Б.Болд
2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Араб-Хятадын хамтын ажиллагааны Сайд нарын 10 дугаар чуулга уулзалт Бээжин хотноо болов. Чуулга уулзалтад Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч Шейх Мухаммад бин Заид Аль-Нахъян, Бахрейны хаан Хамад бин Иса Аль-Халифа, Египет Улсын Ерөнхийлөгч Абдель Фаттах Ас-Сиси, Тунис Улсын Ерөнхийлөгч Каис Саид, Арабын Лигийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ахмад Абул Гхейт болон АНЭУ, Саудын Арабын Хаант Улс, Кувейт, Оман, Египет, Ирак, Ливан, Палестин, Мавритан, Сомали, Алжир, Сири зэрэг орнуудын Гадаад хэргийн сайд нар оролцов. Чуулга уулзалтаар оролцогчид гол төлөв Ойрх Дорнодын бүс нутгийн нөхцөл байдал болон Израил-Палестины асуудлыг хэлэлцэв.
Араб-Хятадын хамтын ажиллагааны Сайд нарын 10 дугаар чуулга уулзалтыг зохион байгуулж буй БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Зиньпин чуулга уулзалтын үеэр БНХАУ Газын зурваст үүссэн хүмүүнлэгийн хямрал, дайны дараах сэргээн босголтод үргэлжлүүлэн туслах бөгөөд 500 сая юанийн буюу 69 сая ам.долларын яаралтай хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээ амлав. Түүнчлэн БНХАУ НҮБ-ын Палестины дүрвэгсдийн асуудал эрхэлсэн агентлаг (UNRWA)-т Газын зурваст яаралтай тусламж үзүүлэхэд шаардлагатай 3 сая ам.доллар хандивлана хэмээн мэдэгдэв.

Photo credit: Tingshu Wang/Pool/Reuters
АНЭУ-ын Ерөнхийлөгч Шейх Мухаммад бин Заид Аль-Нахъян Араб-Хятадын хамтын ажиллагааг бүх талын хүсэл сонирхолд нийцүүлэн хөгжүүлэхийн тулд хамтран ажиллах эрмэлзэл дүүрэн байгаагаа нотлов. Тэрээр дэлхий нийтийн өмнө тулгараад буй нийтлэг сорилтыг даван туулахын тулд эв санааны нэгдэлтэй байх шаардлагатай цаг үед Араб-Хятадын хамтын ажиллагааны Сайд нарын чуулга уулзалт болж байгааг онцлон тэмдэглэв. Мөн олон улсын хамтын нийгэмлэгийн хамтын ажиллагаа, нэгдсэн хүчин чармайлт нь ард түмний хүсэл тэмүүллийг биелүүлэх, хойч үедээ сайхан ирээдүйг үлдээх шилдэг арга зам гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Түүнчлэн Газын зурваст үргэлжилж буй мөргөлдөөний улмаас Ойрх Дорнодод хурцадмал байдал газар авч, Газын зурвасын оршин суугчдын хүмүүнлэгийн нөхцөл байдал хүндэрч байгаа энэ үед уулзалт болж байгааг цохон тэмдэглээд нэн даруй гал зогсоож, Газын зурвасын оршин суугчдыг хамгаалах, Газын зурваст оруулах хүмүүнлэгийн тусламжийн урсгалыг хангах олон улсын хүчин чармайлтад Араб-Хятадын хамтын ажиллагаа чухал нөлөөтэй болохыг онцолж “Хоёр улс” шийдэлд суурилсан шударга, иж бүрэн энх тайвныг тогтоох зайлшгүй шаардлагатайг тэмдэглэв.
Чуулга уулзалтад Саудын Арабын Хаант Улсын Гадаад хэргийн сайд Ханхүү Файсал бин Фархан Аль-Сауд оролцсон бөгөөд энэ үеэр Газын зурваст өрнөж буй дайныг зогсоож, “Хоёр улс” шийдэл олохын хүчин чармайлтыг Хятад улс дэмжиж байгааг сайшаав. Мөн Газын зурваст нэн даруй гал зогсоож, тусламжийн урсгалыг тасалдуулахгүй байхыг уриалав. Бүс нутгийн энх тайвныг тогтооход байнгын яриа хэлэлцээ чухал үүрэгтэйг онцлон, “Хоёр улс” шийдэлд хүрэх эргэлт буцалтгүй замыг бий болгохын тулд хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэхийг уриалав. Тэрээр Ойрх Дорнодод гадаадын, хөндлөнгийн оролцоог бууруулж, бүс нутагт үй олноор хөнөөх зэвсгийн тархалтаас сэргийлэхийн тулд бүгд хүчин чармайлт гаргах шаардлагатайг мөн онцлов.
БНХАУ нь Израил-Палестины мөргөлдөөнийг “Хоёр улс” шийдлээр шийдвэрлэхийг уриалж, нэн даруй гал зогсоож, Палестиныг НҮБ-ын гишүүнээр элсүүлэхийг удаа дараа уриалж байгаа нь Арабын орнуудын байр суурьтай нягт нийцэж байгаа юм. Тус улс нь Ойрх Дорнодын бүс нутагт нөлөөгөө улам бэхжүүлэх эрмэлзэлтэй байгаа бөгөөд өнгөрсөн жил Иран, Саудын Арабын харилцаанд зуучлалын үүргийг амжилттай гүйцэтгэсэн билээ. Цаашид тус бүс нутаг дахь Хятадын дипломат үйл ажиллагаа улам бүр нэмэгдэх төлөвтэй байна.
Эх сурвалж: CNN, South China Morning Post, Asharq Al-Awsat, Times of Israel.


Leave a reply to Dorjoo Purevhuu Cancel reply