БНХАУ-ын эдийн засаг улам бүр бэхжиж буй өнөө үед Монгол Улсын “Гуравдагч хөрш”-ийн бодлого нь стратегийн бие даасан байдлаа хамгаалах, эдийн засгийн төрөлжилтийг дэмжих бодлого болон хувьсаж байна.
Б.Халиунаа
Өөрчлөгдөж буй стратегийн орчин
Сүүлийн гуч гаруй жилийн хугацаанд Монгол Улсын гадаад бодлого хоёр хөрштэйгөө тогтвортой харилцахын зэрэгцээ АНУ, Япон, БНСУ, БНЭУ, Европын Холбоо зэрэг “гуравдагч хөрш”-үүдтэй хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд чиглэж ирсэн. Энэхүү бодлого нь Хүйтэн дайны дараах нөхцөлд дипломат орон зайгаа тэлж, аль нэг их гүрнээс хэт хамааралтай болохоос сэргийлэх зорилгоор бүрэлдэн тогтсон бөгөөд өнөөдрийг хүртэл Монгол Улсын гадаад бодлогын үндсэн тулгуур хэвээр байна.
Гэвч сүүлийн арван жилд Монгол Улсыг хүрээлсэн стратегийн орчин эрс өөрчлөгдлөө. БНХАУ худалдаа, дэд бүтэц, үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээний зангилаа болон хүчирхэгжиж, Евроазийн бүсийн эдийн засгийн гол хөдөлгөгч гүрэн болов. Үүний зэрэгцээ Украины дайны дараах Барууны хориг арга хэмжээний нөлөөгөөр ОХУ-ын эдийн засаг, худалдааны урсгал улам бүр Хятад руу төвлөрч, хоёр улсын эдийн засгийн харилцан хамаарал илүү нэг талдаа төвлөрсөн шинжтэй болсон.
Ийм нөхцөлд Монгол Улсын өмнө тулгарч буй гол сорилт нь геополитикийн тусгаарлалт бус, харин эдийн засгийн хэт төвлөрөл юм. Тиймээс “Гуравдагч хөрш”-ийн бодлогын өнөөгийн ач холбогдол нь Хятадыг тэнцвэржүүлэхэд бус, харин Хятад давамгайлсан бүс нутгийн орчинд Монгол Улсын бие даасан байдал, стратегийн бодлогын уян хатан чанарыг хадгалахад оршино.
Хятадын эдийн засгийн өсөн нэмэгдэж буй нөлөө
Хятад улс манай хамгийн том худалдааны түнш, экспортын гол зах зээл хэвээр байна. 2025 онд Монголын нийт экспортын 89.4 хувь Хятад руу чиглэж, үүнээс ашигт малтмал нийт экспортын 99.2 хувийг бүрдүүлжээ. Үүний зэрэгцээ импортын 40.7 хувь Хятадаас хамаарч байгаа нь эдийн засгийн хамаарал улам бүр гүнзгийрснийг харуулж байна.
Энэхүү төвлөрөл нь эдийн засгийн өсөлтийн чухал эх үүсвэр боловч Хятадын эдийн засгийн мөчлөг, эрэлт болон бодлогын өөрчлөлтөөс шалтгаалах эмзэг байдлыг мөн бий болгодог. Энэ нь БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Игийн 6 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд Улаанбаатарт хийсэн айлчлалын үеэр илэрхий харагдав. Хоёр тал худалдааг өргөжүүлэх, хилийн боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, Гашуунсухайт-Ганцмодын хил дамнасан төмөр зам зэрэг стратегийн төслүүдийг урагшлуулах асуудлыг хэлэлцсэн нь Монголын эдийн засгийн хөгжил цаашид Хятадтай улам нягт холбогдохыг дахин харууллаа.

“Гуравдагч хөрш”-ийн бодлогын шинэ үүрэг
Хятадын эдийн засгийн нөлөө өсөн нэмэгдэхийн хэрээр Монгол Улсын хувьд гадагш чиглэсэн эдийн засгийн харилцаагаа төрөлжүүлэх шаардлага улам бүр нэмэгдэж байна. “Гуравдагч хөрш”-үүдтэй хөгжүүлж буй түншлэл нь гадаадын хөрөнгө оруулалт, технологи, шинэ зах зээл, институцийн хамтын ажиллагааны боломжийг бүрдүүлж, нэг зах зээл, нэг хөрөнгө оруулагчаас хэт хараат байдлыг бууруулахад чухал үүрэгтэй.
Үүний тод жишээ бол Оюутолгой. Монголын түүхэн дэх хамгийн том гадаадын шууд хөрөнгө оруулалт болсон уг төсөл нь “гуравдагч хөрш”-ийн бодлогын эдийн засгийн илэрхийлэл болж ирсэн. Монгол Улсын Засгийн газар, Рио Тинто хоёр хэдхэн долоо хоногийн өмнө хувь нийлүүлэгчийн зээлийн нөхцөлийг шинэчлэн тохиролцсоноор төслийн тогтвортой байдлыг хадгалж, Монголын талын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүллээ.
Энэ нь “гуравдагч хөрш”-ийн бодлого өнөөдөр зөвхөн геополитикийн тэнцвэрийн асуудал биш, харин Монгол Улсын эдийн засгийн урт хугацааны өгөөжийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт, технологийн эх үүсвэрээ төрөлжүүлэх бодлого болон хувьсаж байгааг харуулж байна.
Стратегийн ашигт малтмал ба геоэдийн засгийн өрсөлдөөн
Монгол Улс нь зэс, уран, газрын ховор элемент, хайлуур жонш зэрэг стратегийн ашигт малтмалын арвин нөөцтэй бөгөөд дэлхий дахинд цэвэр эрчим хүч, өндөр технологийн үйлдвэрлэлийн эрэлт өсөхийн хэрээр эдгээр баялгийн ач холбогдол улам нэмэгдэнэ.
Үүнтэй зэрэгцэн АНУ, Европын Холбоо, Япон, БНСУ, БНЭУ зэрэг орнууд Бээжин төвтэй нийлүүлэлтийн сүлжээнээс хамаарлаа бууруулахын тулд шинэ түншүүдийг эрэлхийлж байна. Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Субраманьям Жайшанкарын 6 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд хийсэн айлчлалын үеэр стратегийн ашигт малтмалын хамтын ажиллагааг онцлон хэлэлцсэн нь энэ чиг хандлагын нэг илрэл юм.
Гэвч Монголын давуу тал зөвхөн ашигт малтмалын нөөцөөр хэмжигдэхгүй. Далайд гарцгүй орны хувьд гуравдагч зах зээлд хүрэхдээ хөрш орнуудын транзит дэд бүтцээс зайлшгүй хамаардаг. Иймээс боловсруулах үйлдвэрлэл, дэд бүтэц, хөрөнгө оруулалт, технологийн чадавхаа зэрэг хөгжүүлж байж Монгол Улс стратегийн ашигт малтмалын нэмүү өртгийн сүлжээнд өөрсдийн байр суурийг бий болгох боломжтой.
Төрөлжилтөөр стратегийн бие даасан байдлаа хадгалах нь
2026 оны 4 дүгээр сард Монгол Улс БНХАУ руу хийсэн нүүрсний экспортоо өмнөх оны мөн үеэс 61 хувиар нэмэгдүүлж, түр хугацаанд Хятадын хамгийн том нүүрс нийлүүлэгч болсон нь Монголын эдийн засаг Хятадын зах зээлээс салангид байх боломжгүйг дахин нотоллоо.
Тиймээс Монголын өмнө тулгарч буй бодит сонголт нь Хятадтай эдийн засгийн харилцаагаа хумих биш, харин тус улстай хамтын ажиллагаагаа хадгалахын хажуугаар гуравдагч хөршүүдтэйгээ хөрөнгө оруулалт, технологи, боловсруулах үйлдвэрлэл зэрэг чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлж, эдийн засгийн бүтэц, түншлэлээ илүү төрөлжүүлэх явдал юм. Үүнийг хэрэгжүүлэхэд тогтвортой хөрөнгө оруулалтын орчин, эрх зүйн шинэчлэл, дэд бүтцийн хөгжил зэрэг суурь нөхцөлийг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай.
Дүгнэлт
Өнөөгийн олон улс, бүс нутгийн шинэ нөхцөл байдалд Монгол Улсын “Гуравдагч хөрш”-ийн бодлого шинэ агуулгаар хэрэгжиж байна. Хэдий тийм ч Хятад улс эдийн засгийн хамгийн чухал түнш хэвээр байх бөгөөд газарзүйн байршил нь энэ хамаарлыг үргэлж бататгаж байдаг.
Иймээс өнөөдрийн сорилт нь Хятадыг тэнцвэржүүлэхэд бус, харин өсөн нэмэгдэж буй эдийн засгийн хамаарлыг Монгол Улсын урт хугацааны ашиг сонирхолтой нийцүүлэн удирдахад оршино. Энэ утгаараа “Гуравдагч хөрш”-ийн бодлого нь Монголын гадаад бодлогын нэг тулгуур хэвээр үлдэхийн зэрэгцээ хөрөнгө оруулалт, технологи, зах зээлийн төрөлжилтийг дэмжих эдийн засгийн бодлогын чухал хэрэгсэл болно.


Leave a comment