн харилцаа, худалдааны эргэлтэд эерэг нөлөө үзүүлж эхэлсэн.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп БНСУ-ын Засгийн газрын төлөөллүүдтэй тарифын хэлэлцээр байгуулсны дараа. Photo credit: The Korea Economic Daily.

АНУ, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалтаар хэлэлцсэн асуудлууд юу байв?

Ерөнхийлөгч Доналд Трамп Ерөнхийлөгч И Жэ Мёныг 8 дугаар сарын 25-ны өдөр Цагаан ордны Зууван танхимд хүлээн авч уулзав. Photo credit: New York Times.

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын урилгаар Вашингтонд 8 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд ажлын айлчлал хийв. Өнгөрсөн 7 дугаар сард Вашингтон, Сөүл хоёр Өмнөд Солонгосын импортод тавих АНУ-ын татварыг 25 хувиас 15 хувь болгон бууруулах, үүний хариуд Өмнөд Солонгос Америкт 350 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт оруулах тохиролцоонд хүрсний дараа Трамп И Жэ Мёнтой уулзахаар төлөвлөж буйгаа дурдсан.

Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлалын бүрэлдэхүүнд “Самсунг электроникс” компанийн ТУЗ-ийн дарга И Жэ Ён, “Хьюндай мотор групп”-ын гүйцэтгэх захирал Чун Эйсун нар багтсан байв. Эдгээр бизнесийн төлөөллүүд хоёр улсын хоорондох тарифын хэлэлцээрт чухал үүрэг гүйцэтгэснийг онцлох нь зүйтэй. 

Мөн уулзалтаар Солонгосын хойгийн асуудлаар хоёр тал Умард Солонгосын удирдлагатай яриа хэлэлцээг сэргээх асуудлыг хөндөж Ерөнхийлөгч Д.Трампын зүгээс ойрын ирээдүйд Ким Жон Унтай уулзах сонирхолтой буйгаа илэрхийлсэн ба И Жэ Мён тус саналыг нь дэмжсэн. Гол нь Умард Солонгосын тал хүлээж авах уу гэдэг нь тун эргэлзээтэй.

И Жэ Мён БНСУ-ын гадаад бодлогын асуудлаар ямар байр суурь баримталж байна вэ?

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч И Жэ Мён геополитикийн ээдрээтэй нөхцөл байдал дунд албан тушаалаа хүлээн авсан. Тэрээр АНУ-тай холбоотны харилцаагаа тууштай бэхжүүлэх, Умард Солонгостой яриа хэлэлцээг сэргээхийг эрэлхийлэхийн зэрэгцээ Бээжинтэй харилцах харилцаагаа эвтэй байдлаар зохицуулан Хятадаас хараат байдлаа бууруулах гэсэн прагматик хандлагаар гадаад бодлогоо хэрэгжүүлж байна. 

Түүний Засгийн газар хоёр чиглэлээр зэрэг ажиллаж байгаа нь харагдаж байна: Пхеньяны өсөн нэмэгдэж буй цөмийн аюулын эсрэг батлан хамгаалах салбараа бэхжүүлэхийн зэрэгцээ тус улстай итгэлцэл, харилцааны сувгийг сэргээхийг зорьж буй. Үүний зэрэгцээ И Жэ Мён АНУ-БНХАУ-ын худалдааны дайны дарамтыг даван туулж, Вашингтонтой аюулгүй байдал, технологийн салбарт ойртохын хажуугаар Бээжинтэй эдийн засгийн харилцаагаа тогтвортой хадгалахыг эрмэлзэж байна. 

Дээр дурдсан тэнцвэрийг хангах чухал нэг хэсэг нь эдийн засгийн түншлэлээ төрөлжүүлэх явдал бөгөөд энэ хүрээнд Монгол Улсын үүрэг нэмэгдэх магадлалтай юм. Сөүл, Улаанбаатар хоёр газрын ховор элемент, ашигт малтмал болон бусад төсөл хөтөлбөрүүд дээр хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр байна. БНСУ Монгол улсын хооронд 1990 онд дипломат харилцаа тогтоож 2021 онд БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нар хоёр улсын хооронд “Стратегийн түншлэлийн харилцаа” тогтоосныг тунхаглан зарласан. Түүнчлэн энэ оны 4 дүгээр сарын 26-30-ны хооронд БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол улсад албан ёсны айлчлал хийсэн нь хоёр улсын хооронд “Стратегийн түншлэлийн харилцаа”-г бэхжүүлэхэд БНСУ-ын зүгээс өндөр ач холбогдол өгч буйн илрэл болно. Цаашид хоёр улсын хооронд “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” байгуулах нь худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх ач холбогдолтой төдийгүй манай улсын экспортыг нэмэгдүүлэх даваа талтай.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг. Photo credit: Parliament.mn

Өмнөд Солонгосын хувьд Монгол Улстай харилцаагаа бэхжүүлснээр бүс нутгийн эдийн засгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ бүс нутагт гүйцэтгэх өөрсдийн үүрэг, нөлөөгөө өргөжүүлэх боломжтой юм. Үүнээс гадна, Монгол Улс Зүүн хойд Азийн  бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурлыг зохион байгуулж ирснийг Сөүл үнэлж ач холбогдол өгдөг. Ирээдүйд эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулж, үр нөлөө бүхий, харилцан ашигтай төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр Монгол, Өмнөд Солонгосын хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрэх боломжтой гэж үзнэ.

Эх сурвалж: Center for Strategic Studies, Council on Foreign relations, Carnegie Endowment, NKNews.

Leave a comment