Б.Туяа
Иран Улсад өрнөж буй дайны үйл явдал газрын тосны хомсдол, үнийн хөөргөдөл үүсгэж байгаа нь бүгдэд ил боловч бас нэг эрсдэл нь Монгол Улсын экспортын 98 хувийг эзлэх уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтэд нөлөөлж болзошгүй явдал юм.
Үүнийг тайлбарлахын тулд юуны өмнө манай уул уурхайн экспортын гол зах зээл болох БНХАУ-ын газрын тосны хэрэглээний нөхцөл байдал, түүнд Ираны дайны үзүүлж буй нөлөө, чиг хандлагыг тайлбарлах шаардлагатай.
БНХАУ-ын газрын тосны хэрэглээний нөхцөл байдал

Тус улсын газрын тосны хэрэглээ 2023 он хүртэл өссөн ч 2024 оноос эхлэн буурч эхэлсэн нь тээврийн хэрэгсэлд шаардагдах газрын тосны хэрэглээ буурсан, мөн эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлж чадсантай зэрэгтэй холбон тайлбарлаж болно.
Тус улсын тээврийн хэрэгслийн хэрэглээний бууралт нь:
- Үл хөдлөх хөрөнгийн салбар 2020 оноос эхлэн уналтад орж, одоог хүртэл үргэлжилж байгаа нь тухайн салбарт хэрэглэгдэж байсан тээвэрлэлтийн үйл ажиллагаанд шууд нөлөөлж, энэ хэрээр газрын тосны хэрэглээ буурсан;
- Ахуйн зориулалттай тээврийн хэрэгслийг цахилгаан эх үүсвэрт шилжүүлэх ажил эрчимтэй явагдаж байгаатай холбоотой.


Харин Хятадын эрчим хүчний салбарын төрөлжилт дараах байдалтай байна. Үүнд:

Тус улс эрчим хүчний эх үүсвэрийг сэргээгдэх эрчим хүч болон цөмийн цахилгаан станцын өсөлтөд тулгуурлан төрөлжүүлсэн. Гэвч газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээг усан болон агаарын тээвэр, түүнчлэн хүнд даацын тээврийн хэрэгслийн салбарт хараахан бууруулж чадаагүй байгаагаас эдгээр салбарт Ираны дайны улмаас нийлүүлэлтийн тасалдал үүсэх, үнийн өсөлт нөлөөлөх эрсдэлтэй. Тухайлбал, агаарын тээврийн үнэ түлшний үнийн өсөлтийн улмаас 10 хувиар өссөн бол аж үйлдвэрийн салбарын үнэ ижил шалтгаанаар өсөөд буй. Энэ нь худалдан авагчдын идэвхийг сулруулахаас гадна экспортоос хамааралтай тус улсын орлогын эх үүсвэрт мөн сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай.
БНХАУ-ын газрын тосны нийлүүлэлтийн нөхцөл байдал
БНХАУ нийт хэрэглээнийхээ 70 орчим хувийг импортолж, үлдсэнийг дотоодоос хангадаг. Импортын хамаарлыг багасгахын тулд нэг улсаас импортлох хэмжээг нийт импортын 15 хувиас хэтрүүлэхгүй байх бодлого баримтлах болсон нь 2003 онд АНУ-ын Иракт явуулсан цэргийн үйл ажиллагааны улмаас БНХАУ-ын Ирак Улсаас импортлох газрын тосны нийлүүлэлт тасалдсантай холбоотой юм. Харин ОХУ-ын хувьд хоёр улс “хязгааргүй түншлэлийн” харилцаатай тул импортын хязгаарлалтгүй болно.

Тиймээс АНУ он гарснаас хойш Венесуэл Улсад тусгай ажиллагаа явуулж, Иран Улсад дайн өрнүүлснээр БНХАУ-ын импортын газрын тосны нийт 13 хувьд нийлүүлэлтийн саатал гарах нөхцөл бүрдсэн нь төдийлөн өндөр тоо биш гэж үзэж болно. South China Morning Post сонин мэдээлснээр Хятад 2026 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар нийт 120 хоногийн нөөц бүрдүүлсэн гэж үзвэл Иранд болж буй үйл явдал БНХАУ-д ойрын хугацаанд төдийлөн нөлөөлөхөөргүй байна.
Гэвч дайны нөхцөл байдал цаашид Ормузын хоолойгоор нэвтрэх газрын тосны тээвэрлэлтэд бүхэлд нь нөлөөлбөл БНХАУ-ын булангийн орнуудаас импортолдог газрын тосны 54 хувийн нийлүүлэлтэд сөрөг нөлөө үзүүлэхээр байна. Тухайлбал, Саудын Араб Улс дайны нөхцөл байдлаас шалтгаалан ирэх 5 дугаар сард БНХАУ-д ердийн нийлүүлэлтээс хоёр дахин бага буюу 20 сая баррель газрын тос нийлүүлэх боломжтой байгаа талаар Блүүмбэрг агентлаг мэдээлсэн.
Энэ мэтээр булангийн орнуудын нийлүүлэлт багасах тохиолдолд БНХАУ-ын газрын тосны нийлүүлэлтэд ирэх 6 дугаар сараас эхлэн доголдол гарахаар байна.

Нөхцөл байдалтай холбогдуулан ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Бээжин хотод айлчлах үедээ “олон улсын тээвэрлэлт саатсан энэ үед Хятадын эрчим хүчний хомсдолыг ОХУ нөхөх боломжтой” хэмээн мэдэгдсэн.
Гэвч дараах хүчин зүйлийн улмаас БНХАУ-ын газрын тосны нийлүүлэлт тасалдах эрсдэлтэй хэвээр гэж үзэж байна. Үүнд:
- ОХУ нь өнгөрсөн хугацаанд Европын орнууд руу хийж байсантай ижил хэмжээний экспортын дэд бүтцийг Азийн болон бусад орнууд руу бий болгож амжаагүй байгаа тул БНХАУ-ын хэрэглээг бүрэн хангах нийлүүлэлт хийх боломжтой эсэх нь тодорхойгүй байна.
- ОХУ-ын нийлүүлэлтийг нэмэгдүүлснээр БНХАУ-ын ОХУ-аас хамаарах хамаарал огцом өснө.
- Украин Улс ОХУ-ын газрын тосны үйлдвэр, дамжуулах дэд бүтцүүдэд тасралтгүй цохилт өгч байгаа нь экспортод нөлөөлж болзошгүй зэрэг шалтгаанаар ОХУ БНХАУ-ын газрын тосны хэрэглээг бүрэн хангаж чадах эсэх нь эргэлзээтэй байна.
Энэ бүхний улмаас БНХАУ цаашид газрын тосны хэрэглээг бууруулах замаар гадаад орчны эрсдэлт нөхцөл байдлыг даван гарах, хэрэглээний үнийн өсөлтийг тогтоон барих шаардлагаар нэн тэргүүнд хүнд даацын тээврийн хэрэгслийг дизель хөдөлгүүрээс цахилгаан хөдөлгүүрт шилжүүлэх ажлыг чухалчилж, холбогдох арга хэмжээнүүдийг яаравчлан авах төлөвтэй байна. (Одоогоор агаарын болон усан тээврийн хэрэгсэлд газрын тосны хэрэглээг орлуулах боломжгүй.)
Энэ төрлийн ажлыг тус улс 2024 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсний нэг нь БНХАУ-ын Төрийн өмчит “Huaneng Group” ӨМӨЗО-нд байрлах “Yimin” нүүрсний уурхайд цахилгаан хөдөлгүүртэй, автомат жолоодлоготой хүнд даацын 100 автомашин ажиллуулж эхэлсэн явдал юм. Улмаар хот хоорондын нүүрс тээвэрт цахилгаан тээвэр явуулж байгаа талаар олон улсын хэвлэлээр мэдээлсэн.

Монгол Улсад үзүүлж болзошгүй нөлөөлөл
Өнгөрсөн туршлагаас харахад тус улс 2021 онд “цэвэр агаар” бодлогын хүрээнд Гашуунсухайт-Ганцмод боомтоор нэвтрэх тээврийн хэрэгслийг бүхээгтэй болгох шаардлага тавьж дотооддоо хэрэгжүүлж эхэлсэн. Үүний нэгэн адил цаашид манай улсаас импортлох уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтийг цахилгаан хөдөлгүүртэй тээврээр явуулах стандарт гарган мөрдүүлэх шийдвэр гаргах явдал цаг хугацааны асуудал юм. Энэ тохиолдолд тус боомтоод тээвэрлэлт хийдэг нийт 14,000-15,000 тээвэрчдийн эрх ашиг хөндөгдөнө.
Уул уурхайн салбарын цахилгаанжуулалт нь зөвхөн байгаль орчин хамгаалах бус, үйл ажиллагааны өртөг бууруулах, найдвартай байдлыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм. Тухайлбал, цахилгаан хүнд даацын тээврийн хэрэгсэл ашигласнаар засвар үйлчилгээ, түлшний зардлыг бууруулж, хүлэмжийн хийн ялгарлыг багасгах боломжтой. Хятадын зүгээс ийнхүү цахилгаан тээврийн стандартыг дотоодын уурхай, логистикийн сүлжээнд нэвтрүүлж эхэлж буй нь хил дамнасан тээвэрт ижил төстэй шаардлага тавигдах магадлалыг нэмэгдүүлж байна.
Тиймээс эрх баригчдын зүгээс дээрх болзошгүй нөхцөл байдал бий болоход хэрхэн хариу үйлдэл үзүүлэх талаар урьдчилан тооцоо судалгаатай шийдвэр гаргах шаардлагатай байна. Үүнд:
- Цахилгаан тээвэрт шилжих асуудал нийт хэдэн ААН-ийн хэчнээн тээвэрчдэд нөлөө үзүүлж болох тоо баримтыг нарийвчлан гаргах;
- Цахилгаан тээвэрт шилжсэн тохиолдолд цэнэглэх болон засвар үйлчилгээ гэх мэт дэд бүтцүүдийг хэрхэн бүрдүүлэх;
- Олон улсын нөхцөл байдлын өөрчлөлт энэхүү үйл явдалд хэрхэн нөлөөлж болох;
- БНХАУ-ын нэг талт шийдвэрийг хүлээн зөвшөөрөх шаардлагатай эсэх зэрэг асуудлууд хөндөгдөнө.


Leave a comment