Б.Туяа
Монгол Улс бусад улс орнуудтай худалдааны гэрээ хийхдээ өөрт байгаа давуу талаа бүрэн тодорхойлж хэлэлцээрт орж чаддаггүй нь гэрээний үнэ тохирох үед нөлөө үзүүлж алдагдалтай гэрээ хийхэд хүргэдэг.
Манай ард иргэдийн дунд “Хятад бол том улс, бид тэднийг яаж ч чадахгүй” гэсэн ойлголт нийтлэг байгаа төдийгүй улс төрчдийн зүгээс ч энэхүү ойлголтыг ашиглан өөрсдийн шийдвэрийн алдааг далдлахыг эрмэлзэж байгаа нь Харбины гэрээтэй холбогдуулан хийж буй мэдэгдлүүдээс харагддаг.
Гэтэл бодит байдал дээр БНХАУ-ын 2049 он гэхэд дэлхийд тэргүүлэх армитай болох зорилт, түүнтэй уялдсан зэвсгийн үйлдвэрлэл, гангийн салбарын нийлүүлэлтэд манай улсын коксжих нүүрсний экспорт тодорхой хэмжээгээр нөлөөлөхүйц ач холбогдолтой буюу хамааралтай болж байгааг олон нийт хангалттай мэдэхгүй байна.
Монгол Улс БНХАУ-ын хувьд тусгаар тогтнолын нэг баталгаа болох зэвсэг үйлдвэрлэлд нэн шаардлагатай коксжих нүүрсний орлуулшгүй нийлүүлэгч болж байгаа нь тус улстай хэлэлцээр хийх үед бидэнд давуу тал болж байна.
Үүнийг ойлгохын тулд манай улсаас коксжих нүүрс импортлогч Хятадын төрийн өмчит зэвсэг үйлдвэрлэгч компани болох Норинко компанийн нүүрс импорт ба зэвсэг үйлдвэрлэлийн нөхцөл байдал, цаашлаад БНХАУ-ын гангийн үйлдвэрлэлийн чиг хандлага, төрөөс хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаан дахь Монгол Улсын нүүрсний нийлүүлэлтийн талаар тайлбарлах шаардлагатай.
БНХАУ-ын төрийн өмчит зэвсэг үйлдвэрлэгч Норинко компанийн талаар
Хуурай замын цэргийн зориулалттай зэвсэг техник, сум үйлдвэрлэдэг Норинко компани нь зэвсгийн экспортын ашгаар дэлхийн тэргүүлэх 146 компаниас 7 дугаарт эрэмбэлэгддэг, БНХАУ-ын зэвсэг үйлдвэрлэгч 4 том компанийн нэг. Стокольмын Олон улсын энх тайвны судалгааны хүрээлэн SIPRI-ийн олж тогтоосноор Норинко компани 2022 онд зэвсгийн худалдаанаас 27 хувийн ашиг олж байсан ба нийт ашгийн 1/3 нь зэвсэг үйлдвэрлэлээс гаралтай байна.
Тус компанийн Удирдах зөвлөлийн дарга болон Цэргийн хэлтсийн даргыг авлигын хэрэгт холбогдуулан огцруулсны улмаас зэвсгийн экспортын ашиг нь 2024 онд 31 хувиар буурсан нь БНХАУ-ын тухайн онд олсон зэвсгийн экспортын нийт ашиг буурах гол хүчин зүйлсийн нэг болсон. Энэ нь Норинко компанийн БНХАУ-ын батлан хамгаалах салбарт эзлэх байр суурь хэчнээн өндөр болохыг харуулна.
Норинко компани эртнээс манай улсаас нүүрс импортолж байгаа ч хэзээнээс, хэдэн тонн нүүрсийг ямар үнээр авч байсан тухай мэдээ, мэдээлэл байхгүй байна. Харин мэдэгдэж байгаагаар 2022 онд Нүүрс баяжуулах үйлдвэр болон Газрын тосны хоолой барьсны төлбөрт нь 6 сая тонн нүүрс (төрөл тодорхойгүй) импортлох гэрээг Эрдэнэс Тавантолгой ХК-тай байгуулж байжээ. Улмаар тус компани Харбины гэрээний нэг оролцогч болж цаашид ч нүүрс худалдан авах аж.
Харбины гэрээний үндсэн оролцогч болох Чайна Энержи компани төмөр зам барих асуудлаар анхнаасаа манай улстай харилцаж 7.1 тэрбум юань зарцуулаад байсан ч уг асуудал олон жил гацаж алдагдлын хэмжээ өссөөр байсан. Харин энэ хугацаанд Норинко компани ямар ч оролцоогүй явж ирсэн ч гэнэт л Харбины гэрээний хүрээнд нүүрс худалдан авахаар болсон нь стратегийн өндөр ач холбогдолтой тус компанийн түүхий эдийн нийлүүлэлтийн найдвартай байдлыг хангах БНХАУ-ын төрийн бодлого тусгалаа олсныг харуулж байна.
Тус компани манай улсаас нүүрс импортлох болсон нь зэвсэг үйлдвэрлэдэг төв салбар болох “Inner Mongolia First Machinery Group Corporation” хилийн дөнгөж цаана буюу ӨМӨЗО-ны Бугат /Baotou/ хотод байрладагтай холбоотой. Энэхүү үйлдвэрт үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн нь зөвхөн хуурай замын цэрэгт төдийгүй БНХАУ-ын ХАЧА-ийн тэнгисийн болон агаарын цэрэг, сансрын хүчин зэрэг бүх салбарт, түүнчлэн цагдаа, терроризмын эсрэг тэмцэх бүлэг зэрэг иргэний зориулалттай бусад салбарт ч ашиглагддаг тул тус компанид нийлүүлдэг Монгол Улсын коксжих нүүрсний экспортын ач холбогдол өндөр юм.
Үүнээс харвал манай улсын нийлүүлэлт зогсох нь дээр дурдсан 2024 оны авлигын хэргийн улмаас ашиг буурснаас ч илүү алдагдлыг Норинко компанид, цаашлаад БНХАУ-д учруулах бодит эрсдэл дагуулахаар байгаа юм.
БНХАУ-ын гангийн салбар ба коксжих нүүрсний стратегийн ач холбогдол
БНХАУ-ын гангийн салбар 2020 он хүртэлх хугацаанд иргэний зориулалттай бүтээгдэхүүн түлхүү үйлдвэрлэж байсан ч тус улсын үл хөдлөх хөрөнгийн салбар уналтад орсноор гангийн салбар төдийгүй түүнийг дагасан олон салбарын үйл ажиллагаа уналтад орж, энэ нь эдийн засагт асар их хохирол учруулахаар байв. Энэ үед тус улсын дарга Ши Жиньпиний 2049 он гэхэд Хятадын армийг дэлхийн тэргүүлэх армийн нэг болгох 2017 онд хийсэн мэдэгдлийг ажил хэрэг болгох асуудал удаашралтай байсан нь давхцаж, Хятадын эрх баригчид гангийн салбарыг иргэний үйлдвэрлэлээс зэвсэг үйлдвэрлэлийн салбар болгон хөгжүүлэх замаар нэг сумаар хоёр туулай буудах шийдвэрт хүрсэн байдаг.
Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхийн тулд БНХАУ 2021 онд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж стратегийн ач холбогдолтой эрдсүүдийн тоог 24 байсныг 36 болгон нэмэгдүүлсэн бөгөөд нэмэгдсэн эрдсүүд нь хэрэглээний хувьд зэвсгийн зориулалттай ган болон өндөр технологийн зэвсэг үйлдвэрлэхэд ашиглагддаг эрдсүүд байснаараа онцлог байв. Тухайлбал, манган, ванади, ниоби нь зэвсгийн зориулалттай гангийн хайлш бэлтгэх нэг орц болдог бол рени, хафниумыг онгоцны хөдөлгүүр болон хийн турбин хийхэд ашигладаг.
Улмаар энэ хугацаанд БНХАУ-ын зэвсгийн импорт буурч, экспорт нэмэгдсэн нь армийн зэвсэглэлийг дотоодын нийлүүлэлтээр хангаж импортын зэвсгийг хэрэглээнээс хасах, улмаар зэвсгийн экспортыг нэмэгдүүлэх замаар ашиг олж эдийн засгийг тэтгэх зорилттой холбоотой юм. Үр дүнд нь Хятадын зэвсгийн импорт 2020-2024 оны хугацаанд хамгийн өндөр импорт хийгдсэн 2010 онтой харьцуулахад 64 хувиар буурсан бол экспортын хувьд тус улс 2023 оны байдлаар дэлхийн зэвсгийн худалдааны 5.8 хувийг нийлүүлж, АНУ, БНФУ, ОХУ-ын дараа 4-т орох болжээ.
Ингэснээр 2016 оноос БНХАУ-ын стратегийн ач холбогдолтой элементийн жагсаалтад багтаж байсан коксжих нүүрс 2021 оноос жинхэнэ утгаараа БНХАУ-ын стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүнд тооцогдох болов.
Дээрх хугацаанд Монгол Улсын коксжих нүүрсний экспортын хэмжээ тасралтгүй өсөж ирсэн бөгөөд ийнхүү түүхэн эмзэг харилцаатай ирсэн өмнөд хөршийн өнгөрсөн 5 жилийн хугацаанд батлан хамгаалах хүчин чадлаа эрчимтэй нэмэгдүүлэх эрмэлзэлд нь Монгол Улс жил бүрийн шаардлагатай хэрэглээний 10 хувийн коксжих нүүрсийг нийлүүлж хувь нэмэр оруулж иржээ. Нөгөө талаар БНХАУ-ын зэвсгийн зориулалттай гангийн үйлдвэрлэл нь 10 хувиар Монгол Улсаас хамааралтай болсон байна.
Монголын нүүрсийг орлох БНХАУ-ын боломж хязгаарлагдмал
Монгол Улсын экспорт нь БНХАУ-ын коксжих нүүрсний импортын гол бөгөөд орлуулшгүй эх сурвалж болох талаар өмнөх нийтлэлд дурдсан. Гэвч саяхан БНХАУ-ын Шаньси мужид болсон уурхайн осол манай улсад илүү давуу байдал олгов. Нөхцөл байдлыг дэлгэрүүлэн тайлбарлавал:
БНХАУ жилд 1 тэрбум гаран тонн ган үйлдвэрлэхийн тулд дотоодоос нийт хэрэглээний дээд тал нь 80 хувь буюу 477 сая орчим тонн коксжих нүүрс хангаж ирсэн. Хэрэглээг бүрэн хангаж чадахгүй байгаа нь тус улсын ихэнх уурхай нь манай улсынх шиг ил уурхай бус, гүний уурхай тул олон жилийн туршид олборлолт явуулсны үр дүнд бүр илүү гүнээс нүүрс олборлох шаардлагатай болж буй. Энэ нь зардлыг өсгөх болсон төдийгүй уурхайн аюулгүй байдал алдагдаж осол гэмтэл ихээр гарах болсонтой холбоотой. Улмаар тус улсын коксжих нүүрсний 20.1 хувийг нийлүүлдэг Шаньси мужид гарсан осолтой холбогдуулан тус мужид олборлолт хийдэг уурхайнуудын үйл ажиллагааг бүхэлд нь зогсоож хяналт, шалгалтын ажил явуулж байгаа нь оны үлдсэн хугацаанд дотоодын нийлүүлэлтийн хэмжээ буурах үндсэн нөхцөл болж байна. Ингэснээр тус улсын дотоодын нийлүүлэлт 2026 онд нийт эрэлтийн 70 орчим хувийг хангах төлөвтэй байгаа ба энэ хэмжээ цаашид ч хадгалагдаж болзошгүй.
Австрали Улс 2025 оны эхний 10 сарын байдлаар 20 орчим сая/тн нүүрс экспортолсон нь нийт нийлүүлэлтийн 16 орчим хувь болж байв. Өмнө нь Австрали Улс нь БНХАУ-ын коксжих нүүрсний дийлэнх хэсгийг нийлүүлдэг байсан бол БНХАУ-аас хэрэгжүүлсэн албан бус хориг арга хэмжээний үеэр шинэ худалдан авагчтай болж зах зээлээ төрөлжүүлж чадсан, мөн ОХУ болон Монгол Улс Австралийн нийлүүлэлтийг орлох болсон. Түүнчлэн тус улсын экспортын коксжих нүүрсний үнэ харьцангуй үнэтэй байгаатай холбоотой сүүлийн жилүүдэд нийлүүлэлтийн дээд хэмжээ 16 хувиас хэтрээгүй байна. Улмаар энэ оны байдлаар тус улс олборлолтын зардал өндөр байгаагийн улмаас 2 ч уурхайн үйл ажиллагааг зогсоосон, хур тунадас их орж байгаагаас нүүрс олборлолтын бүс нутаг дахь уурхайнууд тогтвортой үйл ажиллагаа явуулж чадаагүй зэрэг шалтгаанаар 2026 онд нийлүүлэлтээ нэмэгдүүлэх боломжгүй байна. Тус улсын коксжих нүүрсний үнэ 2026 оны 6 дугаар сарын 2-ны байдлаар 190 ам.доллар/тн байна.
ОХУ-ын хувьд коксжих нүүрсний импортын 27 орчим хувийг нийлүүлдэг. Гэвч дэд бүтцийн хангалт муу, газрын тосны үнэ өсөж байгаагаас шалтгаалан далайгаар тээвэрлэх экспортын нүүрсний үнэ дагаад өсөж байгаа, түүнчлэн олборлогч компаниуд нүүрсний томоохон уурхайнуудаасаа 6,000 км замыг туулан, манай улсын хойгуур тойроод БНХАУ-д нүүрс нийлүүлж байгаа нь тээврийн өртгийг хэт өсгөж байгаа тул манай улстай өрсөлдөхүйц хэмжээгээр нүүрс нийлүүлэх боломжгүй байна. Тус улсын коксжих нүүрсний үнэ 6 дугаар сарын 2-ны байдлаар 167 ам.доллар/тн байна.
Эдгээр бодит шалтгаануудаас гадна Австрали болон ОХУ-ын экспортын нүүрс далайгаар тээвэрлэгддэг нь Ормузын хоолойн нэгэн адил олон улсын улс төр, геополитикийн шалтгаанаар нэг л өдөр тасалдах эрсдэлтэй. Энэ тохиолдолд БНХАУ-ын хувьд нийлүүлэлтийн боломжит өөр эх сурвалж байхгүй тул Монгол Улсын нийлүүлэлт 20-30 хувь болон өсөх магадлалтай. Энэ тохиолдолд хэлэлцээрийн үед манай улс илүү давуу талтай болох юм. Чухам энэ нөхцөл байдал нь БНХАУ-ын дарга Ши Жиньпиний Монгол Улсад айлчлах гол шалтгааны нэг болж, айлчлалын үеэр Хятад Улс манай улсаас урт хугацаанд, тасралтгүй, маш хямд үнээр нүүрс худалдан авах тухай асуудал яригдах өндөр магадлалтай.
Нүүрсний үнийн хэлэлцээнд Монгол Улсын баримтлах байр суурь
БНХАУ-ын зэвсгийн үйлдвэрлэл XV таван жилд улам эрчимжих төлөвтэй байна. Өнгөцхөн дүгнэхэд тус улсын зэвсгийн үйлдвэрлэл эрчимжих хэрээр түүхий эдийн эрэлт, үнэ өсөж, энэ нь манай улсад ашигтай байхаар байна. Гэвч XV таван жилийн төлөвлөгөөнд нийцүүлэн 2024 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр баталсан Ашигт малтмалын тухай хуулийн 9-р зүйлд өмнө нь муж бүр өөрийн эдийн засгийн ашиг сонирхлын хүрээнд стратегийн ач холбогдол бүхий минералтай холбоотой бүх төлөвлөлт (нөөц бүрдүүлэлт, хуваарилалт, үнэ зэрэг)-ийг хийдэг байсныг гадаад орны нөлөөллөөс ангид байлгах, нөөцийн хуваарилалтыг үр ашигтай зарцуулах зорилтын хүрээнд одоо уг асуудлыг БНХАУ-ын Төрийн зөвлөл эцэслэн шийдвэрлэх болсон байна. Өөрөөр хэлбэл, Хятадын Төрийн зөвлөл нь стратегийн ач холбогдолтой элементийг импортлох үнийг тогтооно гэсэн үг. Ингэснээр өмнө нь зах зээлийн зарчмаар өсөж, буурч байсан уул уурхайн бүтээгдэхүүний үнэ нийлүүлэгчийн сонирхлыг үл харгалзан Хятадын төрөөс тогтоосон үнэд нийцсэн байх нөхцөл бүрджээ.
Цаашлаад Хятадын энэхүү эрх зүйн зохицуулалт нь Харбины гэрээний үнэд нөлөөлсөн байх магадлалтай юм. Тухайлбал, цаг хугацааны мөчлөгөөс харвал дээр дурдсан зохицуулалт 2024 оны 11 дүгээр сараас үйлчилж эхэлсэн байдаг. Энэ хугацаанд буюу тус оны 11 дүгээр сарын 4-7-ны өдрүүдэд тухайн үеийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчилсан. Үүний дараа 12 дугаар сарын 27-нд Харбины гэрээ байгуулах тухай Монгол Улсын Их Хурлын 58-р тогтоол батлагдсан. Хэвлэлийн мэдээнүүдээс харвал хэлэлцэгч талууд өмнө нь зах зээлийн үнээс 5 хувиар бага үнээр нүүрс худалдан авах тухай яригдаж байсан ч гэнэт 50 хувиар бага үнээр худалдаалахаар болсон гэдэг нь уг гэрээ байгуулагдах үед БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс гэрээний дагуу худалдан авах нүүрсний үнийг тогтоочихсон байсан байх магадлалтай бөгөөд тухайн үнээр гэрээ байгуулах шахалтыг манай улсад үзүүлсэн байхыг үгүйсгэхгүй. Үүнээс үзвэл БНХАУ-ын цаашид ч худалдан авах нүүрсний үнэ тус улсын Төрийн зөвлөлөөс тогтоосон үнэд нийцсэн байх шаардлагатай болж болзошгүй бөгөөд энэ нь Харбины гэрээний үнийн хэмжээтэй ижил буюу манай улсад маш ашиггүй юм.
Тиймээс Ши Жиньпиний айлчлалын үеэр манай улсын эрх баригчид экспортын нүүрсний үнийг зах зээлийн үнэд нийцүүлэх зарчмыг баримталж, ямар үнээр зарах төсөөллийг урьдчилан тооцоолсон байх шаардлагатай. Хэрэв Хятадын талаас Харбины гэрээний нэгэн адил үнээр нийлүүлэх санал тавих тохиолдолд манай улсын зүгээс гэрээ байгуулахгүй байх байр суурь баримтлах нь Хятадын талд шахалт үзүүлэх хэрэгсэл болохыг Монгол Улсын төр засаг анхааралдаа авах нь зүйтэй.
Цаашид нүүрсний экспортыг стратегийн нөлөөллийн хэрэгсэл болгохын тулд эдийн засгийн эрсдэлийн удирдлагын цогц төлөвлөгөө боловсруулах шаардлагатай. Үүнд, Хятадын талаас ямар хариу арга хэмжээ авч болох, экспорт тасарснаас үүдэх санхүүгийн алдагдлыг хэрхэн орлуулах, төсвийн алдагдлыг хэрхэн нөхөх зэрэг асуудлууд багтана. Түүнчлэн одоо цагт улс орнууд өргөнөөр ашиглах болсон хориг арга хэмжээний хувилбарыг ч бодож үзэх нь зүйтэй.
Тодорхой хугацаанд бүх экспорт, импорт хаагдаж байсан Ковидын үеийнх шиг тэсэн гарч, үр дүнд нь уул уурхайн бүтээгдэхүүнээ удаан хугацаанд зах зээлийн үнээр зарах тохиролцоонд хүрсэн нь дээр үү, эсхүл удаан хугацааны туршид маш бага үнээр уул уурхайн бүтээгдэхүүнээ зарж алдагдал хүлээсэн нь дээр үү гэдгийг бодох л асуудал.


Leave a comment