Wall Street Journal-ийн мэдээлснээр БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин Бээжин хотноо зохион байгуулагдсан Хятадын хөгжлийн чуулга уулзалтад оролцсон АНУ-ын томоохон бизнес эрхлэгчдийг 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч уулзахаар төлөвлөж байна. Энэхүү уулзалтыг АНУ-ын “Chubb” корпорацын гүйцэтгэх захирал Эван Гринберг санаачилсан гэж эх сурвалжууд мэдээлсэн бөгөөд түүнээс гадна АНУ-БНХАУ-ын харилцаа эрхэлсэн Үндэсний хорооны ерөнхийлөгч Стивен Орлинс, хоёр улсын Бизнесийн зөвлөлийн ерөнхийлөгч Крейг Аллен нар уулзалтад оролцох аж. Харин Хятадын хөгжлийн чуулга уулзалтад оролцсон Apple, AMD, Pfizer, Blackstone, HP, HSBC, Exxon Mobil зэрэг 30 гаруй компанийн удирдлагаас хэн хэн Ши Жиньпинтэй уулзах нь тодорхойгүй, хэвлэлээр зарлаагүй байна. 

Дээрх уулзалтаар Америкийн бизнес эрхлэгчид Ши Жиньпинд АНУ-Хятадын хурцадмал байдал худалдаанд сөрөг нөлөөтэйг онцолж, цаашид харилцаа тогтвортой байна гэдэгт найдаж буйгаа илэрхийлэх болов уу хэмээн ажиглагчид таамаглаж байна. Америкийн зүгээс мэдээлэл дамжуулах зохицуулалт, Хятадын зах зээлд нэвтрэхэд тулгарч буй саад бэрхшээл, Засгийн газрын худалдан авалт, татаас зэрэг асуудлыг хөндөж магадгүй ажээ.

Өнгөрсөн Ням гарагт эхэлж хоёр өдөр үргэлжилсэн Хятадын хөгжлийн чуулга уулзалтын үеэр Хятадын албаны хүмүүс тус улс тавьсан эдийн засгийн зорилтоо биелүүлнэ, эдийн засгийн өсөлтийг тав орчим хувьд барина гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, стратегийн чухал салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудад дэмжлэг үзүүлэхээ амласан. 

Хятадын хувьд цахилгаан автомашины батарей, нарны зай, хагас дамжуулагч зэрэг өндөр технологийн төсөл, үйлдвэрлэлдээ гадаадын хөрөнгө оруулалт татах эрмэлзэлтэй бөгөөд том зах зээл, хямд өртөг бүхий үйлдвэрлэл хөрөнгө оруулалт татахад хүчтэй хөшүүрэг болно гэж үзэж буй.

Өнгөрсөн оны 11 дүгээр сард Сан Францискод болсон Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын үеэр Ши Жиньпин Америкийн бизнес эрхлэгчдэд хандан гадаадын хөрөнгө оруулалт татахад хамтран ажиллах хангалттай орон зай бий хэмээн мэдэгдэж байсан. Эдгээрээс харахад Хятадын эрх баригчид гадаадын хөрөнгө оруулалт татах, Америкийн томоохон бизнесүүдтэй харилцаагаа сайжруулахад анхаарч байна. 

Эх сурвалж: The Wall Street Journal, Semafor, South China Morning Post.

One response to “БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин АНУ-ын томоохон бизнес эрхлэгчдийг хүлээн авч уулзана”

  1. Баттөмөр Avatar
    Баттөмөр

    Дээр нэр нь дурдагдсан америкийн компаниуд өмнө нь Хятадад байж байгаад гарсан комданиуд биз дэ? Тийм бол гаргасанд уучлаарай эсвэл гарсанд уучлаарай гэсэн энээ тэрээ болсон болов уу

    Liked by 1 person

Leave a comment