Трампын Бээжинд хийсэн айлчлалын үр дүн юу байв? 

Б.Халиунаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын БНХАУ-д хийсэн төрийн айлчлал сүүлийн жилүүдэд хурцадсан АНУ–БНХАУ харилцаанд шинэ эрин үе эхлэх үү гэсэн асуултыг олон улсын түвшинд дахин хөндлөө. 2017 оноос хойш АНУ-ын талаас ерөнхийлөгчийн түвшинд Хятадад хийсэн анхны айлчлал нь худалдааны дайн, дэвшилтэт технологийн өрсөлдөөн, Тайванийн асуудал, Ойрх Дорнодын хямрал зэрэг дэлхийн геополитикийн томоохон асуудлууд давхацсан цаг үед өрнөснөөрөө онцлог байв.

Бээжин энэхүү айлчлалаар Хятадын өсөн нэмэгдэж буй олон улс дахь нөлөө, дэлхийн тогтвортой байдалд чухал тоглогч гэсэн дүр төрхийг онцлон харуулахыг зорьсон бол Трампын хувьд уг айлчлал нь дотоодын улс төрийн дарамт, эдийн засгийн хүндрэл, Ирантай холбоотой хямралын үед Вашингтоны гадаад бодлогын нөлөө, түүний хэлэлцээр хийх ур чадварыг харуулах шаардлагатай чухал мөч байв.

Гэсэн хэдий ч, төрийн ёслол, өндөр түвшний уулзалтуудын цаана худалдаа, технологи, аюулгүй байдлын гол асуудлууд дээр бодит ахиц төдийлөн гарсангүй. Иймээс энэ удаагийн айлчлалыг “бодлогоос илүү бэлгэдэл давамгайлсан уулзалт” боллоо гэж олон улсын хэвлэлүүд дүгнэж байна.

Худалдааны тохиролцооноос илүү стратегийн үл итгэлцэл тодорсон нь

Айлчлалын үеэр хамгийн их анхаарал татсан асуудал нь худалдаа хийгээд технологийн өрсөлдөөн байв. Трамп Хятад Улс Boeing компанийн 200 онгоц худалдан авах, мөн АНУ-ын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний импортыг нэмэгдүүлэхээр тохиролцсон гэж мэдэгдсэн ч, Бээжингийн зүгээс эдгээр амлалтыг баталгаажуулсангүй. Энэ нь хоёр талын дипломат хэв маягийн ялгааг илэрхийлэхээс гадна, хэлэлцээний хүрээнд бодитой бөгөөд урт хугацааны тохиролцоо бүрдээгүйг харуулсан хэрэг байлаа.

Түүнчлэн уулзалтад Илон Маск, Женсен Хуанг зэрэг технологийн салбарын нөлөө бүхий төлөөлөгчид оролцсон нь Вашингтон, Бээжин хоёрын өрсөлдөөний гол талбар эдийн засгаас илүүтэй технологи руу шилжсэнийг харууллаа. Хиймэл оюун ухаан, дэвшилтэт чип үйлдвэрлэл, газрын ховор элемент зэрэг асуудлаар хоёр талын байр суурь үндсэндээ өөрчлөгдөөгүй бөгөөд Америкийн тал үндэсний аюулгүй байдлын хүрээнд технологийн хязгаарлалтаа хадгалах бол Хятад технологийн хараат байдлаа бууруулах, тус салбар дахь бие даасан байдлаа бэхжүүлэх бодлогоо баримтална гэдгээ илэрхийллээ. Энэ нь хоёр улс эдийн засгийн харилцаагаа бүрэн таслах сонирхолгүй ч стратегийн ач холбогдол бүхий салбаруудад өөр өөрийн үндэсний ашиг сонирхлоо нэн тэргүүнд тавьж буй юм.

Тайвань: Хоёр талын харилцааны хамгийн эмзэг сэдэв

Хэдийгээр худалдааны асуудал олны анхаарлыг татсан ч уулзалтын хамгийн эмзэг хэсэг нь Тайванийн асуудал байв. Ши Жиньпин Тайванийг “Хятад–Америкийн харилцааны хамгийн чухал асуудал” хэмээн тодорхойлж, буруу зохицуулбал “мөргөлдөөн, бүр зэвсэгт сөргөлдөөнд хүрч болзошгүй” хэмээн анхааруулсан нь уулзалтын хамгийн хатуу мэдэгдлүүдийн нэг болсон.

Сүүлийн жилүүдэд Бээжин Тайванийн эргэн тойрон дахь цэргийн сургууль, ажиллагаагаа эрчимжүүлж, нөгөө талаас Вашингтон Тайпейд үзүүлэх цэрэг, зэвсгийн дэмжлэгээ нэмэгдүүлсэн нь бүс нутгийн аюулгүй байдлын орчныг улам тогтворгүй болгож байна. Энэ удаад Трамп Тайванийн тусгаар тогтнолыг дэмжихгүй гэсэн АНУ-ын уламжлалт байр суурийг илэрхийлсэн ч Тайванийг хамгаалах эсэх талаар зориуд тодорхой байр суурь илэрхийлсэнгүй. Энэ нь Бээжинтэй шууд сөргөлдөхөөс зайлсхийх оролдлого мэт боловч Тайвань болон АНУ-ын бүс нутгийн түнш орнуудын хувьд Вашингтон урт хугацаандаа тууштай түнш байх эсэх талаар эргэлзээ төрүүлэх магадлалтай юм. Учир нь Тайванийн аюулгүй байдал зөвхөн бүс нутгийн асуудал бус, АНУ-ын Ази дахь нөлөө, холбоотны итгэлцэлтэй шууд холбоотой юм.

Photo credit: Kenny Holston/The New York Times

Иран, Орос ба Хятадын тэнцвэртэй байр суурь

Энэ удаагийн дээд хэмжээний уулзалт зөвхөн хоёр улсын харилцаагаар хязгаарлагдсангүй. Ирантай холбоотой дайн, Ойрх Дорнодын тогтворгүй байдал, Орос–Хятадын стратегийн түншлэл зэрэг асуудлууд уулзалтын онцлох сэдвүүдэд багтлаа. 

АНУ, Израилын Ирантай хийж буй дайны улмаас дэлхийн нефтийн нийлүүлэлтэд эрсдэл үүсэж, эрчим хүчний үнэ өссөн нь Трампын засаг захиргаанд эдийн засаг, улс төрийн дарамт учирч байгаа энэ үед Вашингтон Бээжинг Иранд нөлөөлөх боломжтой тоглогч гэж харж байсан. Дональд Трампын зүгээс Бээжин Ираныг цөмийн зэвсэгтэй болохыг хүсэхгүй байгаа, мөн Ормузын хоолойг дахин нээх сонирхолтой гэж мэдэгдсэн ч Бээжин Вашингтоны хүссэн шиг ил тод дэмжлэг үзүүлсэнгүй. Хятад улс Ираны асуудалд АНУ-ын байр суурийг дэмжихээс зайлсхийсэн нь Ойрх Дорнод дахь өөрийн эдийн засаг, эрчим хүчний ашиг сонирхол болон стратегийн уян хатан байдлаа хадгалах бодлоготой холбоотой юм.

Учир нь Хятад Улс Ираны хамгийн том нефть худалдан авагчдын нэг төдийгүй АНУ-аас ялгаатай нь Ойрх Дорнод дахь нөлөөгөө илүү уян хатан, тэнцвэртэй бодлого явуулах замаар хадгалахыг эрмэлздэг. Үүнтэй зэрэгцэн Путиний удалгүй Бээжинд хийсэн айлчлал нь Москва–Бээжингийн стратегийн харилцааны ач холбогдол, хэр нягт харилцаатайг харуулсан дохио болов. Украин дахь дайнаас хойш ОХУ эдийн засаг, худалдааны хувьд Хятадаас улам хамааралтай болсон нь дэлхийн шинэ дэг журмыг тодорхойлж байна.

Монгол Улсад үзүүлэх боломжит нөлөө

АНУ–БНХАУ-ын харилцаанд гарч буй өөрчлөлт Монгол Улсын эдийн засаг, гадаад бодлогын орчинд шууд нөлөөтэй. Монголын экспортын гол зах зээл Хятад хэвээр байгаа бол АНУ нь “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд стратегийн чухал түншийн байр суурь эзэлдэг. Тиймээс Вашингтон, Бээжин хоёрын харилцаа тогтворжих эсэх нь Монголын эдийн засгийн орчин, хөрөнгө оруулалт, бүс нутгийн аюулгүй байдлын нөхцөл байдалтай салшгүй холбоотой юм.

Хэрэв АНУ–БНХАУ худалдаа, технологийн өрсөлдөөн даамжирвал дэлхийн нийлүүлэлтийн сүлжээ, түүхий эдийн үнэ, хөрөнгө оруулалтын урсгалд савлагаа үүсэх эрсдэлтэй. Харин харилцаа тодорхой хэмжээнд тогтвортой үргэлжилбэл бүс нутгийн худалдаа, уул уурхайн экспорт, логистикийн орчинд эерэг нөлөө үзүүлэх магадлалтай. Ялангуяа, газрын ховор элемент, стратегийн ашигт малтмалын нийлүүлэлт дэлхийн өрсөлдөөний төвд орж буй энэ үед Монгол Улс эдийн засгийн боломж, геополитикийн эрсдэл хоёрын тэнцвэрийг хадгалах шаардлагатай болно. Өөрөөр хэлбэл, их гүрнүүдийн өрсөлдөөн Монгол Улсын хувьд зөвхөн гадаад үйл явдал биш, харин эдийн засаг, аюулгүй байдал, гадаад бодлогын тэнцвэртэй байдлыг хангахад шууд холбоотой асуудал юм.

Дүгнэлт

Трампын Бээжинд хийсэн айлчлал нь томоохон шинэ хэлэлцээр байгуулсан уулзалт гэхээс илүүтэй АНУ, БНХАУ хоёр өрсөлдөөнийг хяналттай түвшинд барих сонирхолтой байгааг харуулсан үйл явдал боллоо. Тайванийн асуудал, технологийн хязгаарлалт, худалдааны маргаан зэрэг үндсэн асуудлууд шийдэгдээгүй хэвээр үлдсэн ч хоёр тал харилцаагаа муутгахаас зайлсхийж буй нь энэ удаагийн уулзалтын хамгийн гол үр дүн байв.

Өөрөөр хэлбэл, Бээжинд болсон уулзалтаар АНУ–БНХАУ-ын стратегийн зөрчлийг шийдвэрлэхэд чиглэсэн томоохон ахиц дэвшил гарсангүй. Харин хоёр их гүрэн өрсөлдөөнийг бүрэн таслах бус, тодорхой хүрээнд хязгаарлаж тогтворжуулахыг эрмэлзэж буй шинэ үе эхэлж байгааг харууллаа. Харин энэхүү “стратегийн тогтвортой байдал” хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй хэвээр байна.

Leave a comment