Э.Эрдэнэ-Очир

Хонконгийн захирагч Жон Ли Хонконгийн Үндэсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд гарын үсэг зурснаар тус хууль 3 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр хэрэгжиж эхэллээ.

БНХАУ-ын Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Дин Сюэсяний хэлж буйгаар “…тус хууль нь Хонконгийн үндэсний эв нэгдэл, ашиг сонирхлыг хамгаалан болзошгүй хорлон сүйтгэх ажиллагаа, эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлж, Хонконгийн эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад нэн шаардлагатай байсан” гэв.

Гэвч тус нэмэлт өөрчлөлтийн дагуу Хонконгийн хууль, хүчний байгууллагууд иргэнийг ямар нэгэн үндэслэлгүйгээр 16 хоногийн турш баривчлан саатуулах, байгууллага, компанийг гадаад улсын нөлөөг сурталчлан хамтран ажилласан үндэслэлээр үйл ажиллагааг нь шууд зогсоох эрх зүйн боломж бүрдлээ гэж олон нийт шүүмжилж байна. Түүнчлэн төрийн нууц, хорлон сүйтгэх ажиллагаа, гадаад улсын нөлөө, эх орноосоо урвах, эмх замбараагүй байдал үүсгэх зэрэг нэр томьёог БНХАУ-ын хуульд заасантай адил хэт өргөн агуулгаар тодорхойлсон аж.

Хуулийн нэмэлт өөрчлөлт хэрэгжиж эхэлснээс хойш Хонконгийн хууль, хүчний байгууллагаас АНУ-аас санхүүждэг “Radio Free Asia” хэвлэл, мэдээллийн байгууллагын үйл ажиллагааг зогсоогоод байна.

БНХАУ-ын парламент 2014 оноос хойш Хoнконгийн Захирагчийг сонгох процесс, сонгуулийн тогтолцоог өөрчлөх, Хонконгоос БНХАУ-д хэрэгтэн шилжүүлэх үйл явцыг өөрчлөх шат дараатай оролдлого хийсэн юм. Ийнхүү Хонконгт БНХАУ-ын засаглалын шууд нөлөө нэмэгдэх болсноор ардчиллыг дэмжигч залуучуудын эсэргүүцэл өргөжсөн боловч 2020 онд цар тахлын хязгаарлалт, Хонконгийн эрх баригчдын бодлогын нөлөөгөөр эдгээр жагсаал, хөдөлгөөн дарагдсан юм.

Жагсаал, цуглааны 10 жилийн ой энэ жил тохиож буйтай холбогдуулан БНХАУ-ын талаас дээрх хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаа бололтой.   

Эх сурвалж: South China Morning Post, BBC. 

Leave a comment