Б.Туяа
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нарын зүгээс зах зээлийн үнээс хэт доогуур буюу хоёр дахин бага үнээр нүүрс худалдаалж байж болзошгүй Харбины гэрээг шалгах түр хороо байгуулах асуудлыг хөндөн тавьж буй.
Уг асуудалтай холбогдуулан гэрээг байгуулалцсан Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханы зүгээс: “Гэрээг Чалко компанийн нэгэн адил хөнгөлөлттэй үнээр байгуулсан” цаашлаад “Урд хөршөөс танайх өөрсдөө гуйж ирсэн, бид заавал танайхаас авах албагүй гэсэн байр суурь баримталж байгаа” гэсэн хариу мэдэгдлийг тус тус хийгээд байгаа билээ.
БНХАУ-ын дотоодын коксжих нүүрсний зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн нөхцөл байдлаас харахад Б.Дэлгэрсайханы мэдэгдэлд дурдагдсанчлан БНХАУ-ын тал манай улсаас нүүрс импортлохоо зогсоож, нийлүүлэлтийг бусад орноос орлуулах асуудал нь үндэслэл багатай юм. Харин Монголын тал одоогийн зах зээлийн давуу байдлаа ашиглан гэрээний үнийг өсгөх асуудлыг энэ онд багтаан хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байна.
БНХАУ-ын дотоодын зах зээл дэх коксжих нүүрсний эрэлт, нийлүүлэлтийн нөхцөл байдал
БНХАУ гангийн гол хэрэглэгчийн нэг болох үл хөдлөх хөрөнгийн салбарын уналтыг эс харгалзан 2020 оноос хойш жил бүр 1 тэрбум гаран тонн ган үйлдвэрлэж иржээ. Энэхүү 1 тэрбум тонн ган үйлдвэрлэхэд 2025 онд нийт 599.1 сая/тн коксжих нүүрс хэрэглэснээс 477 орчим сая/тн-ыг (нийт нийлүүлэлтийн 80%) дотоодоос, үлдсэнийг АНУ, Австрали, ОХУ, Монгол болон бусад улсаас импортолжээ.
Тус улс нүүрсний арвин их нөөцтэй ч нийт хэрэглээнийхээ 80 хувийг л хангаж байгаа нь нүүрс олборлож буй арга технологиос ихээхэн хамаарч байгаа юм. БНХАУ-ын ихэнх уурхай нь манай улсынх шиг ил уурхай бус, гүний уурхай тул олон жилийн туршид олборлолт явуулсны үр дүнд бүр илүү гүнээс нүүрс олборлох шаардлагатай болж буй. Энэ нь зардлыг өсгөх болсон төдийгүй уурхайн аюулгүй байдал алдагдаж осол гэмтэл ихээр гарах болжээ. Тиймээс төрөөс хатуу хяналт шалгалт явуулж уурхайн аюулгүй байдалд анхаарах болсон нь олборлолтын хэмжээ буурахад нөлөөлж байна. Тухайлбал, өнгөрсөн жилийн эхний хагаст дотоодын нийлүүлэлт их байснаас зах зээл дэх коксжих нүүрсний үнэ буурсан бол дээр дурдсан хяналт шалгалтын улмаас 2025 оны хоёрдугаар хагаст дотоодын нийлүүлэлт буурч, үнэ өссөн. Нөхцөл байдал 2026 онд ч хэвээр үргэлжилж, оны эхний 4 сарын байдлаар БНХАУ-ын 10 том уурхайн олборлолтын хэмжээ өмнөх оноос 0.4 хувиар буурч, эсрэгээр коксжих нүүрсний үнэ 50 юань/тн-оос 55 юань/тн болон өссөн нь он гарснаас хойш 4 дэх удаагийн өсөлт болов.
Цаашид коксжих нүүрсний уурхай шинээр ашиглалтад орохгүй, хуучин уурхайнуудын олборлолтын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлууд хэвээр байвал ирэх жилүүдэд Хятадын дотоодын нийлүүлэлт нийт эрэлтийн 80 хувиас ихгүй байх төлөвтэй байна.
Тиймээс эрэлтийн үлдсэн 20 хувийн хэрэглээг импортын нүүрсээр хангах шаардлага үүсч, гол нийлүүлэгч нь Австрали Улс, ОХУ, Монгол Улс болж байна.

Австрали Улс нь 2020 он хүртэлх хугацаанд БНХАУ-ын коксжих нүүрсний хамгийн том нийлүүлэгч байсан ч БНХАУ улс төрийн шалтгаанаар Австрали Улсын нүүрсний импортод хориг тавьж, нийлүүлэлтийг ОХУ, Монгол Улсын экспортоор орлуулах болсон. Харин 2023 оноос хоёр улсын харилцаа сайжирч коксжих нүүрс дахин экспортлох болсон ч нийт хэмжээгээр Монгол Улс, ОХУ-ын дараа 3-т орж байна.
Тус улс 2025 оны эхний 10 сарын байдлаар 20 орчим сая/тн нүүрс экспортолсон бол он гарсаар оны эхний 3 сард нийт 2.08 сая/тн нүүрс экспортолсон нь өмнөх жилийн мөн үеэс 8 хувиар өссөн үзүүлэлт юм. Гэвч АНУ-Ираны дайнаас шалтгаалсан газрын тосны үнийн өсөлтийн улмаас тус улсын коксжих нүүрсний үнэ өсөж экспортод сөргөөр нөлөөлөхөөр байна. Тиймээс Австрали Улс 2026 онд өнгөрсөн оны хэмжээнд буюу 20 сая/тн-оос илүүгүй нүүрс нийлүүлэх төлөвтэй.
ОХУ-ын хувьд Украйны дайнаас шалтгаалан экспортыг Азийн орнууд руу чиглүүлж, БНХАУ-д нийлүүлэх коксжих нүүрсний хэмжээг нэмэгдүүлж ирсэн. Тухайлбал, өнгөрсөн онд ОХУ нийт 32.8 сая/тн коксжих нүүрс нийлүүлсэн нь 2024 онтой харьцуулахад 7 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Улмаар тус улс 2026 он гарснаас хойш эхний гурван сард нийт 8.88 сая/тн коксжих нүүрс нийлүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 9 хувиар өссөн үзүүлэлт юм.
Энэ байдлаар тус улс цаашид нийлүүлэлтээ нэмэгдүүлэх бодлого баримталж байгаа ч дэд бүтцийн хангалтгүй байдал, тээврийн үнийн өсөлтөөс шалтгаалан нийлүүлэлтийн хэмжээг өнгөрсөн оны хэмжээнээс нэмэгдүүлэх боломжгүй байдал ажиглагдаж байна. Тухайлбал, ОХУ-ын төмөр замын компаниуд Ази руу чиглэсэн дэд бүтцийг өргөжүүлж чадаагүйн зэрэгцээ сүүлийн 50 жилийн туршид хангалттай хөрөнгө оруулалт хийгдээгүйгээс ачааны вагоны хүрэлцээ, чадамж хангалтгүй байна.
Мөн Ойрхи Дорнодын нөхцөл байдлаас шалтгаалан ОХУ-ын усан тээврийн үнэ 2 дугаар сарын сүүлээс 3 дугаар сарын дунд үе хүртэл 21-44 хувиар өсөж, цаашид ч өсөхөөр байгаа нь экспортын нүүрсний үнийг өсгөж, энэ нь БНХАУ-ын зах зээл дээр өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж байна.
Монгол Улсын нийлүүлэлт
Дээрх нөхцөл байдлаас харахад БНХАУ манай улсын нүүрсний нийлүүлэлтийг өөр улсаас орлуулах бодит боломж хязгаарлагдмал байна. Эсрэгээрээ, бусад улсын нийлүүлэлтийн дутууг манай улс нөхөх таатай нөхцөл байдал үүсч байна гэж харж байна.
Харин манай улсын хувьд 2025 оны эхний арван сарын хугацаанд нийт 47.11 сая/тн коксжих нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 0.5 хувиар буурсан үзүүлэлт боловч Монгол Улсын нийлүүлэлт БНХАУ-ын нийт импортын 50 хувийг эзэлж байв.
Энэ оны хувьд манай экспортын коксжих нүүрсний үнэ хямд, газар зүйн хувьд БНХАУ-тай шууд хиллэдэг, дизель түлшний үнийг 2026 он дуусах хүртэл тогтсон хэмжээнд барихаар байгаа зэрэг нь Монголын коксжих нүүрсний экспорт Хятадын импортын гол эх үүсвэр хэвээр байх таатай нөхцөл байдлыг бий болгож байна. Түүнчлэн эрэлт, нийлүүлэлтийн нөхцөл байдлаас шалтгаалан коксжих нүүрсний үнэ хэлбэлзэлтэй байх хэдий ч 2026 он дуусталх хугацаанд өнөөдрийн хүрсэн төвшнөөс буурах төлөв ажиглагдахгүй байна.
Гэсэн хэдий ч цаашид БНХАУ-ын гангийн үйлдвэрлэл, хэрэглээ хэлбэлзэлтэй байгааг дагаад коксжих нүүрсний эрэлт, нийлүүлэлт мөн хэлбэлзэх магадлалтай. Үүнээс гадна, олон улсын нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөх нь урьдчилан таамаглах боломжгүй тул өнөөгийн зах зээлийн таатай энэ үеийг ашиглан Монгол Улсын Засгийн газар 2026 онд багтаан Харбины гэрээг хэлэлцэж, зохих өөрчлөлт оруулах нь илүү оновчтой гэж үзнэ.


Leave a comment