Э.Мөнх-Оргил

Ерөнхийлөгч Д.Трампын 2025 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн “Харилцан тэнцвэртэй тарифыг ногдуулах замаар АНУ-ын барааны худалдааны алдагдлыг бууруулах импортын зохицуулалт хийх тухай” (Regulating Imports with a Reciprocal Tariff to Rectify Trade Practices that Contribute to Large and Persistent Annual United States Goods Trade Deficits) захирамж гаргаж, уг бодлогын хүрээнд гадаад улс орноос АНУ-д импортлох бүх бараанд 10 хувийн суурь татвар ногдуулж, зарим улс орны бараанд нэмж “харилцан тэнцвэртэй тариф” буюу ‘reciprocal’ татварыг ногдууллаа.

Тус зарлигийн дагуу 2025 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн зарим нэг бараанаас бусад бүх улс орны бараанд 10 хувийн суурь тариф ногдуулах бөгөөд энэ жагсаалтад Монгол Улс багтаж буй юм.

Source: The Guardian

Монгол Улс – АНУ-ын худалдаа

Монгол-АНУ-ын худалдааны нийт хэмжээ сүүлийн таван жилийн хугацаанд тогтмол өсөлттэй байсан бөгөөд 2024 онд экспортын хэмжээ огцом нэмэгдэж, түүхэн дээд түвшинд хүрсэн байна. Өнгөрсөн онд хоёр улсын худалдааны эргэлт 701 сая ам.долларт хүрсэн бөгөөд худалдааны тэнцэл 368 сая ам.долларын алдагдалтай гарчээ.

АНУ-Монголын худалдааны статистик (2020-2024 он) (мян.ам.доллар)

ОнМонгол-АНУ экспортАНУ-Монгол импорт
202010,824.30235,589.73
202131,029.76212,481.83
20229,895.41265,660.42
202336,553.52281,030.21
2024166,397.03535,181.89

Монгол Улс 2024 онд АНУ-руу боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт (155 сая ам.доллар), дотоод шаталтын хөдөлгүүрийн эд анги, свитер, пуловер, агаарын хөлөг, хэрэгслийн эд анги гэх мэт нийт 166 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна. 

Монгол Улсын хувьд АНУ-тай хийх худалдааны хэмжээ харьцангуй бага тул тарифын нөлөөлөл хязгаарлагдмал байх төлөвтэй. Гэсэн хэдий ч, бүс нутгийн бусад улстай харьцуулахад Монгол Улс АНУ-ын тарифын бодлогоос харьцангуй бага буюу 10%-ийн суурь тарифт хамрагдаж байна. Харин Камбож, Лаос, Вьетнам, Шри Ланка, Мьянмар зэрэг улсууд 40-50%-ийн өндөр тарифтай байгаа нь тэдгээр орны экспортод ихээхэн дарамт учруулж, өрсөлдөх чадварыг нь сулруулах эрсдэлтэй.

АНУ-ын тарифын дарамт бүс нутгийн хэмжээнд:

Монгол Улсын эдийн засагт үзүүлэх нөлөө

Д.Трампын тарифын шинэ бодлого Монгол Улсад шууд нөлөө үзүүлэхгүй ч, БНХАУ-ын эдийн засагт үзүүлэх нөлөө нь дам байдлаар манай эдийн засагт сорилт үүсгэж болзошгүй гэж эдийн засагчид үзэж байна.

Монгол Улс нүүрс, зэс, алт зэрэг голлох ашигт малтмалаа БНХАУ руу экспортолдог. Харин АНУ-аас БНХАУ-ын бараанд 34 хувийн өндөр тариф ногдуулснаар Хятадын үйлдвэрлэл агших, улмаар Монголын нүүрс, зэсийн эрэлт буурах, үнэ нь унах эрсдэл үүсэж болзошгүй.

Нөгөө талаас, Монгол Улс цахилгаан бараа, автомашин, тоног төхөөрөмж зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнээ БНХАУ-аас импортолдог. АНУ-ын тарифын дарамтаас шалтгаалан Хятадын үйлдвэрлэгчид өөрсдийн өртгийг нэмэгдүүлж, бараа бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөх магадлалтай. Үүний үр дүнд Монголын зах зээл дээр Хятадын импортын барааны үнэ өсөж, үүнээс улбаалан инфляц нэмэгдэх эрсдэлтэй.

Дүгнэлт

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаанаас зарласан тарифын бодлого нь тус улсын эдийн засгийн ашиг сонирхлыг хамгаалах, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих зорилготой хэдий ч дэлхийн эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж болзошгүйг олон улсын шинжээчид онцолж байна. Америкийн зүгээс тогтоосон тарифууд нь хэрэглэгчдэд нэмэлт зардал үүсгэж инфляцыг өдөөх, дэлхийн эдийн засгийн өсөлтийг удаашруулах эрсдэлтэй гэсэн дүгнэлтийг эдийн засагчид гаргаж байна.

Монгол Улсын хувьд АНУ-ын зүгээс харьцангуй бага буюу 10 хувийн суурь тариф ногдуулж байгаа нь хэд хэдэн хүчин зүйлтэй холбоотой гэж үзэж байна. Нэгдүгээрт, Монгол–Америкийн худалдааны хэмжээ харьцангуй бага тул АНУ-ын хувьд өндөр тариф тогтоох бодит шалтгаан үгүй. Үүнээс гадна, Монгол Улс ихэнх импортын бараа бүтээгдэхүүнд маш бага хэмжээний буюу 5 хувийн нийтлэг импортын татвар ногдуулдаг нь өндөр тариф тогтоодог, хязгаарлалтад суурилсан худалдааны бодлого баримталдаг бусад орнуудтай харьцуулахад бага юм.

Хоёрдугаарт, хоёр улсын найрсаг харилцаа, стратегийн түншлэл бага татвар ноогдуулахад нөлөөлсөн байж болзошгүй юм. Америкийн тал Австрали, Чили, Их Британи зэрэг томоохон худалдаа хийдэг түншүүддээ Монголтой адил 10 хувийн татвар ноогдуулсан нь дипломат харилцаа тарифын түвшнийг тогтооход нөлөөлсөн гол хүчин зүйлсийн нэг байсныг илтгэнэ. Цаашлаад, энэхүү шийдвэр нь хоёр их гүрний дунд орших, эдийн засгаа төрөлжүүлэхээр хичээж буй Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг дэмжих бодлогоор ч ойлгогдож болох юм.

Иймээс цаашид хоёр талын худалдааг өргөжүүлж, хөнгөлөлттэй нөхцөлийг үр дүнтэй ашиглан АНУ-ын зах зээлд Монголын экспортын бараа бүтээгдэхүүний хүртээмжийг нэмэгдүүлэх нь эдийн засгийн бодлогын чухал чиглэл болохыг харуулж байна. Нөгөө талаас, бүс нутгийн өндөр тарифтай орнуудын бизнес эрхлэгчид харьцангуй бага татвартай Монгол Улсад үйлдвэрлэл эрхлэх сонирхол нэмэгдэх магадлалтай бөгөөд энэ нь гадаадын хөрөнгө оруулалт татах шинэ боломжийг нээж өгч болох юм.

Эх сурвалж: White House, New York Times, the Guardian, iToim, Eguur.

One response to “Трампын тарифын бодлого: Монгол Улсын эдийн засагт үзүүлэх нөлөө”

  1. rookezandyr1988 Avatar

    tremendous! 21 2025 April 25 Marks the 75th Anniversary of Diplomatic Relations Between Mongolia and the Czech Republic precious

    Like

Leave a reply to rookezandyr1988 Cancel reply