Б.Амарсайхан

Түүхэн өвийн асуудлыг яагаад хөндөх ёстой вэ?

Чингис хаан болон Монголын эзэнт гүрний түүх нь Монголын төдийгүй олон улсын эрдэм шинжилгээний чухал чиглэл бөгөөд улс орнууд түүний түүхэн нөлөө, улс төр, байлдан дагуулалт, соёлын өвийг өөр өөрсдийн өнцгөөс судалж ирсэн. Хөрш зэргэлдээ улсуудын түүхэн уялдаа салшгүй холбоотой байдгийн жишгээр Монгол, Хятад хоёр орны түүх олон талаар холбогддог. Тиймдээ ч Хятадын судлаачид Чингис хаан, түүний залгамжлагчдын талаар бүтээл туурвих нь хэвийн үзэгдэл юм.

Гэвч түүхэн холбоог тайлбарлахын хажуугаар аливаа үндэстний бахархалт хүмүүнийг өөриймшүүлэх хандлагаар Чингис хааныг “хятад хүн”, “Хятадын хаан”, Их Монгол Улсыг “Хятадын доторх үндэстний төр” гэж тодорхойлсон байр суурь нэг бус удаа олон нийтийн цахим сүлжээнд нийтлэл, хэлэлцүүлэг маягаар гарсаар байгаа нь анхаарууштай. Дээрх хандлагыг агуулсан нийтлэл, судалгаа нь зөвхөн Чингис хаан буюу хувь хүний тухай бус Монгол төрийн үүсэл, түүхэн залгамжлал, үндэсний өвийг олон нийтэд үнэн зөвөөр таниулахтай холбоотой юм. Иймд Монголын тал түүхийг гуйвуулсан, үндэслэлгүй тайлбаруудыг үл ойшоолгүй, бодит эх сурвалж, мэргэжлийн судалгаанд тулгуурлан хариу няцаалт хийх ёстой гэж үзнэ.

XIV зууны үеийн Чингис хааныг эш хөрөг. Тайванийн Тайбэй хот дахь Үндэсний ордон музейн сан хөмрөг.

Чингис хааныг өөртөө хамааруулсан тайлбарууд

Дээрх байр суурийг шууд илэрхийлсэн судлаачдын нэг нь Бээжингийн Нэгдсэн их сургуулийн профессор Жу Яотин (1944-2010) юм. Жу Яотинийн судалгааны үндсэн чиглэл нь Чингис хааны намтар, Юань улсын түүх бөгөөд хэд хэдэн түүхэн бүтээл, ном туурвиж байсан. Мөн тэрээр Монголчууд бидний мэдэх Өвөр Монголын “Чингис хаан” олон ангит телевизийн цуврал бүтээлийн зохиолыг бичилцсэн хүн юм. Жу Яотин 2003 оны 6 дугаар сард Хятадын өргөн хэрэглээний цахим мэдээллийн Sohu сайтад өгсөн ярилцлагадаа Чингис хааныг хятад хүн гэж тодорхойлж, тухайн үеийн Монгол аймгууд Алтан улсын эсрэг дайныг гадаад улсыг байлдан дагуулсан үйл явдал бус, дарлалын эсрэг тэмцэл хэмээн үзсэн байна. Улмаар 1206 онд байгуулагдсан Их Монгол Улсыг тусгаар улс бус, Сүн, Алтан улс, Тангудтай адил Хятадын доторх үндэстний төрүүдийн нэг гэж үзэн өөрийн “хятад хүн” гэх байр суурийг тодотгожээ.

Жу Яотины байр суурь ганц ярилцлагаар хязгаарлагдаагүй. Түүний нэрээр “Чингис хаан мэдээж хятад хүн” гэсэн нийтлэл “National New Books Information” сэтгүүлийн 2004 оны дугаарт гарч байжээ. Бээжингийн их сургуулийн “Улсын Хөгжлийн Судалгааны Хүрээлэн”-гээс Их Монгол Улсын түүхийн бодит эх сурвалж, номын жагсаалтад Жу Яотины “Чингис хааны намтар” 1991, 2004, 2016 оны хувилбаруудыг танилцуулсан байдаг. Энэ нь Жу Яотины бүтээлүүд Хятадын эрдэм шинжилгээний хүрээнд тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж, судалгааны эх сурвалжид тооцогдож байгааг харуулж буй юм.

Чингис хааныг Хятадын түүхийн нэг хэсэг хэмээн үзэх хандлага Хятадын цахим мэдээллийн орчинд ч цөөнгүй тааралддаг. Тухайлбал, БНХАУ-ын мэдээллийн томоохон цахим хуудас Sina дахь зохиогчдын нийтлэлийн буланд 2019 оны 2 дугаар сард гарсан нэгэн нийтлэлд Чингис хааныг хятад хүн биш гэж үзвэл Хятад дахь монголчуудын түүхэн харьяалал, Юань улсын залгамжлал, Чин улсын газар нутгийг тайлбарлахад зөрчил үүснэ хэмээн маргажээ. Sina-ийн дээрх буланд 2020 оны 1 дүгээр сард гарсан өөр нэгэн нийтлэлд Алтан улсын харьяалал, алтан ургийн залгамжлал, Өвөр Монголд амьдарч буй монголчуудыг үндэслэл болгон ашиглажээ. Чингис хааны үр удмынхан болон харьяат аймгууд хожим өнөөгийн Хятадын нутагт амьдарсан гэх тайлбараас түүнийг өөрийг нь хятад хүн байсан хэмээн дүгнэсэн байна.

Үүнээс гадна, мэдээ, видео болон бусад цахим үйлчилгээгээрээ сая сая хэрэглэгчид хүрдэг Sohu-гийн зохиогчдын нийтлэлийн буланд 2022 оны 8 дугаар сард нийтлэгдсэн бичвэрт Алтан улсаас цол хүртсэн байдал, Хятадын төв нутгийн зарим хэсгийг захирсан явдал, Юань улсын залгамжлалыг үндэслэн Чингис хааныг “Юань улсыг үндэслэгч Тайзу хаан” буюу Хятадын эзэн хаан хэмээн тайлбарлажээ. Улмаар Их Монгол Улс байгуулагдсаныг Алтан улсын дотоодын үймээн, Хятадын хүрээн дэх салангид төр үүссэн үйл явдал мэтээр үзсэн байна.

Харин Хятадын цахим нэвтэрхий толь гэгдэх Baidu Baike-ийн зохиогчдын булан дахь 2017 оны 11 дүгээр сард гарсан нийтлэл энэ асуудлыг газар нутгийн түүхтэй холбожээ. Зохиогч Чингис хааныг орчин үеийн утгаар хятад хүн биш гэж хүлээн зөвшөөрсөн атлаа Монголын тал нутгийг Хятадын түүхэн газар нутаг гэж үзэн, түүнийг Хятадын түүхийн хүн хэмээн хамааруулсан байна. Цаашлаад Монголын тусгаар тогтнолыг Хятад улс сул дорой үедээ нутгаа алдсан үйл явдал мэтээр дүрсэлж, хүчирхэг болсон цагт алдсан нутгаа буцаан авч болно гэсэн санааг дэвшүүлжээ.

Эл сэдвийн хажуугаар бас нэгэн анхаарал татах үйл явдал болсон нь 2020 оны 10 дугаар сард Францын Нант хотын түүхийн музей Чингис хааны сэдэвт үзэсгэлэн зохион байгуулах болсонд Хятадын Соёлын өвийн асуудал эрхэлсэн байгууллагаас үзэсгэлэнд “Чингис хаан”, “эзэнт гүрэн”, “Монгол” гэсэн үгсийг хэрэглэхгүй байхыг шаардаж, тайлбар, бичвэр, газрын зураг зэрэг материалын агуулгыг хянах гэж оролдсон тухай музейн удирдлагаас мэдэгдэж байв.

Францын Нант хотын Түүхийн музейд 2023 оны 10 дугаар сард нээгдсэн “Чингис Хаан: Монголчууд Дэлхийг Хөрчилсөн нь” үзэсгэлэнгийн танхим.

Эдгээрээс харвал Хятадын нийгмийн хүрээнд Чингис хааныг хятад хүн, цаашлаад Хятадын эзэн хаан, бүр гүнзгийрүүлбэл Монгол Улс нь тэдний бүрэлдэхүүн гэх буруу ойлголтыг түгээх бичвэрүүд бишгүй гарч байгаад Хятадын албаныхны зүгээс үнэн зөв тайлбар өгөхгүй атлаа олон улсад болж буй соёлын арга хэмжээнд хэт эмзэг хандаж, аливаа байдлаар дарамт шахалт үзүүлж байгаа нь нэгийг тодорхойлох биз.

Дашрамд сануулахад Казакстаны зарим эрдэмтэн болон түүх сонирхогчдын зүгээс Чингис хааныг казах байсан тухай элдэв нотолгоо гаргаж маргаан үүсгэх хандлага бишгүй тохиолддог байв. Харин БНКазУ-ын Ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаев 2017 онд Үндэсний Шинжлэх Ухааны Академийн ойн арга хэмжээнд оролцох үеэрээ эрдэмтдэд хандан Чингис хааныг казах гэж нэрлэхэд таагүй санагддаг хэмээн хэлж, тэдний үг жинтэй байх ёстойг сануулж байсан. Үүнээс гадна, одоогийн Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев 2024 онд Монгол Улсад айлчлах үеэрээ Чингис хаан Үндэсний музейд айлчилж, Чингис хааны музейг суут хүн бөгөөд түүний байгуулсан төрт улсын түүхийн шастир юм хэмээн тодорхойлсон. Энэ нь түүхэн хүнийг үндэстний бахархлын үүднээс өөртөө хамааруулах хандлагад төрийн түвшинд байр суурь илэрхийлж болдгийг харуулсан жишээ юм.

Хөрш орны түүхийг гуйвуулсан өөр нэгэн бодит жишээ гэвэл Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академийн харьяа байгууллагаас Солонгосын эртний Когурё улсын түүхийг эртний Хятадын үндэстний цөөнхийн төр хэмээн Хятадын түүхэнд хамааруулан тайлбарласан нь Өмнөд Солонгосын эсэргүүцэлтэй тулгарсан. Улмаар хоёр улс 2004 оны 8 дугаар сард дипломат түвшинд тохиролцоонд хүрч, Хятадын тал маргаан дагуулсан түүхэн тайлбаруудын зарим хэсэгт залруулга хийж байжээ.

Өрөөсгөл ойлголт түүхэн баримт болон үлдэх үү?

Олон нийтийн мэдээллийг хүлээн авах, үнэлэх, итгэл үнэмшил төлөвшүүлэх, шийдвэр гаргах үйл явцад зориудаар нөлөөлөхөд чиглэсэн үйл ажиллагаа буюу танин мэдэхүйн дайн /Cognitive warfare/ гэх ойлголт бий. Өөрөөр хэлбэл, худал хуурмаг зүйлийг олон удаагийн давтамжтай түгээхэд ухамсарт эцэстээ үнэмшилтэй санагдаж эхэлдэг аж.

Энэ жишгээр Чингис хааныг “хятад хүн” гэх байдлаар илтэд гуйвуулсан, ижил агуулгатай нийтлэл, бүтээл олон нийтийн цахим сүлжээ, ном, ярилцлагад удаа дараа давтагдах нь хувь хүний ухамсарт танин мэдэхүйн өрөөсгөл ойлголт үүсгэж болзошгүйг анхаарах ёстой. Уншигч бүр эх сурвалжийг нягтлах боломжгүй тул өөр өөр газарт нийтлэгдсэн тайлбарыг олон эхээр батлагдсан мэдээлэл мэт хүлээн авах магадлалтай. Гэтэл тэдгээр нь нэг зохиогчийн санааг давтсан, эсвэл хоорондоо хуулбарласан материал байж болно. Түүх судлаачид асуудлыг мэргэжлийн түвшинд судалж, олон талын баримтаар нотолж, шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар мэдээлэл цуглуулдаг бол жирийн түүх сонирхогч, хүүхэд залуучууд ерөнхий ойлголтын хүрээнд олж авсан мэдээллийг нягтлан шинжлэлгүй шууд үнэмших эрсдэлтэй.

Хоёрдугаарт, эдгээр бичвэр, нийтлэл, бүтээлд тоомжиргүй хандвал ойлголтын зөрүүтэй тайлбар нь дараагийн нийтлэл, сургалтын материал, үзэсгэлэнгийн танилцуулгад түүхэн баримт болж үлдэх аюултай. Монголын талаас эх сурвалжид тулгуурласан тайлбарыг хангалттай хүргэхгүй бол олон улсад уншигчдын ойлголт нэг талын мэдээлэлд тулгуурлан төлөвших эрсдэлтэй юм. Энэ нь зөвхөн Чингис хааны харьяаллаар хязгаарлагдахгүй, Монголын төрийн үүсэл, түүхэн залгамжлалыг хэрхэн ойлгоход нөлөөлж болзошгүй юм. Өнөөдөр бидний нийгэмд төдийлөн авч хэлэлцэх хэмжээнд хүрсэн сэдэв биш байж болох ч хэдэн арваар хэмжигдэх он цагийн эрхэнд юу болж дуусах нь тааварлашгүй. Хэдийгээр шууд зохион байгуулалттай танин мэдэхүйн дайн гэж дүгнэх нь учир дутагдалтай ч, давтагдсан ташаа тайлбарууд олон нийтийн ойлголтод сууж, улмаар түүхэн үнэн мэт хүлээн зөвшөөрөгдөх эрсдэлтэй юм.

Зөвхөн Чингис хааны гэлтгүй Монголын түүхийг хэсэгчлэн гуйвуулсан эсвэл аливаа байдлаар өөрсдийн нэг хэсэг гэж үзсэн агуулгатай нийтлэл бичвэр тэдний дотоод цахим хайлтын хуудаснуудаас цөөнгүй гарч ирнэ. Бүр цаашилбал Монголын тусгаар тогтнолыг үгүйсгэж, Хятадад нэгтгэхийг шууд уриалсан бичвэр ч бий. “Хятадын өмнөд, умардын зэрэгцсэн их стратеги: өмнөдөд Тайванийг, умардад Ар Монголыг буцаан нэгтгэх” гэх гарчигтай өгүүлэлд уг хоёр зорилтыг зэрэг хэрэгжүүлэхийг санал болгожээ. “Ирээдүйд хийх 6 дайн“ гэх төсөөллийн шинжтэй нийтлэлд Монгол Улсыг эргүүлж нэгтгэх дайн хийх тухай дурдсан байх жишээтэй. Хачирхалтай нь иймэрхүү эмзэг сэдэвтэй бичвэрт Хятадын эрх баригчид гэлтгүй бид ч өөрсдөө эс үйлдэл гаргаж үл ойшоож байгаа нь түүхэн гуйвуулгыг улам газар авах нөхцөлийг бүрдүүлж байж болзошгүй юм.

Баримтад тулгуурласан тайлбар, шийдвэрлэх боломжууд

Монгол Улсын хувьд асуудлыг нийтлэл тус бүрд эсэргүүцэл илэрхийлэх байдлаар шийдвэрлэх боломжгүй. Харин хэн, ямар байгууллага, ямар эх сурвалжид тулгуурлан байр суурь илэрхийлснийг ялгаж, түүнд тохирсон хариу өгдөг байх нь зохистой. Судлаачийн бүтээл, хэрэглэгчийн нийтлэл, төрийн байгууллагын материал зэрэг нь нөлөөлөх хүрээ, хүлээх хариуцлагаараа ялгаатай тул зохистой хэлбэрийг тодорхойлж тайлбар шаардах нь зүйтэй.

Нэн тэргүүнд, түүхийн судалгааны байгууллагын маргаантай тайлбарыг эх сурвалжид тулгуурлан нягталж, олон нийтэд ойлгомжтой, үндэслэлтэй хариу тайлбар өгдөг байх шаардлагатай. “Алтан улстай хийсэн аян дайн”, “Их Монгол Улсын үүсэл”, “Юань улсын залгамжлал”-ын асуудлыг хятад, англи хэлээр хүртээмжтэй нийтлэх нь Монголын талын байр суурийг гадаадын уншигчдад хүргэх ач холбогдолтой.

Хоёрдугаарт, аливаа улсын төрийн байгууллага, музей, боловсролын байгууллагын материалд Монгол төрийн түүхийг үндэслэлгүй, буруу ташаа тайлбарласан тохиолдолд холбогдох байгууллагаас тодруулга шаардах, шаардлагатай бол Гадаад харилцааны яамны шугамаар асуудлыг хөндөх нь зүйтэй. Энэ нь хоёр талын найрсаг харилцаанд харшлах бус, харин харилцан хүндэтгэлийг бодитоор хэрэгжүүлэх нэг хэлбэр билээ.

Иймд Монголын тал эх сурвалжид тулгуурласан судалгаа, мэргэжлийн няцаалт, олон хэлээр мэдээлэл түгээх ажлыг тогтмолжуулж, албан байгууллагын үндэслэлгүй тайлбарт залруулга шаардаж хариу авдаг тогтолцоог бүрдүүлэх нэн шаардлагатай.

Эцэст нь хэлэхэд, түүхэн өвөө хамгаалах чадавх нь хурц мэдэгдэл хийх замаар бус, эх сурвалжийн үнэн зөв, тайлбарын хүртээмж, байгууллагуудын уялдаагаар хэмжигдэнэ. Монголчууд өөрийн түүхийг судалж, олон улсад ойлгомжтой хүргэж, үндэслэлгүй дүгнэлтэд тууштай хариу өгдөг байх нь Чингис хааны нэрээр бахархахын зэрэгцээ түүний өвийн өмнө хүлээх бодит хариуцлага болно.

Leave a Reply