Э.Мөнх-Оргил

Монгол-Хятадын харилцаа чухал боловч хоёр талын эмзэг асуудалд институцийн хамгаалалт шаардлагатай

БНХАУ-тай найрсаг, тогтвортой, харилцан ашигтай харилцаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын эн тэргүүний зорилтын нэг мөн. Хятад бол манай мөнхийн хөрш, худалдааны хамгийн том түнш бөгөөд экспортын гол зах зээл болно. Монгол Улс 2025 онд БНХАУ-тай нийт 18.6 тэрбум ам.долларын худалдаа хийсэн ба энэ нь нийт экспортын 89 хувь, импортын 40.9 хувийг тус тус эзэлж байна. Иймээс Монгол, Хятадын харилцааг зөвхөн эрсдэл, болгоомжлол талаас харахын оронд бодит ашиг сонирхол, харилцан хамаарал, урт хугацааны тогтвортой байдлын хүрээнд авч үзэх нь зүйтэй.

Гэвч хөрштэйгөө найрсаг харилцах шаардлага нь Монгол Улсын төрийн шийдвэр гаргах орон зай, гадаад бодлогын тэнцвэр, үндэсний аюулгүй байдлын чадавхыг сулруулах үндэслэл болох ёсгүй. Ялангуяа, визийн бодлого, хил дамнасан хөдөлгөөн, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага дахь Монгол Улсын оролцоо зэрэг асуудлуудыг зөвхөн хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд авч үзэх нь учир дутагдалтай. Эдгээр нь үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, нийгмийн тогтвортой байдалтай шууд холбоотой юм.

Тиймээс Монголын тал Хятадтай харилцах харилцаагаа идэвхтэй, бодит үр дүнтэй хөгжүүлэхдээ эмзэг бөгөөд үр дагавар нь өргөн цар хүрээтэй асуудлыг албан ёсны зам сувгаар, тогтсон дүрэм журмын дагуу буюу холбогдох төрийн байгууллагын зохицуулалтын хүрээнд хэлэлцдэг байх нь зохистой. Монгол шиг жижиг улсад дипломат протокол, уулзалт, ярианы тэмдэглэл, албан ёсны орчуулга, Гадаад харилцааны яам (ГХЯ)-ны оролцоо зэрэг нь зүгээр нэг захиргааны хэлбэр төдий зүйл биш, харин төрийн бодлогын залгамж чанар, хараат бус байдал, үндэсний эрх ашгийг хамгаалах, түүхэн баримт болж үлдэх чухал механизм юм. 

Хятадын Элчин сайдын мэдэгдлүүд хоёр эмзэг асуудлыг хөндөв

Сүүлийн үед БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжуань хэвлэлд өгсөн ярилцлагадаа Монгол, Хятадын харилцааны хүрээнд хоёр эмзэг асуудлыг тогтмол хөндөх болов. Нэгдүгээрт, Хятад иргэдэд Монгол Улсад визгүй зорчих боломж олгох. Хоёрдугаарт, Монгол Улсын Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ) дахь оролцоог нэмэгдүүлэх буюу албан ёсны гишүүнээр элсэх асуудал болно.

Тодруулбал, Элчин сайд Шэнь Миньжуань 2024 оны 12 дугаар сард өгсөн ярилцлагадаа Монголд ирэх Хятадын жуулчдын тоо бусад хөрш орнуудтай харьцуулахад харьцангуй бага хэвээр байгаагийн нэг шалтгаан нь Хятад иргэдэд зориулсан визгүй зорчих бодлого байхгүйтэй холбоотой хэмээн тайлбарлаж, “Монгол Улсаас Хятадын жуулчдад зориулсан визийн бодлогыг хөнгөвчлөхийг тэсэн ядан хүлээж” буйгаа илэрхийлсэн. Мөн 2026 оны 3 дугаар сард Хятадын хөгжлийн ХV дахь таван жилийн төлөвлөгөөний талаар хэвлэлд мэдээлэл өгөхдөө тэрээр “Монголын тал Хятадын иргэдэд визгүй зорчих боломжийг олгож, Монголд ирж аялахад илүү хялбар болох нөхцөлийг бүрдүүлнэ гэж найдаж байна” хэмээн визийн асуудлыг дахин хөнджээ.

ШХАБ-ын тухайд Элчин сайд 2025 оны 9 дүгээр сард БНХАУ-ын Тяньжин хотноо болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын дараа хийсэн мэдээлэлдээ Монгол Улсын тус байгууллага дахь оролцоог нэмэгдүүлэх агуулгатай байр суурь илэрхийлсэн.

Аливаа улсын Элчин сайд улсынхаа бодлого, ашиг сонирхлыг тайлбарлах нь дипломат ажиллагааны нэг хэсэг. Тиймээс дээрх мэдэгдлүүдийг Хятадын талаас өөрийн ашиг сонирхлыг илэрхийлж буй хэвийн дипломат байр суурь хэмээн хүлээн авч болно. Харин Монголын хувьд визийн дэглэм, хил дамнасан хөдөлгөөн, ШХАБ дахь оролцоо зэрэг нь зөвхөн аялал жуулчлал, дипломат найрсаг харилцааны хүрээнд авч үзэх асуудлууд биш юм. Эдгээр нь аюулгүй байдал, үндэсний эрх ашигтай холбоотой, нухацтай авч үзэх бодлогын чанартай асуудлууд бөгөөд Хятадын талаас тавьж буй санал, санаачилгад ямар зарчим, шалгуураар хариу өгөх вэ гэдэг нь гол асуудал юм.

Визийн бодлого – Монгол Улсын бүрэн эрхийн асуудал

Дээр дурдсан эрсдэл хамгийн түрүүнд Хятад иргэдийг Монгол Улсад визгүй зорчуулах асуудал дээр тод харагдана. Аялал жуулчлалын салбарыг дэмжих, иргэд хоорондын солилцоог нэмэгдүүлэх, хил орчмын эдийн засгийн хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх нь Монгол Улсын хувьд чухал ач холбогдолтой. Хятад жуулчдын тоо нэмэгдэх нь аялал жуулчлал, үйлчилгээний салбар хийгээд орон нутгийн эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх нь дамжиггүй.

Гэвч хоёр улсын хүн амын тоо, зах зээлийн хэмжээ, хил дамнасан иргэдийн хөдөлгөөн эрс ялгаатай. Хятадын талаас “харилцан адил” эсвэл “найрсаг харилцааны хүрээнд” визгүй зорчих боломж олгох асуудлыг тавих боловч бодит байдал дээр үр нөлөө нь харилцан адилгүй юм. Манай улс эл асуудлаар шийдвэр гаргах тохиолдолд хил бүртгэл, оршин суух гадаад иргэдийн хяналт, хамгийн эмзэг нь олон нийт тухайн шийдвэрийг хэрхэн хүлээж авах уу гэдгийг сайтар тооцох хэрэгтэй.

Тухайлбал, 2025 оны жуулчдын тоо баримтаас харахад Монголд ирсэн гадаад жуулчдын дунд Хятад (28%) иргэд аль хэдийн хамгийн том бүлгийг бүрдүүлж, ОХУ (27%), БНСУ-ын (21%) жуулчид араас нь оржээ. ОХУ-ын иргэд хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Монгол Улсад 30 хоног визгүй зорчих эрхтэй бол БНСУ-ын иргэд аялал жуулчлалын зорилгоор 90 хүртэл хоногийн хугацаанд визийн шаардлагаас түр чөлөөлөгдсөн. Гэсэн хэдий ч визийн зөвшөөрөл шаардлагатай хэвээр байгаа Хятад иргэд Монголд ирсэн жуулчдын хамгийн том бүлгийг бүрдүүлсэн нь тус улсын жуулчдыг татахад визийн дэглэм саад болж байна уу гэдэгт дүгнэлт хийх хэрэгтэйг харуулна.

Мөн визийн бодлого нь богино хугацааны аялал жуулчлалаас гадна оршин суух зөвшөөрөл, хөдөлмөр эрхлэлттэй шууд холбогддог. 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар манайд 133 улсын 34,241 гадаадын иргэн албан болон хувийн хэргээр оршин сууж байгаагаас БНХАУ-ын 21,377 иргэн хувийн хэргээр оршин сууж байна. Энэ нь манайд оршин суугаа нийт гадаадын иргэдийн 62 хувь юм. Ийм нөхцөлд визгүй зорчих зохицуулалт нь төрийн хяналтын тогтолцоо, хөдөлмөрийн зах зээл, нийгмийн үйлчилгээний чадавхтай уялдсан бодлогын шийдвэр байх ёстой.

Тиймээс Хятад иргэдийг Монгол Улсад визгүй зорчуулах эсэх асуудлыг Хятадын талаас илэрхийлж буй “аялал жуулчлалыг дэмжих” эсвэл “хоёр талын найрсаг харилцааны” хүрээнд шийдэх боломжгүй юм. Визийн бодлого бол зөвхөн хил нээх тухай асуудал биш, харин төр өөрийн нутаг дэвсгэр дээр хэн, ямар нөхцөлөөр, ямар хугацаанд, ямар хяналттай зорчихыг зохицуулах бүрэн эрхийн асуудал гэдгийг анхаарах хэрэгтэй.

ШХАБ-ын асуудал ба Монгол Улсын гадаад бодлогын тэнцвэр

Монгол Улс 2004 онд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад ажиглагчийн статустай болсон бөгөөд энэ статусаа өнөөг хүртэл хадгалсаар ирсэн. ШХАБ-ын үндсэн чиглэл гишүүн орнуудын Засгийн газар хоорондын терроризм, шашны хэт даврах үзэл, салан тусгаарлах үзэлтэй тэмцэх хамтын ажиллагааг хөгжүүлэхэд гол төлөв анхаарч ирсэн бол сүүлийн жилүүдэд худалдаа, хөрөнгө оруулалт, дэд бүтцийн хөгжил зэрэг чиглэлээр үйл ажиллагааны хүрээгээ өргөжүүлж байна. 

Хятадын Элчин сайд Шэнь Миньжуань өнгөрсөн онд зохион байгуулагдсан ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын дараах мэдээлэлдээ БНХАУ Монгол Улсыг гишүүн орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, “нэг алхам урагшлан ШХАБ-ын их гэр бүлд улам бүр нэгдэж” ШХАБ-ын хөгжил болон бүс нутгийн интеграцид хувь нэмэр оруулахыг урьж байна хэмээн мэдэгдсэн. Ийнхүү Элчин сайд тус байгууллагын дүрэмд албан ёсоор өөрчлөлт ороогүй байхад хэвлэлийн хурал зарлаж дээрх мэдэгдлийг хийсэн нь Монгол Улсыг ШХАБ-д гишүүнээр элсэхийг тулгаж буй хандлагыг илтгэж байв.

Үүнээс гадна, ШХАБ дахь Монголын оролцоо, гишүүнчлэлийн асуудал төрийн өндөр дээд түвшинд авч үзэх стратегийн шийдвэр бөгөөд Монгол Улсын олон улс дахь байр суурь, аюулгүй байдлын орчин, гадаад бодлогын тэнцвэртэй байдалтай шууд холбогдоно. Гишүүнээр элсэх тохиолдолд Монгол Улс хоёр хөрштэйгөө хэр ойртох, гуравдагч хөршийн бодлогоо хэрхэн хадгалах, тухайн шийдвэр нь олон улсад ямар дохио өгөх үү зэрэг олон талаас нь ул суурьтай авч үзэх асуудал юм.

Дипломат идэвх ба Монгол төрийн эмзэг байдал

Элчин сайд өөрийн улсын бодлого, ашиг сонирхлоо илэрхийлэх нь дипломат ажиллагааны нэг хэсэг мөн. Аль ч улсын дипломат төлөөлөгч өөрийн улсын худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, бүс нутгийн хамтын ажиллагааны талаарх бодлого, байр сууриа тухайн суугаа улсад тайлбарлаж, дэмжлэг авахыг эрмэлздэг.

Гэвч сүүлийн жилүүдэд гадаадын Элчин сайд, дипломат төлөөлөгчид УИХ-ын гишүүд, яам, агентлаг, орон нутгийн удирдлага, улс төрийн хүрээний хүмүүстэй олон сувгаар идэвхтэй харилцах болсон. Энэ нь өөрөө хэвийн дипломат ажиллагааны нэг хэсэг боловч дипломат уулзалтаар стратегийн ач холбогдолтой бодлогын асуудал хөндөгдөх үед албан ёсны протокол, байгууллага хоорондын уялдаа урьд өмнөхөөс илүү чухал болно.

Үүнээс гадна, Элчин сайд Шэнь Миньжуань манай улс төрийн өндөр албан тушаалтнуудтай протоколгүй уулздаг гэх дам яриа улс төрийн хүрээнд гарч байсан удаатай. Өндөр түвшний уулзалтууд Монголын талын орчуулгагүй, холбогдох байгууллагын оролцоогүй, уулзалтын дараа албан ёсны санамж бичиг, тэмдэглэл үйлдэхгүй байх зэрэг нь үл ойлголцол үүсэх, ирээдүйд айлын талаас улс төр, дипломат дарамт шахалт үзүүлэх орон зай бий болгох магадлалтай.

Тухайлбал, визийн асуудлаар Хятадын талаас хэд хэдэн удаа мэдэгдэл хийсэн боловч ГХЯ-ны зүгээс нийтэд зориулж ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй нь талууд эл асуудлаар протоколгүй, магадгүй протоколтой харилцан тохиролцсон байж болзошгүй гэх хардлагыг иргэдэд төрүүлэхээр байна.

Ийм нөхцөлд Монгол төрийн дархлаа, гадаад бодлогын бие даасан байдал сүртэй тунхаглал гаргахдаа биш, өдөр тутмын дипломат ажиллагааны зөв зохистой хэрэгжилт, протокол, байгууллагын уялдаа холбоо дээр оршино. Тиймээс Монгол Улс гадаад түншүүдтэйгээ идэвхтэй харилцахын хэрээр эмзэг асуудлаар албан бус, тэмдэглэлгүй, хувь хүн төвтэй төрийн бодлого явуулах орон зайг хумих хэрэгтэй гэж үзнэ.

Уулзалтын тэмдэглэл, протокол, ГХЯ-ны зохицуулалт яагаад чухал вэ?

Өндөр түвшний дипломат уулзалтын үеэрх ярианы тэмдэглэл, дипломат протокол нь төрийн ой санамж, бодлогын залгамж чанарыг хадгалах, тухайн уулзалтад оролцсон албан тушаалтны байр суурийг буруугаар тайлбарлагдахаас сэргийлэх, хожим нь Монгол Улсын албан ёсны байр суурийг нотлон баталгаажуулах чухал хэрэгсэл байдаг. Ялангуяа визийн бодлого, олон улсын байгууллагын гишүүнчлэл, стратегийн дэд бүтэц, хөрөнгө оруулалт зэрэг чухал ач холбогдолтой асуудлаар уулзалт хийх тохиолдолд тухайн яриа ямар хүрээнд өрнөсөн, ямар байр суурь илэрхийлсэн, юуг тохиролцоогүй үлдээсэн зэрэг зүйлс бичгээр үлдэх ёстой.

Дипломат албаны тухай хуулийн 5.1.7-д гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь “Монгол Улсын нэгдмэл, залгамж чанартай гадаад бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, Монгол Улсын төр, засгийн албан ёсны байр суурийг илэрхийлэх” чиг үүрэгтэй гэж заасан. Иймээс дээрх асуудлаар ГХЯ-ны зохицуулалт шаардлагатай гэж үзэх нь төрийн хэвийн үйл ажиллагаанд нийцсэн шаардлага бөгөөд Монгол Улсын албан ёсны байр суурь, төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах чухал механизм юм.

Тиймээс хоёр талын эмзэг асуудлаар гадаадын дипломат төлөөлөгчидтэй хийх уулзалтад Монголын талын орчуулагч, холбогдох байгууллагын төлөөлөл оролцохын зэрэгцээ уулзалтын дараах албан тэмдэглэлийг ГХЯ хадгалдаг тогтолцоог бий болгох хэрэгтэй. Монголын төр зөвхөн бичгээр үлдсэн баримт бичиг, уулзалтын тэмдэглэл, баталгаажсан захидал харилцаанд үндэслэн байр сууриа илэрхийлдэг байх учиртай.

Бодлогын зөвлөмж

Төрийн дээд болон бусад албан хаагчид гадаадын дипломат төлөөлөгчтэй тодорхой асуудлыг шийдвэрлэхээр протоколгүйгээр харилцан тохиролцох явдал нь хууль зөрчиж буй явдал бөгөөд гаргасан шийдвэр нь төрийн албан ёсны шийдвэр бус, хувь хүний шийдвэр гэж тооцогдоно. Энэ асуудалд хариуцлага хүлээлгэдэг байх эрх зүйн орчныг бий болгох.

Түүнчлэн, УИХ-ын гишүүд, сайд, төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга зэрэг өндөр түвшний шийдвэр гаргагчдад дипломат уулзалтын протокол, мэдээллийн аюулгүй байдал, гадаадын дипломат төлөөлөгчидтэй харилцах талаар ГХЯ болон бусад холбогдох байгууллага тогтмол зааварчилгаа өгдөг байх.

Эцэст нь дүгнэхэд визийн бодлого, ШХАБ-ын гишүүнчлэлийн асуудал, өндөр түвшний дипломат уулзалт зэрэг нь Монгол төрийн бодлого, үндэсний эрх ашиг, гадаад бодлогын тэнцвэртэй шууд холбоотой. Монгол Улс БНХАУ-тай найрсаг, тогтвортой, үр өгөөжтэй харилцааг хөгжүүлэх нь манай гадаад бодлогод нийцэх хэдий ч аливаа хоёр улсын харилцаа ил тод, албан ёсны сувгаар хэрэгжих нь зохистой.

Leave a comment