Японы “Никкэй” байгууллагаас жил бүр зохион байгуулдаг “Азийн ирээдүй” олон улсын чуулга уулзалт Токио хотноо зохион байгуулагдаж байна. Ази, Номхон далайн бүс нутгийн улс төр, эдийн засаг, эрдмийн хүрээний томоохон төлөөлөл цуглаж бүс нутгийн сорилтууд, Ази тивийн дэлхий дахинд гүйцэтгэх үүргийн талаар санал солилцдог энэхүү форумд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг илтгэгчээр оролцож, Монгол Улсын гадаад бодлогын байр суурийг илэрхийлэв. Чуулганаар эдийн засгийн өсөлт, худалдаа, хөрөнгө оруулалт төдийгүй геополитикийн өрсөлдөөн, аюулгүй байдал, нийлүүлэлтийн сүлжээний эрсдэл, эрчим хүчний шилжилт, уур амьсгалын өөрчлөлт, хиймэл оюун зэрэг олон асуудлыг хэлэлцэж байна.
Олон улсын сөргөлдөөнд зөвхөн нэг талыг барьж туйлшрахгүй, бүх талтай тэгш харилцаж ойлголцлын сувгийг нээлттэй байлгах, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалахад өөрийн хувь нэмрийг оруулах эрмэлзэлтэй Монгол Улсын дуу хоолой бүс нутгийн тавцанд жин нөлөө нь нэмэгдэж байгаа. Монгол Улсын гадаад бодлогыг гадаад, дотоодын ажиглагчид заримдаа тэнцвэртэй гадаад бодлого, заримдаа төвийг сахисан бодлого гэж тодорхойлдог. Гэвч сүүлийн 4-5 жил манай байр суурь зөвхөн тэнцвэрийг хадгалж төвийг сахих, олон улсын харилцааны өрнөлийг анхааралтай ажиглах төдийгөөр хязгаарлагдахгүй, идэвхтэй төвийг сахисан хандлага руу шилжиж байна гэж харж болно. Арай илүү өргөн хүрээнд, арай өндөр хариуцлагын түвшинд энэ бодлогыг “идэвхтэй төв голч бодлого” гэж тодорхойлж болох юм.
Идэвхтэй төв голч бодлого (Proactive Neutral Policy) гэдэг нь аливаа сөргөлдөөнөөс ангид тусгаар байхыг эрмэлзсэн идэвхгүй, үлбэгэр сул байр суурь биш, нэг талыг баримталж туйлшрахгүй хэрнээ ойлголцол итгэлцэл, яриа хэлэлцээний гүүр болж бүс нутгийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэсэн хариуцлагатай сонголтын илэрхийлэл болно.
Энэ бодлогын тод илрэл бол саяхан Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” юм. Энэ яриа хэлэлцээ Монгол Улс бүс нутгийн ээдрээтэй асуудлыг зөвхөн анхааралтай ажигладаг улс биш, харин итгэлцлийг бэхжүүлэх, яриа хэлэлцээний сувгийг хадгалах, аюулгүй байдлын нийтлэг сорилтуудыг нээлттэй хэлэлцэх олон улсын индэр байх боломжтойг харууллаа.
Зүүн хойд Ази дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай, өндөр хөгжсөн технологийн төвүүдтэй атлаа бүс нутгийн аюулгүй байдлын нэгдсэн механизм байдаггүй онцгой бүс нутаг. Солонгосын хойгийн асуудал, их гүрнүүдийн стратегийн өрсөлдөөн, цөмийн зэвсгийн эрсдэл, түүхэн үл ойлголцол, шинэ технологийн аюулгүй байдлын сорилт зэрэг олон хүчин зүйл энэ бүс нутгийн тогтвортой байдлыг эмзэг хэврэг байлгадаг. Ийм нөхцөлд Монгол Улс сөргөлдөгч талуудын хооронд яриа хэлэлцээ өрнүүлэх боломжийг үргэлж нээлттэй байлгахыг зорьдог. Монгол Улс цөмийн зэвсэггүй статустай, хоёр хөрш болон гуравдагч хөршүүдтэйгээ найрсаг харилцаатай, олон улсын эрх зүй, НҮБ-ын Дүрэм, энх тайвны зарчмыг дээдэлдэг улс. Ийм байр суурь нь Монгол Улсыг сөргөлдөөний аль нэг тал бус, харин итгэлцэл хөгжүүлэх боломжтой талбар болгодог.
Никкэйн “Азийн ирээдүй” 31 дэх форумын энэ жилийн “Илүү уян хатан, хөгжин цэцэглэсэн Азийн төлөө хамтран ажиллах нь” гэдэг сэдэв Монгол Улсын гадаад бодлогын сүүлийн үеийн чиг хандлагатай уялдаж буй юм. Уян хатан гэдэг нь зөрчилдөөнийг даамжруулагч бус, зохицуулах чадвартай байх гэсэн санаа агуулсан бол хөгжин цэцэглэсэн гэдэг зөвхөн эдийн засгийн өсөлтийг хэлсэнгүй, хямралыг хамтын хүчээр даван туулж, ирээдүйгээ хамтдаа бүтээх чадвартай Ази гэдэг утгыг илэрхийлнэ.
Монгол Улсын хувьд Азийн ирээдүй зөвхөн том эдийн засагтай том гүрнүүдийн шийдэх асуудал биш, бүс нутгийн итгэлцэл, ойлголцол, дипломат сувгийг нээлттэй байлгахад жижиг улс орнууд ч чухал үүрэгтэй тул Азийн улс орнуудын хамтын хүчин чармайлтын үр дүн байх ёстой. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Никкэйн энэ удаагийн форумд үг хэлж оролцсон нь Монгол Улсын гадаад бодлогын зарим үндсэн мессежийг олон улсын тавцанд тодотгох боломж олгов. Монгол Улс энх тайвныг зөвхөн тунхагладаггүй, харин бодитоор дэмжиж яриа хэлэлцээний олон талт тогтвортой механизм бий болгох арга замуудыг эрэлхийлдэг. Монгол Улс төвийг сахина гэдэг нь идэвхгүй байр суурь биш, сөргөлдөөнийг итгэлцэл, ойлголцлоор зохицуулах чадавхтай олон улсын яриа хэлэлцээний индэр байх эрмэлзэл мөн. Монгол Улс тэнцвэртэй гадаад бодлого баримтална гэдэг нь аливаа эрсдэлээс зөвхөн өөрийгөө хамгаалаад зогсохгүй, бүс нутгийн тогтвортой байдалд идэвхтэй хувь нэмэр оруулна гэсэн үг.
Өнөөдөр Ази тивд хамгийн хэрэгтэй зүйл нь зөвхөн дэд бүтцийн хөгжил, хөрөнгө оруулалт, эсвэл шинэ технологи төдийгүй, итгэлцэл, ойлголцол, хамтын ажиллагааны шинэ соёл, үүрэг хариуцлагын шинэ тогтолцоо гэдгийг Б.Батцэцэг сайд илтгэлдээ дурдаж, Азийн ирээдүйг бүтээх үйл хэрэгт Монгол Улс өөрийн түүх, газарзүйн байрлал, дипломат уламжлал, энх тайванч гадаад бодлогоороо хувь нэмрээ оруулах боломжтойг онцоллоо.
Улаанбаатарын яриа хэлэлцээнээс Токиогийн Никкэй форум хүртэл үргэлжилж байгаа энэ дипломат шугам Монгол Улсын гадаад бодлого тогтвортой, тэнцвэртэй, идэвхтэй байгаагийн илэрхийлэл төдийгүй Монгол Улс итгэлцэл, ойлголцлын гүүр болж энх тайван, тогтвортой байдлын төлөө дуу хоолойгоо дэлхий нийтэд хүргэх гэсэн эрмэлзлийн нотолгоо юм.
Монгол Улсын идэвхтэй төв голч бодлого дэлхийн энх тайван, бүс нутгийн тогтвортой байдалд жижиг улс ч бодит хувь нэмэр оруулж чаддагийг харуулахын зэрэгцээ Монгол Улс байдаг л нэг далайд гарцгүй ‘landlocked’ орон биш, бүс нутгийнхаа интеграцчлалд өргөн далайцтай, гүнзгий оролцсон ‘landlinked’ улс болох гадаад бодлогын томоохон зорилт болж хэрэгжинэ. Энэ зорилтыг хэрэгжүүлэх бодит ажлууд цаашид хэрхэн өрнөж, ойрын үед ямар үр дүнд хүрэх нь өндөр дээд хэмжээний айлчлалууд, Гадаад харилцааны яамны бодлогын залгамж чанар, бүс нутгийн болон олон талт дипломат санаачилгуудын үр дүнгээс хамаарна.


Leave a comment