Б.Ариун
Өнгөрсөн 75 жилийн хугацаанд Хятад Улсыг таван төрийн тэргүүн удирдаж үе үеийн хятад хүний зан авир, нийгэмд хандах хандлага, эдийн засгийн оролцоо, гэр бүлийн бүтцийг хүртэл зохион байгуулалтад оруулжээ. Орчин үеийн Хятад Улсын хөгжлийн суурийг тавьж, чиглүүлэн залсан тэдгээр эрхмүүдийн тухай энэ удаагийн нийтлэлдээ толилуулж байна.
Мао Зэдун (төрийн эрхэнд байсан хугацаа 1949-1976):
- Тухайн үед хүчээ авч байсан Марксист-Леннист хувьсгалын зарчмыг баримтлагч, социалист радикал үзэлтэн.
- Улс төрийн нэгдсэн хүчний дор томоохон намын аппарат ажиллуулах замаар өөрийгөө тахин шүтүүлэх хэм хэлбэрт шилжүүлсэн.
- Нийгмийн өнцөг булан бүрд хүрч нийтийн томоохон дайчилгаа, улс төрийн масс хөдөлгөөнийг явуулж чаддаг хүчирхэг удирдагч байв.
Дэн Сяопин (төрийн эрхэнд байсан хугацаа 1978-1992):
- Маогийн эхлүүлсэн социалист хөдөлгөөний чиглэл, хэв маягийг зөөллөсөн Хятад-хэлбэрийн буюу үндэсний онцлогийг анхаарсан прагматист маягийн удирдагч.
- Тухайн үед тулгараад байсан эдийн засгийн хүндрэлийн өөрчлөлт-шинэчлэлийн замаар даван дуулах арга барил хэрэглэж, гадаадын хөрөнгө оруулалт, бизнест ээлтэй нийгмийг босгоход анхаарсан.
- Эдийн засгийн хөгжлийг улс төрийн үзэл баримтлалаас илүү чухалд үзэж, гадаад орнуудад нээлттэй бодлого барьсан удирдагч байв.
Жян Зэминь (төрийн эрхэнд байсан хугацаа 1992-2002):
- Өмнөх удирдагчийн эхлүүлсэн эдийн засгийн хөгжлийн бодлогыг үргэлжлүүлсэн.
- Дэлхийн эдийн засгийн байгууллагуудтай хамтран ажиллах, олон улсын эдийн засаг бизнесийн байгууллагуудтай албан ёсны түншлэлүүдийг зузаатгасан.
- Өмнөх удирдагчаас ялгаатай нь Хятадын Коммунист намын нийгэм, улс төр, бизнесийн гэсэн гурван салбар дахь оролцоог бий болгох санаачилгыг эхлүүлсэн удирдагч байв.
Ху Жинтао (төрийн эрхэнд байсан хугацаа 1992-2012):
- Гадаадад ээлтэй Хятадын нийгмийг бүрдүүлэх үйл ажиллагаа явуулснаар Хятадын нийгмийн хоцрогдлыг арилгах үйл явцыг эхлүүлсэн.
- Нийгмийн дотоодыг чиглэсэн үйл ажиллагаа явуулж, хөдөө орон нутаг болон томоохон хотуудыг холбох, тэдгээрийн эдийн засгийн уялдааг сайжруулах үйл ажиллагаа явуулсан.
- Хэдийгээр улс төрийн хүчтэй өөрчлөлт хийж чадаагүй боловч, Хятадын эдийн засгийн хөгжил улам сайжирч олон улсын зэрэглэлийн бизнесүүд Хятадаас төрөн гардаг болов.
Си Зиньпин (одоогийн төрийн тэргүүн):
- Улс төрийн хувьд Маогийн дараа гарсан хамгийн хүчтэй удирдагч бөгөөд намын жижиг бүлгүүдийн болон удирдлагын хүчийг өөртөө төвлөрүүлж чадсан.
- Авлигал, хээл хахуулийн эсрэг үйл ажиллагаа амжилттай явуулж дотооддоо хүлээн зөвшөөрөгдсөнөөс гадна нийгэмд чиглэсэн үндсэрхэг үзлийг өөгшүүлэх байдлыг системтэйгээр дэмжин дэлгэрүүлж байгаа.
- Холыг харсан, ул суурьтай, нарийн төлөвлөгөө бүхий даацтай гадаад бодлого явуулж Хятадын гадаад нөлөөллийг идэвхтэй тэлж буй.
- Өмнөх удирдагчидтай харьцуулахад нийгмийн хяналтыг чангатгаж, ахисан шатны техник технологид тулгуурлан өөрсдийн иргэдийн хөдөлгөөн, үзэл бодол, нийгмийн харилцааг хянах болж, цагдаагийн болон дотоодын тагнуулын үйл ажиллагааг сайжруулсан.
- Мао Зэдуны адилаар өөрийгөө тахин шүтүүлэх хэв маягт шилжих хандлага сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж буй.
- Бусад удирдагчидтай харьцуулахад тэрээр намын дотоод төлөвшил, дэг журам, сахилга батад хатуу анхаарах хандлагатай.
- Батлан хамгаалахын салбарт ихээхэн хөрөнгө оруулж, цэрэг зэвсэг сайжруулахад анхаарал хандуулахаас гадна сүүлийн хорин жилд өөрчлөгдөөгүй Тагнуулын тухай Хууль, Цэрэг татлагын тухай хуульд өөрчлөлт оруулсан зэрэг нь нийтийг хамарсан дайчилгаанд шилжиж магадгүй эрсдэлийг харуулж байна.
Монгол Улсын хувьд Хятадын түүхэн удирдагчдын удирдлагын хэв маяг, асуудалд хандах хандлага, хувь хүний онцлог зэргийг судлах нь гадаад бодлогын хувьд онцгой ач холбогдолтой. Учир нь тухайн цаг үеийн удирдагчид манай улсын түүхэнд мөн тодорхой нөлөө үзүүлдэг ажээ. Жишээ нь, Мао Зэдуны үед Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал ноцтой түвшинд хүрсэн тохиолдол байхад, Дэн Сяопиний үед харьцангуй тогтвортой, тодорхой хэмжээнд дипломат харилцаанд шилжиж, энх тайванд тулгуурлан хөгжих нөхцөл бүрэлдэж байсан бол эдийн засгийн хувьд харьцангуй хязгаарлагдмал харилцаатай байв. Жян Зэминий үед манай улсын эдийн засаг, гадаад худалдааны салбар идэвхтэй хөгжиж манай улсын дипломат үйл ажиллагаа өргөжив. Си Зиньпиний үе буюу одоо үед Монгол Улс гадаад харилцаа, эдийн засаг, улс төрийн хувьд бие даасан хэвээр боловч дэд бүтэц, үйлдвэрлэл, технологийн зарим салбар, гадаад худалдаа гэх мэт тодорхой салбарын хамааралтай болжээ.
Цаашид гадаад харилцаа, бүс нутгийн болон дэлхийн шинжтэй асуудлуудад Монголын стратегийн байр суурийг оновчтой тодорхойлоход энэ чиглэлийн судалгааг илүү нарийн хийх шаардлага гэж бид үзэж байна.
Эх сурвалж: Britannica, Wall Street Journal, China Vitae.


Leave a comment