АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Си Зиньпин нар 4 дүгээр сарын 2-ны өдөр утсаар ярьж, харилцаанд үүсээд буй асуудлаа шийдвэрлэж, зөрчлийг бууруулах, харилцаагаа сэргээх талаар санал солилцжээ. Энэ үеэр талууд Тайванийн асуудлаар “улаан шугам” давахгүй байх, харилцан байр сууриа хүндэтгэх, мөн цэргийн харилцаагаа сэргээх, өндөр технологийн асуудлыг онцлон хөнджээ.
Цагаан ордны зүгээс талууд байр суурийн зөрүүтэй болон санал нэгтэй байдаг хоёр талын болон бүс нутаг, зарим глобал асуудлыг хөндөн ярилцлаа гэж мэдэгдсэн бол Жунанхай ордон мэдэгдэхдээ Си дарга Америкийн талтай энэ онд зөрчлийг хурцатгахгүй, мөргөлдөөн үүсгэхгүй байх талаар хэлэлцэн тохиролцсон гэдгийг онцолж байна.
Хоёр төрийн тэргүүн өнгөрсөн оны 11 дүгээр сард АНУ-д болсон Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр уулзсан юм.
Байдлаас үзэхэд талууд энэ удаад харилцан байр сууриа бататгасан бөгөөд цаашид худалдааны болон цэргийн харилцаагаа сэргээж Тайванийн хоолой, Өмнөд болон Зүүн Хятадын тэнгист мөргөлдөөнд хүрэхгүй байх, түүнчлэн бүс нутаг дахь терроризм, хар тамхитай тэмцэх хамтын ажиллагаагаа сэргээх, мөн цаг уурын өөрчлөлтийн асуудал, иргэд-соёлын хоорондын харилцаанд анхаарах төлөвтэй байна.
Эх сурвалж: South China Morning Post, Al Jazeera.


Leave a comment