Б.Ариун

Өнгөрсөн Мягмар гарагт Пакистан улсын усан цэргийн базад халдлага болсны дараа тус улсын Khyber-Pakhtunkhwa мужид тэсрэх бөмбөгөөр тоноглосон алан хядагч БНХАУ-ын иргэдийн сууж явсан тээврийн хэрэгслийг мөргөн тэсэлсэн байна. Дээрх явдлыг сүүлийн жил тус улсад террорист халдлагын тоо эрс нэмэгдэж буйн жишээ хэмээн олон улсын шинжээчид үзэж байна. Пакистаны эрх баригчид тухайн улсад болж буй алан хядах халдлагууд Афганистаны хилийн орчмоор болдог гэх бөгөөд үүнд Балучистаны Салан тусгаарлах арми хэмээх алан хядах бүлэглэл холбоотой гэжээ.  

БНХАУ-ын хувьд Пакистан нь Энэтхэг болон Өмнөд Азийн цэргийн хүчний эсрэг чухал завсрын бүс бөгөөд эдийн засаг, гадаад худалдаанд нөлөө үзүүлэхүйц стратегийн ач холбогдолтой улс юм. Хятад Пакистантай 1951 оноос хойш албан ёсны харилцаа үүсгэн хөгжүүлсээр өдгөөг хүрчээ. 1962 оны 10-11 дүгээр сарын хооронд болсон Энэтхэг – Хятадын зэвсэгт мөргөлдөөн нь Энэтхэгийн эсрэг Пакистаныг дэмжих Хятадын бодлогод түлхүү нөлөөлж, үүнээс хойш гурван жилийн дараа буюу 1965 онд Хятад – Пакистаны батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагаа эхэлсэн гэж хэлж болно. Хятадын Батлан хамгаалах яамны мэдээгээр сүүлийн 20 гаруй жил хоёр улс хэд хэдэн томоохон хээрийн сургууль хийсний дийлэнх нь усан замын байлдааны ажиллагаатай холбоотой байв.

Үүнээс гадна, Хятад улс 20 илүү жилийн өмнөөс Арабын тэнгист гарц нээх бодлого барьж үүнтэй холбоотойгоор Пакистаны тодорхой салбаруудыг идэвхтэй дэмжих, санхүүжүүлэх байдлаар үйл ажиллагаагаа өргөжүүлсээр иржээ. Үүний нэг жишээ нь Хятадын Ерөнхийлөгч Си Зиньпин 2013 онд “Бүс ба Зам” санаачилгыг албан ёсоор зарлахаас 11 жилийн өмнө буюу 2002 онд Хятадын Засгийн газар Пакистаны Балучистан мужийн Гвадарт усан боомт байгуулах гэрээ хийж, тус боомтын эхний хэсгийг 2006 онд хүлээлгэн өгсөн байдаг. 2011 онд мөн Гвадарт усан цэргийн бааз барихаар хоёр улс харилцан тохиролцсон. Пакистан дахь Гвадарын боомт нь БНХАУ-ын гадаад худалдаа, эдийн засаг хийгээд эрчим хүчний аюулгүй байдлын тусгай бодлогын чухал хэсэг болох нь тодорхой юм.

Хятад улс Пакистаны цөмийн эрчим хүчний салбарт болон цэргийн салбарт хүртэл хамтын ажиллагааны хүрээгээ тэлсээр байна. Эдүгээ Пакистаны зэвсэглэлийн 77 хувийг БНХАУ хангадаг болжээ. Багахан жишээ дурдахад 2013 оноос 2018 онд буюу Хятадын эдийн засгийн оргил үеүдэд БНХАУ нийт 560 сая ам.долларын зэвсэг Пакистанд худалдсан байна. Хэдийгээр Хятад улс цэргийн салбарын дэмжлэг бага үзүүлдэг ч, эдийн засгийн хувьд Пакистан улсыг гартаа авсан гэж хэлж болно. БНХАУ нь Пакистаны хамгийн том зээлдүүлэгч бөгөөд Хятад – Пакистаны эдийн засгийн коридор хөтөлбөрийн хүрээнд 87 тэрбум ам.долларын төсөвтэй 122 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж 2022 оны байдлаар  67 тэрбум ам.долларын зээл олгосон гэсэн мэдээ байна. Саяхан болсон алан хядах халдагад өртсөн БНХАУ-ын иргэд хоёр улсын энэхүү түншлэлийн хүрээнд баригдаж буй усан цахилгаан станцын төсөл дээр ажиллаж байжээ. Үүнээс гадна, сүүлийн 10 жилийн хугацаанд Пакистанд 88 хятад иргэн байгалийн гамшгийн улмаас нас барсан гэсэн тоо байна.

Стратегийн хувьд Пакистан нь БНХАУ-д Арабын тэнгисийн гарц олгодог чухал ач холбогдолтой түнш бөгөөд Гвадарын боомт уг бодлогын хамгийн чухал хэсэг болох аж. Уг боомтын хэд хэдэн бүрэлдэхүүн хэсгүүд одоогоор ажиллагаанд орсон бөгөөд бүрэн хэмжээгээр үйл ажиллагаа явуулснаар БНХАУ жилд 70 сая тонн ачаа зөөвөрлөх боломжтой болно. Энэ нь Хятадын хувьд Зүүн Азийн тэнгист худалдааны томоохон гарц болох Малаккагийн хоолойгоос хамааралгүй болох төлөвлөгөөний нэг хэсэг юм. Гвадарын боомтоор дамжуулан Хятад улс Африкийн болон Арабын орнуудтай, цаашлаад Европын зарим орнуудтай худалдаа хийх боломжтой. Үүнээс гадна уг боомтоор дамжуулан Бээжин газрын тос болон эрчим хүчний тогтвортой байдлаа хангах, Арабын тэнгист цэргийн хүчээ зузаатгах ач холбогдолтой юм.

Гвадарын боомт нь Балучистан мужид байрладаг бөгөөд тус муж нь Балучистаны Салан тусгаарлах армийн нутаг төдийгүй саяхан тус бүлэг PNS Siddique усан цэргийн базад халдлага үйлдсэн. Пакистаны дотоодын аюулгүй байдал Хятадын хөрөнгө оруулалтуудад сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлийн нэг жишээ бол энэ билээ. Үүнтэй холбоотой Хятад улс сүүлийн жилүүдэд Пакистан улстай хамтран Арабын тэнгист богино болон дунд зайны усан цэргийн сургуулилт хийсэн тохиолдлууд ч байна. Жишээ нь, 2023 оны 11 дүгээр сарын 11-17 өдрүүдэд хоёр улс хамтран Type-052DL чиглүүлэгчтэй пуужин устгагч, ачаа тээврийн онгоц, хоёр ширхэг Type-054A байлдааны хөлөг онгоц, Type-039 байлдааны шумбагч онгоц, Type-903 хөлөг онгоц, нисдэг тэрэг болон тэнгисийн явган цэргүүд, Zibo хөлөг онгоц болон радарт баригдахгүй хурдтай онгоцнууд ашигласан гэжээ.

Үүнээс үзэхэд Пакистанд болж буй халдлагад Хятад иргэд өртөх тохиолдол бий хэдий ч Хятад улс түншлэлээр дамжуулан эдийн засгийн хараат байдал тогтоох аргачлалыг ашиглан Арабын тэнгист өөрийн ноёрхлоо тогтоох бодлогоо амжилттай хэрэгжүүлж байна гэж харахаар байна.

Эх сурвалж: New York Times, Center for Strategic and International Studies, The Diplomat, South China Morning Post

One response to “Хятад – Пакистаны Харилцаа ба Арабын Тэнгисийн Ноёрхол”

  1. Баттөмөр Avatar
    Баттөмөр

    Сониноос, хятадуудын мэдээнд байдаг тоонууд хэр бодитой байдаг вэ

    Liked by 1 person

Leave a reply to Баттөмөр Cancel reply