2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Исламын Бүгд Найрамдах Иран Улсаас Сири Улсад суугаа ЭСЯ-ны консулын газарт Израил Улс агаарын цохилт өгч Ираны хувьсгалт гвардын 7 хүн амь үрэгдсэн болохыг мэдээлэв. Эдгээр амь үрэгдсэн 7 хүн дотор Кудс хүчний Ливаны корпусын Бригадын генерал Мухаммад Реза Захеди, Кудс хүчний гадаад ажиллагааны хоёр командлагч Мухаммад Хади Хажи Рахими, Бейрут дахь Кудс хүчний Палестины дивизийн дарга Саид Изади, Йемен дэх Ираны хувьсгалт гвардын командлагч Абдолреза Шахлай, Ирак дахь Ираны дэмжлэгтэй зэвсэгт хүчний удирдагч Абдолреза Мосжедзаде байсан хэмээн албаныхан мэдэгдэв.
Иран Улсаас Сири Улсад суугаа Элчин сайд Хуссейн Акбари уг халдлагыг F-35 сөнөөгч онгоцнууд үйлдсэн бөгөөд барилга руу зургаан пуужин харвасан хэмээн онцлов.
Дээрх үйл явдалтай холбогдуулан Иран Улсын Ерөнхийлөгч Ибрахим Раиси уг халдлагыг “олон улсын дүрэм журмыг илт зөрчсөн” гэж буруушааж “хариу арга хэмжээ авна” хэмээв. Мөн НҮБ-д суугаа Ираны төлөөлөгчийн газар үүнийг “НҮБ-ын дүрэм, олон улсын хууль тогтоомж, дипломат болон консулын газрын халдашгүй байдлын үндсэн зарчмыг бүдүүлгээр зөрчсөн” гэж буруушааж, Тегеран “шийдвэртэй хариу арга хэмжээ авах” эрхтэй хэмээн мэдэгдэв.
Энэхүү халдлагатай холбогдуулан АНЭУ-ын Гадаад хэргийн яамнаас Ираны дипломат төлөөлөгчийн газрыг онилсон энэхүү үйл явдалд эмгэнэл илэрхийлж, энэхүү үйлдлийг буруушаав. Мөн Саудын Арабын Гадаад хэргийн яам Ираны консулын газарт халдсан халдлагыг зэмлэн буруушааж, олон улсын хууль тогтоомж, дипломат халдашгүй байдлын зөрчиж, дипломат байгууламжийг онилсон аливаа үйлдлийг эрс буруушааж байгаагаа илэрхийлж, эмгэнэл илэрхийлэв. Мөн одоогоор ОХУ, Ирак, Йордан, Оман, Пакистан, Катар зэрэг улс орнууд эмгэнэл илэрхийлээд байна.
Харин Израил Улсын зүгээс ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.
Эх сурвалж: Arab news, Al Arabiya news.


Leave a comment